Саяхан НӨАТ-ын буцаан олголтоос анхны 500 сая төгрөгийн азтан тодорч шагналаа авсан. Энэ нь олон нийтийг энэхүү хуулийн мөн чанар хаашаа эргээд буйг нятглахад хүргэв. Уг нь 2016 оноос НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгаар бараа, үйлчилгээнд төлсөн албан татвараас 20 хүртэлх хувийг буцаан олгож, НӨАТ-ын сугалааны тохирлоор азтанг шалгаруулан урамшуулж эхэлсэн. Энэ хугацаанд хамгийн өндөр дүнтэй азтан нь саяхан буюу энэ оны арваннэгдүгээр сард тодров.

Уг нь анх эдийн засгийн өсөлтийг татварын бодпогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга байдлыг хангах зорилгоор НӨАТ-ын тухай хуулийг шинэчлэн найруулж хэрэгжүүлж эхэлсэн. Тиймдээ ч НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2016 оны гүйцэтгэлээр нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 553.2 тэрбум төгрөгт хүрсэн гэх мэдээлэл бий. Энэ өмнөх 2015 оны гүйцэтгэлээс 70 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гэсэн үг. Тухайн 2016 онд НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтод 620 мянга 409 татвар төлөгч иргэнд 35.5 тэрбум төгрөг төсөвлөснөө олгосон байдаг. Харин 2016 онд татвар төлөгч иргэд цахим төлбөрийн баримтын системд 203.0 сая ширхэг худалдан авалтын баримт бүртгүүлсэн татвар төлөгчөөс 19 удаагийн сугалааны тохиролоор 89.631 иргэнд 3.7 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосон байдаг.

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд НӨАТ-ын урамшууллаа авах зэргээр өөрсдөдөө ашигтай хэмээн харж байсан бол энэ удаа 500 сая төгрөгийн азтан тодорсноор асуудал өөр юм байна гэдгийг ойлгов. Угаасаа анхны зорилго нь өөрөөр эхэлж байсан НӨАТ-ын урамшуулал өдгөө казино эсвэл бүр үндсэний лотерей маягтай болж хувирчээ. Өөрөөр хэлбэл өндөр үнийн дүнтэй сугалаанд оролцуулж, аз, эзийг нь сонирхож, ахиад цаашилбал хожсон, хожоогүй хүмүүсийн атаа жөтөөг хөдөлгөж байхаар нэгэнтээ л хуулийн дагуу татвар төлөгчдийн идэвхийг нэмэгдүүлэхийн тулд урамшууллын хувиа нэмбэл үр дүн нь өөр харагдмаар.

Уг нь нэгэнтээ хэрэгжээд хоёр дахь жилийн нүүрээ үзэж буй хуулийн хэрэгжилтэд анхаарлаа хандуулах нь иргэдийн хувьд илүү идэвхтэй оролцох боломжийг ч нээж өгч болох юм. Тэгээд ч иргэдийн хувьд энэхүү НӨАТ-ын сугалаанд тийм ч сэтгэл хангалуун байдаггүйг Ebarimt.mn-д бүртгүүлсэн олон хүн гэрчилнэ. Ёстой л ядахад яр гэгчээр өнгөрсөн онд Гааль, татварын мэдээллийн технологийн төвийн ажилтнууд НӨАТ-ын сугалаанд удаа дараа хонжвор хожсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Хэдийгээр албаныхан үүнийг үгйсгэсэн ч тайлбар нь төдийлэн хүмүүст хүрээгүй. Тэр ч утгаараа олон нийтийн хувьд сугалааны тохиролд найдахаас илүү харин ч олон тооны баримт бүртгүүлж, буцаан олголтоо өндөр дүнтэй авахыг илүүд үзэх болсон.

Одоогийн байдлаар худалдан авалтынхаа хоёр хувийг буцаан авч байгаа ч сугалаанд үл итгэгч олширсон энэ үед хуулийн хэрэгжилтээ идэвхжүүлж, хүртээмжээ нэмэгдүүлэхийн тулд НӨАТ-ын хувиа нэмэгдүүлэх нь чухал биш гэж үү.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр