Олон жил дуншсан ДЦС V-ыг зогсооно, эрчим хүчний импортыг өсгөнө… Ойрын өдрүүдэд эрчим хүчний салбараас ийм л шинэ мэдээ дуулдлаа. 

Хэдхэн хоногийн зайтай гарсан эдгээр мэдээллээс төвийн бүсийн эрчим хүчний илтгэл найдвар болж байсан нэг төслийг зогсоож, гадаадаас авах цахилгаан нэмэгдэхийг түвэггүй ойлгож болох нь. Уг нь Монгол Улс эрчим хүч худалдаж авдаг бус худалддаг орон болох зорилт тээгээд удаж буй. Үе, үеийн сайд, дарга нар эрчим хүчний экспортлогч орон болгоно хэмээн том дуугардаг. Гэвч эрчим хүч үйлдвэрлэж, илүүдлээ хилийн чанадад худалдах нь бүү хэл, дотоодын хэрэгцээгээ ч хүний гар харалгүй хангаж чадахгүй, гал алдахад ойрхон байна. Сүүлийн 10 орчим жил, хоёр хөршөөс худалдан авсан эрчим хүчний хэмжээ тасралтгүй өссөн. Энэ онд л гэхэд Орос, Хятад улсаас нийт 1.6 тэрбум кВт цаг цахилгаан импортлохоор төлөвлөсөн нь 2010, 2011 оныхоос даруй 5-6 дахин их байгаа юм.

Цахилгааны эрэлт жилд дунджаар 3-4 хувиар өсөж байна

Эдүгээ Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 19-21 хувийг хоёр хөршөөсөө импортолж, дотоодын хэрэгцээг хангаж байна. Хилийн чанадаас импортолж буй цахилгааны дийлэнх буюу 75 хувийг Хятад, үлдсэнийг нь ОХУ-аас худалдан авдаг. Өмнийн говьд өрнөж буй “Оюутолгой” төсөл бол урд хөршийн цахилгааны нийлүүлэлтийн гол хэрэглэгч нь. Энэ төсөл өдгөө 100 сая ам.долларыг БНХАУ-аас цахилгаан худалдан авахад зарцуулдгийг холбогдох эх сурвалж мэдээлж байна. Тэгвэл төвийн бүсийн эрчим хүчний сүлжээ өнгөрсөн онд импортын эрчим хүчинд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнээс үзэхэд, Монгол Улс багагүй хэмжээний валютын урсгалыг хилийн чанадаас эрчим хүч худалдан авахад зарцуулдаг гэсэн үг.

Ингэж валют урсгаад зогсохгүй импортын эрчим хүчнээс алдагдал хүлээдэг гээч. Хамгийн гол нь импортын цахилгааныг дотоодын ханшнаас өндөр үнээр худалдаж авч байна. “Баруун бүсийн эрчим хүчний систем” нэг кВт цаг эрчим хүчийг ОХУ-аас 116.3 төгрөг, БНХАУ-аас 240.5 төгрөгөөр худалдаж авдаг атлаа хэрэглэгчдэд дунджаар 102.3 төгрөгөөр борлуулдаг. Нийслэлийн иргэн би нэг кВт цахилгаан эрчим хүчиндээ дунджаар 98.40 төгрөг төлдөг бол Ховдын оршин суугч импортын эрчим хүчинд илүү өндөр үнэ төлдөг. Энгийн иргэд ингэж илүү үнэ төлөөд зогсохгүй улсын төсвөөс импортын эрчим хүчний зөрүүнд татаас олгодог юм. Өөрөөр хэлбэл, улс дотоодын эрчим хүчнээс өндөр үнээр цахилгаан импортлодог атлаа түүнийгээ хямд үнээр борлуулдаг нь эрүүл тогтолцоо юу. Энэ борлуулалтын зөрүүнээс эрчим хүчний систем нэг кВт цагт 96.7 төгрөгийн алдагдал хүлээдэг. Энэ бүх алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр татаас өгч, хаасаар ирсэн.

Эрчим хүчний импорт нь иргэн төдийгүй улсын төсөвт дарамт учруулдаг

Сүүлийн гурван жилд гэхэд баруун бүсийн эрчим хүчний борлуулалтаас үүссэн үнийн зөрүүнд улсын төсвөөс нийт 25.8 тэрбум төгрөгийн татаас олгожээ. Ингэж Монгол Улс өөрөө эрчим хүч үйлдвэрлэлгүй, хилийн чанадаас импортолж, үүнийхээ алдагдлыг татварын мөнгөөр төлж байна. Гэлээ гээд компаниудын алдагдал буурдаггүй. Улсын төсвөөс татаас өгсөөр байхад “Баруун бүсийн эрчим хүчний систем” компани 2017 онд 2.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх нь гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Ийнхүү гадаадаас цахилгаан өндөр үнээр импортолж, иргэн төдийгүй улсын төсөвтөө дарамт учруулсаар буй. Уг нь Монгол Улс эрчим хүчний салбарт ингэтлээ бусдаас хамаарахаар орон биш. Нүүрс, занар, уран, нар, салхи гээд эрчим хүчний нөөц баялгийг тооцвол тал нутгаар зогсохгүй Төв Азийг ч гэрэлтүүлж дөнгөх боломжтой гэхэд дэгэсдэхгүй байх. Гэсэн ч өнөөг хүртэл бусдаас цахилгаан гуйсаар. Сүүлийн 30 жилд, “Амгалан” ДЦС, нар, салхи, усны багахан хэмжээний хүчин чадалтай станцыг эс тооцвол манай улсын эрчим хүчний үйлдвэрлэлд дорвитой нөлөө үзүүлчих, том хэмжээний нэг ч эрчим хүчний эх үүсвэр үүдээ нээсэнгүй.

  • “Баруун бүсийн эрчим хүчний систем” нэг кВт цаг эрчим хүчийг ОХУ-аас 116.3 төгрөг, БНХАУ-аас 240.5 төгрөгөөр худалдаж авдаг.
  • Эдүгээ Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 19- 21 хувийг хоёр хөршөөсөө импортолж, дотоодын хэрэгцээг хангаж байна.
  • Энэ онд л гэхэд Орос, Хятад улсаас нийт 1.6 тэрбум кВт цаг цахилгаан импортлохоор төлөвлөсөн нь 2010, 2011 оныхоос даруй 5-6 дахин их.

Гэтэл энэ хугацаанд Монгол Улсын эрчим хүчний эрэлт тогтмол өссөөр ирсэн. Салбарын яамны мэдээлснээр Монгол Улсын цахилгааны эрэлт жилд дунджаар 3-4 хувиар өсөж буй. Тэгвэл өсөн нэмэгдэж буй энэ хэрэгцээн дээр нэмээд өдгөө импортоор авч буй 20 гаруй хувийн цахилгааны дутагдлаа нөхөх төслүүд манайд бий. Зогсооно гэдгийг нь албан ёсоор мэдэгдсэн ДЦС V гэхэд энэ дутагдлын багагүй хувийг хангахаар байв. Сүүлийн 10 гаруй жилийн турш энэ төслийг урагшлуулахаар үе үеийн Засгийн газар ажиллаж, тооцоо судалгаанд ч багагүй хөрөнгө, хүч зарцуулсан. 450 МВт-ын хүчин чадалтай, ТЭЗҮ нь бараг бэлэн болсон энэ төслийг бодлого тодорхойлогчид зогсоочихлоо.

Уг нь Тавантолгой, Эгийн гол гээд цахилгаан станцуудаа ашиглалтад оруулбал бид өндөр үнээр цахилгаан авч, бусдаас царай алдахгүй. 450 МВт-ын хүчин чадалтай Тавантолгойн цахилгаан станц гэхэд багаар бодоход 100 сая ам.долларын мөнгөн урсгалыг Монголд тогтоогоод зогсохгүй улсын төсөвт жилд татвар, хураамж хэлбэрээр 150 тэрбум хүртэл төгрөгийн орлого төвлөрүүлэх тооцоо гарсан. Гэтэл ТЭЗҮ, эрчим хүч худалдан авагч нь бэлэн болчихсон энэ төсөл өдгөө таг чиг. Хэрэв зогсож, гацсан эдгээр төслүүд амилвал бид одоогийнх шигээ хүний гар харахгүй. Тавантолгой болон ДЦС V аль аль нь импортын эрчим хүчний үнээс хямдаар цахилгаан нийлүүлэх боломжтой гэдгийг мэдэгдсэн. ДЦС V гэхэд ОХУ-аас цахилгаан худалдаж авдгаас хоёр дахин бага үнийн санал өгч байсан юм. Гэтэл энэ төсөл амьсгал хураалаа .

Эрчим хүчний нэмэлт эрэлт үүслээ гэхэд хэд л бол хэдийг бидэнд нийлүүлэх хүчин чадалтай ОХУ, Хятад гэх хоёр оронтой Монгол Улс хиллэдэг нь үнэн. ОХУ-ын удирдлагууд ч эрчим хүч найдвартай нийлүүлнэ гэдгээ  хэзээнээсээ мэдэгдсээр ирсэн. Сэлэнгэ мөрний сав газарт усан цахилгаан станц барих талаар хоёр улсын сонирхол нэмэх, хасахын туйл мэт салсан цагаас  эхлээд энэ саналаа ОХУ-ын талаас идэвхтэй тавьсан байдаг. Гэлээ гээд эрчим хүчээр бусад орноос хараат бус байх монголчуудын мөрөөдөл хөсөр хаягдвал хайран.

Дээрээс нь нүүрс, занар, уранаас эхлээд нар, салхины эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд гайхуулдаг Монгол Улс хэдий хүртэл бусдаас эрчим хүчний гуйлга гуйх вэ. Манай улс Сахарын цөлийн араас бичигдэх нар, салхины эрчим хүчний нөөцтэй төдийгүй 170 тэрбум тонн нүүрсний баялагтай. Ийм их нөөц, бололцоо газар дээр ч, газар доор ч байхад бид эрчим хүч экспортлох нь байтугай импортолсоор л сууна. Өнөө, маргаашаа бодсон, өөрийн гэсэн толгой, урт хугацааны тогтвортой бодлогүйн үр дүн энэ. Энэ байдлаараа ирэх жилүүдэд эрчим хүчний гуйлгачин нэрнээсээ салахгүй нь.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ