Бүгд Найрамдах улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-ныг дахин Нийтээр тэмдэглэх баярын өдөр билээ. 

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал юм.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.

Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ.

Иймд он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй энэ түүхэн үйл явдал бол 1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр тохиож Монголын түүхэнд бичигдэж үлдсэн юм.

Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хууль мэндэлсэн, хамжлагат ёсыг халан хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжсэн баярыг монголчууд хотол олноороо тэмдэглэх нь ихээхэн ач холбогдолтой юм. Дэлхийд данстай бүх улс дотоодын хэм хэмжээг зохицуулах тулгуур хуультай, тэрхүү хуулийг батлан мөрдсөн өдрийг ард нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Манай улс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай ч 2012 оноос уг өдрийг "тэмдэглэлт өдрийн" түвшинд өнгөрөөх болсон юм. Энэ нь түүхийн чухал үйл явдлыг ач холбогдлыг багасгаж, түүх уламжлалыг бүдгэрүүлэх алдаатай шийдвэр болсныг  ард иргэд шүүмжлэн, эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлж байсан билээ.

Тиймээс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг "Нийтээр тэмдэглэх баярын өдөрт" болгон сэргээж хуульчлахаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж  2015 оны 11 дүгээр сард УИХ-д өргөн барьсан юм.

Уг саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжиж, 83,7 хувийн саналаар хуулийг баталлаа. Уг хууль батлагдаж буйтай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуульд мөн өөрчлөлт оруулж батлав.

Ингээд уг хууль батлагдсанаар жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг "Улс тунхагласны баяр" хэмээн зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Харин энэ жилийн хувьд "Улс тунхагласны баяр"-ын өдөр ням гарагт буюу амралтын өдрөөр тохиож байна.

 

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд "нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг, “нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр” гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг тооцож байгаа юм.

 

Нийтээр тэмдэглэх баярын өдөрт: 

 

- Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;

- Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;

- Шинэ жил: 1 дүгээр сарын 1;

- Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;

- Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.

- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.

- Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.

- Бүгд Найрамдах улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26 - ныг тооцон тэмдэглэн өнгөрүүлж байна. 

 

Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөрт:

 

- Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр: 1 дүгээр сарын 13;

- Монгол цэргийн өдөр: 3 дугаар сарын 18;

- Эрүүл мэндийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 7;

- Оюуны өмчийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 26;

- Гэр бүлийн өдөр: 5 дугаар сарын 15;

- Залуучуудын өдөр: 8 дугаар сарын 25;

- Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр: 9 дүгээр сарын 10;

- Байгаль орчныг хамгаалах өдрүүд: 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоног;

- Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1;

- Монгол Улсын Нийслэлийн өдөр: 10 дугаар сарын 29;

- Ардчилал, хүний эрхийн өдөр: 12 дугаар сарын 10;

- Эх орончдын өдөр: гуравдугаар сарын 1;

- Шинэ ургацын өдрүүд: 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 20;

- Монгол Улсын төрийн далбааны өдөр: 7 дугаар сарын 10-ны тооцон Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэж байна. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг Засгийн газар тогтоодог.