Монголчууд шашин хувьцаа хоёрт мухар сүсгээр ханддаг гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч нь баталлаа. Уг нь хувьцаа эзэмшигч нь тухайн компанийн хөрөнгийн тодорхой нэг хэсгийг эзэмшигч бөгөөд vйл ажиллагаа төлөвлөхөд оролцож саналаа хэлэх эрх үүсдэг.

Хамгийн гоё нь нэг ширхэг хувьцаатай байлаа ч энэ эрхийг эдэлдэг ёстой. Хувьцаатай хүн бүрт нэгдүгээрт, компанийн vйл ажиллагааг анхаарч, ямар хvнээр удирдуулахыг шийдэх, түүнд оролцох боломж үүсдэг. Мөн тухайн компанийнхаа жил бvрийн ашгаас ногдол ашиг авдаг. Гуравдугаарт, хувьцааг нь худалдан авсан компани ашигтай ажиллаж, үйл ажиллагаа нь өргөжихийн хэрээр хувьцааны үнэ өсдөг.

Энэ үед бага үнээр авсан хувьцаагаа өндөр үнээр арилжаалах боломж үүснэ гэх мэт давуу тал байдаг. Гэтэл эдгээрийн алийг нь ч хувьцаатай Монгол хүн бүр ижил хэмжээнд хүртэж чадахгүй байна. Хувьцаа эзэмшигчдийн дийлэнх хэсэг нь дээрх боломжуудыг мэддэггүй. Энэ сул талыг нь ашиглаж монгол төр иргэдийнхээ хувьцааг амь оруулах сонирхолгүй, зөвхөн улс төрийн ашиг сонирхлын үүднээс хөдөлгөдөг байдал газар авав. Үүний хамгийн том жишээ Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцаа. Иргэн бүрт олгогдсон энэхүү хувьцаа сонгууль бүрийн өмнө амь ордог нь сонин. Ерөнхийлөгчийн сонгууль, Парламентын сонгууль эцэстээ орон нутгийн сонгуулиар “1072”-ын гэх бэлэн мөнгө тараагддаг нь монголчуудын сэтгэл догдлон хүлээдэг мөнгөний бичил суваг болсон нь нууц биш. Угтаа бол 1072 хувьцааны ногдол ашгийг иргэн бүр жил бүр Эрдэнэс Тавантолгой компаниас хүртэж байх ёстой. Гэтэл тэгсэнгүй. Зөвхөн сонгуулийн санал авах гэсэн, саналаа зарах гэсэн хэрэгсэл болоод үндсэндээ иргэн бүрийн хувьцаа салхинд хийсэв. Яг энэ мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эрдэнэс-Тавантолгойн удирдлагуудтай өнгөрөгч долоо хоногийн эхээр уулзаж, иргэдэд 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараах хүсэлтэй байгаагаа уламжлав.

Тус компаний нийт хувьцааны 14.6 хувийг иргэд эзэмшиж байгаа юм. Харин Ерөнхийлөгч үүнийг 100 хувь болгосноор 3000 төгрөгийн ногдол ашиг 300 мянган төгрөг болох боломжтой гэлээ. Улмаар иргэдийн эзэмших хувьцааг 100 хувь болгох тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн гэдгээ ч тодотгосон.

Хэрэв уг хуулийг УИХ баталвал иргэдэд ногдох ашиг нэмэгдээд зогсохгүй иргэдийн өрийг нэг удаа тэглэнэ гэх сонгуулийн амлалт нь шийдэгдэх гэнэ.

Асуудал энэ л юм. Ерөнхийлөгч өөрийн амласан сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд Эрдэнэс Тавантолгой гэх бие даасан хувьцаат компанийн бодлогод шууд нөлөөлдөг байж боломгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг тушаалаар компани ногдол ашгаа ямар хэмжээгээр тараах, хэзээ яаж өгөх үгүйгээ шийддэг болох нь ээ. Энэ бол төр бизнесийн орчин руу дуртай цагтаа гар дүрж дургүй үедээ түлхдэгийн бодит жишээ. Зүй нь Эрдэнэс Тавантолгой компани ногдол ашиг тараах үгүй нь Монгол Улсын төсөвтэй хамаагүй асуудал баймаар. Гэтэл Ерөнхийлөгч нь тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзаад “Би сонгуулийн амлалтаа биелүүлмээр байна. Иргэдийн өрийг тэглэнэ гээд хэлчихсэн. Үүнийг биелүүлмээр байна. Тийм болохоор 3000 төгрөгөө 300 мянга болго” гэх чиглэл өгнө гэдэг бол эмгэнэл.

Эрдэнэс Тавантолгой компанийн тухайд өнгөрөгч дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлаараа “1072 хувьцаанд ногдох ашиг 3000 төгрөг. Энэ нь нэгж хувьцааны үнэ 2.79 төгрөг юм. Тэгэхээр энэ жил ногдол ашиг тараахгүй” гэдгээ мэдэгдчихсэн. Тус компани 2017 онд 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, шилдэг 100 аж ахуй нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нь Ерөнхийлөгчийн хүслээ биелүүлэх боломж болж харагджээ.

Угтаа бол 2012 оноос өнөөдрийг хүртэлх таван жилд иргэн бүрт 20 мянган төгрөг хэмээн өр тавьж хувь өгсөн үйл явдлыг тооцоод оюутны сургалтын зээл, сонгуулийн өмнөх бэлэн мөнгө тараах мэтэд иргэдийн 1072 хувьцаа зарцуулагдсан. Энэ бүхэнд иргэдийн өмч болох хувьцааг иргэд биш төр тулган шаардалтаар хугаслаад байсан хэрэг. Энэ мэт олон удаагийн шууд тулгалтад иргэд чимээгүй л авцгаасан. “Төр хувьцааны мөнгө өгнө гэж байгаа бол, төр сонгуулийн хэрэгсэл болгож байгаа бол, төр оюутнуудыг ийм байдлаар сургалтын төлбөрийн цөөн хэд хувийг ч болов хугаслах гэж байгаа бол амьгүй хувьцаа амь орж байгаа дээр нь авъя” гэсэн байдлаар иргэд хандсан. Энэ удаад Ерөнхийлөгчийн хувьцааны ногдол ашиг болгож өгье гээд байгаа 300 мянган төгрөг иргэдээ бэлэнчлэх үзэлд дасгаж байгаагийн л нэг хэлбэр боллоо. Үнэндээ одоо төрөөгүй байгаа хууль хэзээ “төрөх” вэ. Хэзээ батлагдах вэ. Хүүхдийнхээ мөнгийг 100 хувь өгч чадахгүй байгаа төрийн нуруун дээр дахин 300 мянган төгрөгийн халамж хүртээх ачаа үүрүүлэх хэрэгтэй юу. Компани хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг ямар хэмжээний ногдол ашиг хүртээвэл зохих талаарх судалгаа тооцоогоо л Ерөнхийлөгчид хэлнэ. Ажилчдын тооцоолсноор 3000 мянган төгрөг хүртээх боломжтой гэсэн байгаа. Гэтэл энэ дүн Ерөнхийлөгчид таалагдсангүй. Тавантолгойн зүгээс нэгж хувьцааны үнийг 2.79 төгрөг гэж тооцоод 1072 хувьцаанд 3000 төгрөг ногдоно гэж тооцжээ. 2.5 сая хүн тус компанийн хувьцаа эзэмшигч гэж тооцвол 7.500.000.000 мөнгө болж байна. Ерөнхийлөгчийн саналаар бол 2.5 сая хүнд 300 мянган төгрөг тараана гэж үзвэл 750.000.000.000 мөнгө болохоор байна.

“Монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловсруулах үйлдвэр баръя. Ингэвэл ажлын байр нэмэгдэнэ. Ажлын байр бий болбол нэг өрх нэг өдөр идээд дуусах мөнгөтэй байснаас нэлээд хэдэн жил амьжиргаа залгах цалингийн орлоготой болно” гэж учирлах учир мэдэх хүмүүсийнхээ үгийг манай төр сонсоогүй. Яг ийм л дүлий явсаар өнөөдрийг хүргэсэн. Тэгвэл Ерөнхийлөгчөө зөвлөгч нэртэй “поп”-уудынхаа үгийг биш судалгаа баримттай ярих эрдэмтдээ сонсооч. Бэлэн мөнгө өгч ядуу иргэдийн амыг нэг л удаа таглах ядмаг арга хайж суухаар Эрдэнэс Тавантолгой компанийнхаа ашгаар баялгийн сан бий болгоод үйлдвэр баръя. Монголын уул уурхайн нэг компани ч гэсэн эдийн засгийн хувьд сууриа бэхжүүлээд базаа томруулж л байя. Ирээдүй хойчид минь мянга мянган ажлын байр, үнэлгээ өндөртэй цалингийн систем хэрэг болно.

Үргэлжлэлийг