Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн эрүүл мэн­дийн салбарынхнаас өөрийн хүчээр “булааж” авсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барил­гад “IMR 100” аппарат тоосонд дарагдаад хэвтэж байна. Бүр зүгээр ч нэг тоосонд дарагдаагүй. Дээрээс нь том төмөр унаад эвдэрчихсэн, тийм л байдалтай. Хүнээр бол гэмтэж бэртээд, үхэхийн даваан дээр оччихсон.

Маш нарийн оношлогоо шинжилгээнүүдийг хий­дэг, эмнэлгүүдэд хүрэл­цээгүй байдаг энэ аппаратыг маргаан дагуулсан эмнэлгийн барилгыг барьж байх үед дөрвөн тэрбум төгрөгөөр авч байжээ. Тухайн үед барилгыг нэгэнт барьж дууссан хойно овор ихтэй, үнэтэй аппаратыг гэмтээхгүй оруулж чадахгүй гээд баригдаж буй барилгын нэг өрөөнд тугалган хана суурилуулан оруулсан аж.

Одоо “IMR 100” аппарат гурав дахь жилдээ тэнд хэнд ч хэрэггүй хэвтэж байгаа. Эмнэлгийнхэн нь ороод ямар нэг аргаар авах гэхээр байр нь хуулийн салбарынхны мэдлийнх болохоор яаж ч чаддаггүй. “Сайн л байдаг байгаа даа” гэж санаа алдахаас өөр зүйл хийж чаддаггүй бололтой.

Эмнэлгийн барилгын тухайд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн мэдэлд эргэлт буцалтгүй оччихсон. Тэр хариуцсан салбарынхаа төлөө ийм алхам хийж. Бодсон санаснаа, өөрийн шийдвэрээ Засгийн газар болон УИХ-ын гишүүдээр хүлээн зөвшөөрүүлж чадаж л дээ. Энэ асуудлыг чуулганаар хэлэлцэх үед Эрүүл мэндийн сайд Н.Удвал худалч хүнд загас шиг чимээгүй суусан. Хэвлэлд нэг ч үг хэлээгүй. Харин Х.Тэмүүжин сайд болохоор үг хэлсэн хүн болгоны өөдөөс ширүүн маргаан өрнүүлж, үг сөргөхийн аргагүй болтол шийдвэрээ хамгаалж байсан санагдана. Хүн юмыг нь авах гээд дайраад байхад ямар шалтгаантай байсан юм бүү мэд “Авдаа ав” гээд сууж байсан гэх үү дээ. Ингэснийх нь төлөө Х.Тэмүүжин сайдыг буруутгах арга харамсалтай нь байхгүй. Хууль зүйн сайдын хувиар салбарынхаа асуудлыг нааштайгаар шийдэж чадсанд нь харин ч баяр хүргэх хэрэгтэй. Мэдээж ингэхдээ эрүүл мэндийн салбарт, иргэдэд энэ эмнэлэг хэр их хэрэгтэй вэ гэдгийг огт мартаад, хариуцсан зүйлийнхээ төлөө хэрхэн зүтгэсэн, үр дүн нь ямар байсан бэ гэдгээр дүн тавина. Эрүүл мэндийн салбарынхан, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийнхэн хүртэл хууль зүйн салбарынхаа төлөө ийм алхам хийсэн түүнийг буруутгахгүй байгаагаа илэрхийлсэн байдаг юм билээ.

Түүний оронд эмнэлгийн барилгыг, эрүүл мэндийн салбарт дутагдалтай байдаг үнэтэй аппаратаа, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн эмч, ажилчдыг, цаашлаад өвчтөнүүдээ хамгаалах ёстой Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ асуудал дээр хэтэрхий сул дорой байсан нь эмнэлгийн ажилчдын дургүйцлийг хүргэдэг ажээ. Одоо ч гэсэн адилхан. Өөрийнх нь өмчөө хамгаалж чадаагүйгээс болоод дөрвөн тэрбум төгрөгийн үнэтэй аппарат хэнд ч хэрэггүй эвдэрхий төмөр болох дээрээ тулаад хэвтэж байхад Н.Удвал сайд яагаад дуугүй байна вэ. Бүхэл бүтэн эмнэлгийн барилгыг алдсан ч дотор нь байгаа өөрийнхөө аппаратыг Хууль зүйн сайдын тавьсан хамгаалалтыг сэтэлж ороод авчих зориг түүнд байхгүй гэж үү. Уг нь Н.Удвал сайд өөрийнх нь салбарын үнэт хөрөнгийг булааж авах гээд байдаг аргаа хэрэглэж, байр сууриа хамгаалж байсан Х.Тэмүүжин сайдтай тэр үед хэрэлдээд, болохгүй бол зодолдоод ч болтугай тэмцсэн байсан бол одоо ч гоё харагдахаар байлаа.

Үнэтэй аппарат, эмнэлгийн барилга, эмч нарын асуудлыг эс тооцоод Эрүүл мэндийн сайд Н.Удвал иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалж чадаж байна уу гэвэл, бас л эргэлзээтэй. Эмнэлгүүд нь өвчтөнүүдээр дүүрэн, Хавдар судлалынхан үндэсний төвийнхөн л гэхэд “Туяа аппарат эвдэрсэн. Аппаратанд орох хүмүүс их байгаа” гээд нэгэнт өвчин нь хүндэрсэн хүмүүсийн ар гэрийнхний өрийг “Эмчилгээгүй болсон хүнээ буцаагаад аваад яв” хэмээн зурдаг. Эрүүл мэндийн салбар ийм л байдалтай, ийм л сайдтай байна. “Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтсэн байна” гэж нэгэнтээ Эрүүл мэндийн сайдын хэлсэн түүний үг чухам өөрт нь л зориулагдсан гэлтэй.

Т.УРАНГЭРЭЛ