"Транспэрэнси Интернэшнл байгууллага" үүсгэн байгууллагдсаныхаа 25 жилийн ойг энэ сарын 22-нд тэмдэглэж байгаагийн зэрэгцээ 2017 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг зарлаж байна. 

Энэ хүрээнд “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагаас өнөөдөр 2017 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг танилцууллаа. Дэлхий нийтээр авлигатай тэмцсээр байгаа хэдий ч  ихэнх улс орнуудын урагшлалт нь  хэт удаан байна. Судалгаанаас харахад авлигатай тэмцэх үйл ажиллагаанд дийлэнх орнуудад сүүлийн 6 жилд ахиц дэвшил  гараагүй  гэж дүгнэжээ. Тодруулбал, авлигад өртсөн байдлыг 180 улсын түвшнийг жагсаан 100 хүртэлх оноогоор  дүгнэдэг бөгөөд “100” оноо авбал авлигагүй гэж үздэг бол "0" оноо авбал өндөр авилгатай орны тоонд ордог.

Монгол Улсын хувьд авлигын индекс 2015 онд 39 оноотой 72, 2016 онд 38 оноотой 87, 2017 онд 36 оноотой 103 дугаарт жагссан байна. Өөрөөр хэлбэл, манай улс 2017 онд 36 оноо авч, өмнөх оныхоос 16 байраар ухран 180 орноос 103 дугаарт эрэмбэлэгджээ. Монгол Улсын авлигын төсөөллийн индекс буурахад нөлөөлсөн бас нэг  шалтгаан нь төрийн институцууд болох аудит, шүүхийн  байгууллагуудын хараат бус байдал суларч байгаа нь сөргөөр нөлөөлсөн. Авлигын томоохон хэргүүдийн шийдвэрлэлт удааширч, ял шийтгэлгүй өнгөрөх, авлигын улмаас улсад учирсан хохирол эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд иргэдийн итгэл сулрахад нөлөөлсөн хэмээн үзжээ. 

Иймд цаашид хууль тогтоох  байгууллагууд нь улс төр бизнесийн бүлэглэлээс бүрдсэн авлигажсан капитализм бүлэглэлийн нөлөөнөөс ангид байх ёстой. Мэдээлэгчийг хамгаалах хуулийг батлах ёстой. Хэвлэл мэдээлэл ба иргэний нийгмийг улс төрчдийн нөлөөлөл, дарамт шахалтаас ангид байлгах, хамгаалах тогтолцоог бүрдүүлэх зэрэг хууль зүйн орчин шаардлагатай. Улс төрийн намуудын  ба санхүүжилт  хууль сул байгаа нь авлигын нэг гол шалтгаан болж байна. 

Түүнчлэн төсвийн зарцуулалтад хариуцлага ба ил тод, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх нь нэн чухал. Төрийн албан хаагчдыг ур чадварт суурилан томилж, улс төрийн томилгоо, нөлөөллийг таслан зогсоох хэрэгтэй. Мөн АТГ-ын байр суурийг ганхуулж, хууль зүйн орчныг сулруулахыг оролдох явдал ажиглагдах болсон ба харин ч эсрэгээр нь Авлигатай тэмцэх байгууллагыг бэхжүүлж Авлигатай тэмцэх  үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улам эрчимжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Дэлхийн Шударга байдлын төслийн үнэлгээнд дурдсанаар шүүгч, прокуроруудын хараат бус байдлыг бэхжүүлэх шаардлагатайг "Транспэрэнси Интернэшнл байгууллага” онцлов.

Залуус, иргэд авлигын эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлж, технологийн дэвшлийг ашиглахаас гадна Хэвлэл мэдээллийн оролцоог эрс нэмэгдүүлэх нь чухал гэв. 

 

Д.Сарантуяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг