Хаан банкны ажилтны мэдээлснээр, тус банк Монгол Улс даяар 2,000,000 гаруй харилцагчтай ажээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр энэ банкинд данс эзэмшиж, мөнгөө хадгалуулж, өдөр тутмын санхүүгийн гүйлгээгээ хийдэг байж таарах нь.

Тэгвэл энэ банк маань сурталчлаад байдаг шигээ “Танд ойрхон, түмэнд итгэлтэй” байж чадах болов уу. Үүнийг бичихийн урьд Хаан банкны дансаа шалгаж үзлээ. Гэтэл өдөр тутамд олон янзны үйлчилгээний шимтгэл, хураамж гээд 50, 300, 100, 150 төгрөг тогтмол гарсан байх юм. Дансандаа 100 мянган төгрөг хийгээд гаргахад л 50 төгрөг хураан авсан жишээтэй.

Үүнээс гадна АТМ-ын шимтгэл гэж нэг зүйл бий. Уг нь үйлчилгээгээ иргэдэд ойртуулсан гэдэг ч тэд анхнаасаа хүмүүсийн данснаас шууд мөнгө татна гэдгээ мэдэгдээгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Одоо иргэд АТМ-аас мөнгө авахын тулд 200 төгрөг суутгуулж байгаа. Хамгийн гол нь, Хаан банкнаас энэ үйлчилгээний хураамжийг байх ёстой төлбөр мэтээр тайлбарладаг. Энэ талаар мэдээллийн ажилтнаас нь лавлахад өөдөөс иргэний бүх мэдээлэл, регистрийн дугаар, дансны дугаар, овог нэр хүртэл асуусны эцэст “Манайх хэрэглэгчиддээ илүү шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс техник, тоног төхөөрөмжөө бүгдийг нь сайжруулж байна. Өндөр өртгөөр системээ шинэчилж буй тул АТМ-ын шимтгэлийг нэмэх шаардлага гарсан. Бусад үнэ тариф бол өөрчлөгдөөгүй” гэх аж.

Бүр Монголбанкнаас ийм хэмжээний хураамжийн босгыг заасан мэтээр олон нийтэд ойлгуулсан байдаг нь хачирхалтай. Гэтэл бодит байдал арай өөр ажээ. Тодруулбал, Монголбанк банк хоорондын төлбөр тооцоог дамжуулах үүргийнхээ дагуу гүйцэтгэсэн үйлчилгээнийхээ шимтгэлд гүйлгээ бүрээс 40 төгрөг авах нөхцөлтэй. Харин энэ төлбөрийг зөвхөн банкуудаас авдаг. Харилцагч нарт огтын хамааралгүй төлбөр юм билээ. Тэгээд ч банк харилцагчдаас авах шимтгэл, хураамжийг Монголбанкнаас тогтоох хуулиар олгосон эрх байхгүй юм. Тиймээс АТМ-с харилцагч мөнгө авахад суутгаж байгаа шимтгэлийн дүнг Монголбанк тогтоодоггүй гэсэн үг ажээ. Тэгвэл энэ тохиолдолд банк өөрийн ашгаас зохих төлбөрийг Монголбанкинд төлөлгүйгээр иргэдийн халааснаас сэмхэн гаргуулдаг болж таарав.

Статистик тооноос харахад, өнөөгийн байдлаар Монгол Улсад идэвхтэй ажиллаж байгаа төлбөрийн картын тоо 1.4 сая, харин идэвхгүй 4.2 сая бий гэнэ. Харин эндээс Хаан банкны хэчнээн харилцагч картаа идэвхтэй ашигладаг бол.

Мэдээж АТМ тун чухал үйлчилгээ. Цаг зав хэмнэнэ. Гэхдээ банк харилцагчийн зээлийн хүүгээс хэчнээн их ашиг олдгийг бид мэднэ. Харин банкуудад энэ ашиг чамлалттай санагдаж, гүйлгээний хураамж зэргээр мөнгө саасаар байгаа нь энэ.

Зүгээр хар ухаанаар бодоход л, нэг хүнээс нэг удаагийн гүйлгээгээр 200 төгрөг авдаг. Харин 100 хүнээс 20 мянга, 1000-аас 200 мянга, 100 мянган хүнээс 20 сая төгрөг авна гэсэн үг. Тэгвэл хүн өдөрт хэчнээн удаа ч АТМ-д хандаж болно. Тэгэхээр Хаан банк Монголбанкинд төлөх хураамжаа АТМ-ын шулаагаар хөнгөхөн олчихдог болж таарах нь. Өөрөөр хэлбэл, банкнаас гарах төлбөрийг иргэд халааснаасаа төлж байна гэсэн үг.

Дээр нь Хаан банкны ажилтнууд иргэдэд тун найрсгаар мэссэж банкны үйлчилгээг санал болгодог. Харин үүнийг туйлын их давуу талтай гэж ойлгосон иргэд төлбөр мөнгөнийх нь талаар нэг их сонирхолгүйгээр хүлээн авна. Гэтэл ухаалаг мэдээ үйлчилгээний хөлс гээд 50 төгрөг шууд суутгаж байгааг хүмүүс тэр бүр анзаардаггүй юм билээ. Гэхдээ энэ нь яван явсаар цасан бөөмнөл шиг их мөнгийг Хаан банкинд зүгээр л оруулсаар байгаа. Мэдээж үйлчилгээ авсныхаа төлбөрийг төлөх нь шударга ёс. Гэлээ гэхдээ бусад үүрэн телефоны операторуудын авдаг төлбөрөөс хоёр дахин өндрийг шууд суутгана гэхээр шударга бус явдал болно.

Тэгээд ч 50 төгрөг бол бага мөнгө биш. Дээрх жишээгээр, харилцагчийнхаа тоогоор гайхуулдаг Хаан банкны хувьд энэ үйлчилгээний хөлсөөр чамгүй мөнгө олж байгаа. Бид энэ талаар Хаан банкны ажилтнаас тодруулахад “Та бүхэн утсаараа мэссэж бичихдээ ч төлбөр төлдөг биз дээ. Тэрэнтэй чинь л адилхан” гэж хэлсэн. Хэрвээ тэр үйлчилгээтэй адил бол 20 төгрөг л баймаар санагдах аж.

Яг үнэндээ Хаан банк өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаа. Гэхдээ нөгөө яриад байсан шиг нь үйлчилгээ, хурд сайжирсан гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Орон нутаг, ялангуяа сумдад л гэхэд АТМ тун цөөн. Ихэнхэд нь байхгүй. Тэгсэн хэрнээ ганцхан теллертэй. Харин эдийн засагч нар нэлээд олон харагддаг гэхээр хадгаламж, зээлийн үйлчилгээгээ шуурхай хийгээд байна уу гэсэн бодол төрүүлдэг. Гэвч зээлийн өндөр хүү бол банкны мөнгө хүүлэлтийн ганц хүчин зүйл болохоор л ингэж ажилладаг гэхэд болно.

Ингээд бодоход банк бол туйлын ашигтай салбар. Банкууд өөрсдөөсөө юу ч гаргахгүйгээр иргэдээс мөнгө хурааж, тэрийгээ цааш өндөр хүүтэйгээр зээлдүүлж, хэд нугалсан ашиг олно. Тэгсэн хэрнээ энэ ашгаасаа урсгал зардлаа төлөхгүй. Элдвийн “үйлчилгээ” нэртэй, хямд төсөр зардал бүхий шийдлүүдээ хүмүүст хүчээр шахам тулгаад, төлбөр гээд бас хэд дахин их мөнгө авчихна. Гэхдээ шуналд хязгаар байдаггүй гэдэг л үнэн болж байна даа.

"НИЙГМИЙН ШУУДАН" сонин