​Монгол улс Үндсэн хуулиараа Төрийн сүлд, далбаа хийгээд төрийн дууллынхаа утга агууллага, бэлэгдэл хэрэглээг нарийн чанд зааж өгсөн.

Тодруулбал Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн арван хоёр дугаар зүйлд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн болохыг, Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлхийг заасан бөгөөд эл бүгд Төрийн бэлгэ тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, төрийн дууллын үг, аяыг хуулиар бататгахыг тунхагласан. Тиймдээ ч “Төрийн бэлэг тэмдэгийн тухай хууль” ёсоор Төрийн сүлдийг Монгол улсын төрийн тамганд, хилийн багана зэрэг газруудад байрлуулах бөгөөд “энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад газарт Төрийн сүлдийг байрлуулах асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ, 26-р зүйл Төрийн бэлэг тэмдгийг гутаан доромжлохыг хориглоно” гэх зэргээр хуульчилсан бөгөөд энэ хуулийн биелэлтэд тавих хяналтыг бүх шатны Засаг дарга, цагдаагийн байгууллага, гадаад харилцаа болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хилийн цэргийг удирдах газар хэрэгжүүлэхээр заасан. Гэсэн ч энэхүү хуулийн хэрэгжилт болоод хяналт үнэхээр хангалтгүй сул байгааг олон олон жишээнээс харж болмоор. Уг нь бидний улс орноо гэсэн үзэл, үндэсний гэх тодотголтой цөөхөн хэдэн баяруудаар л хүчтэй сэргэдэг.

Тиймдээ ч Төрийн сүлд, далбаа бүхий дээл хувцас, чимэг зүүлтээр гангардаг ч тэр нь ихэнхдээ урьд хөршөөс орж ирсэн буруу хазгай, утга агуулга бүхий “доромжилсон” эд зүйлс байдгийг бид бүхэн үл анзаарсаар л. Угтаа бол төрийн далбаа хэн нэгний гангараа биш. Бидний бахархал байх ёстой. Монгол түмэн төрийн бэлгэ тэмдэг болсон сүлд, далбаандаа сүслэн залбирч цай, идээнийхээ дээжийг өргөн төр, түмнээ даатгадаг. Тэр ч утгаараа эл бүгдийг зөвхөн Төр л эзэмших эрхтэй байдаг. Гэвч зах зээлийн шуурганд Төрийн сүлд, далбаа, соёмбынхоо нэрс болоод дүрсийг хэн дуртай нь ашиглаж, тэр ч бүү хэл олон сайхан эрсийн зан авирыг эвдэж, түүнээс ч олон гэр бүлийг үймүүлсэн архи гэгч идээг “Чингис”, “Соёмбо” хэмээн нэрийдэн, ашиг орлогоо нэмэгдүүлэх бизнесийн хэрэгсэл болгон, Төрийн сүлд далбааг архины шилэн дээрээ дүрслэн, Монгол төрийн хууль цааз хийгээд хийморь цог золбоог гутаах болсон.

Тиймдээ ч өдгөөгөөс жил гаруйн өмнө ШӨХТГ-аас "Чингис, Соёмбо" зэргийг Төр эзэмшихийг сануулж байсан бол үүний дараахан “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, тэдгээрийг хэрэглэх, ашиглахтай холбогдсон журмын төслийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Г.Уянга, Ж.Батзандан нар санаачлан УИХ-д өргөн барьна гэдгээ мэдэгдээд байсан ч тодорхойгүй шалтгаанаар хуулийн төсөл гацсан. Өөрөөр хэлбэл уг хуулийн төслийн сураг гарсан даруйд Архи үйлдвэрлэгчдийн томоохон эсэргүүцэлтэй тулгараад байсныг санавал хуулийн төсөл тэдний "лобби"-нд оржээ гэмээр. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд эдгээр архи үйлдвэрлэгдсээр байгаа бөгөөд өөр бусдаараа бүл нэмцгээлээ. Харин үүнд хяналт тавих учиртай засаг дарга нар, хууль хяналтынхан, дарга нар хаагуур юу хийгээд байна вэ? Төрийн сүлд, соёмбо хэдий болтол архины шил нь дээр гуйвж, хөл дор хог мэт хөглөрөх вэ?

Б.Баттулга