Өчигдөр болсон НИТХ-н үеэр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болсон билээ. 

Манай улсын нийт хүн амын 46.8 хувь нь Улаанбаатар хотод байнга болон түр оршин суудаг. Энэ нь 1.5 сая хүн амтай дэлхийн 400 гаруй улсын нэг болсон гэсэн үг юм. Илүү аюулгүй таатай нийслэл хотыг бүрдүүлэхэд нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг илүү сайжруулах шаардлагатай гэж хуулийг санаачлагч НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдэгдсэн. 

Тус хэлэлцүүлгийн хүрээнд хэд хэдэн хөндөх ёстой асуудал байгааг онцолж байсан юм. Жишээлбэл,

  • Улаанбаатар хотын нэрийг өөрчлөх тухай,
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай,
  • Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч орон тооны байгаад төлөөлөгчдийн тоог цөөлөх,  давхар албан тушаал хашилгүй зөвхөн нийслэлийн бодлогын асуудалд анхаарлаа хандуулдаг байх ёстой гэсэн санааг илэрхийлж байсан юм.

Эдгээр асуудал дунд хамгийн сонирхолтой нь Улаанбаатар хотын нэрийг өөрчлөх тухай асуудал содон байв. Өмнө нь Сүхбаатарын талбайн нэрийг сольж, Чингисийн талбай хэмээн нэрийдэх болсон. Одоо харин тус газар нь нэг үгээр бол эрлийз нэртэй буюу хуучны хэд нь Сүхбаатарын талбайгаараа л ярьж заншиж байгаа. Ер нь бол нийслэл хот гудамж талбайн нэр өөрчлөх гэх мэт аахар шаахар ажил хийж байхаар хотын хөгжил дэвшилийн ажилдаа л түлхүү анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу. Аль эртнээс л уламжлал болон ирсэн хотын нэр болон гудамж талбайн нэрсийг яагаад солих шаардлагатай гэж. Нэрлэсэн нэршилээрээ яваад байхаар юу нь болохгүй байгаа юм бол доо. Харин ч үе үеийн түүхэнд тухайн нэрээрээ байх ёстой атал хуучин тийм нэртэй байсан одоо тийм нэртэй газар гэх мэтээр ярьж хэрэглэхэд ч төвөгтэй санагдмаар. 

Тиймээс нийслэлийн иргэдийг төлөөлөн ажил хийнэ гэсэн эрхэм нөхдүүд минь ЯМАР НЭГ ГАЗРЫН НЭР өөрчлөх бус хотын хөгжил дэвшил гэх мэт бодитоор харагдах зүйлсдээ л анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу.