Монгол улсын хилээр мэргэжлийн хяналтын  байцаагчийн хамтран  4.9 кг алтан эдлэл оруулахыг завдсан хэргийн талаар WWW.DORGIO.MN  сайт бусдаас түрүүлж мэдээлсэн билээ.  Гэмт үйлдэл нь газар дээрээ  баримттай баригдчихаад байхад  энэхүү хэргийг  хуулийн байгууллагынхан  гэмт үйлдэл бус хэмээн үзэж  үүсээд байсан эрүүгийн хэргийг хаасан байна. Энэ талаар Гаалийн ерөнхий  газрын хуулийн хэлтсийн дарга Ч.Энхээгээс тодрууллаа.  

- Монгол улсын хилээр мэргэжлийн хяналтын байцаагчтай үгсэн хуйвалдаж  4.9 кг алтан эдлэл  оруулж ирэхийг завдсан  хэргийг  гаалийн байгууллага хэрхэн илэрүүлсэн бэ?

- Энэ хэрэг  камерын  хяналтаар илэрсэн. Сэжиг бүхий эмэгтэй гаалийн хяналтаар оролгүй, дээшээ гарч эмэгтэйчүүдийн бие засах өрөө  рүү гурван цүнхтэй орсон.  Энэ үеэр манай гаальчид  Мэргэжлийн хяналтын  өрөөг  давхар хянаж байсан юм. Тэгтэл мэргэжлийн хяналтын байцаагч өрөөндөө байхдаа гэрлээ  шалтгаангүйгээр  унтраасан.  Улмаар 00 руу ороод нэг цүнхийг нь барьж гараад  өрөө рүүгээ явж орсон.  Харин өнөөх сэжигтэй  эмэгтэй 00-ын өрөөнөөс  хоёр цүнхтэй гарсан. Тэгэхээр нь манай байцаагчид  Мэргэжлийн хяналтын байцаагчаас та ямар цүнх авсан бэ? гэхэд “Би ямар ч цүнх аваагүй. Миний цүнх энэ байна” гээд авснаасаа өөр цүнх үзүүлсэн. Тиймээс  камерт буруутай үйл ажиллагаа чинь бүртгэгдсэн  гэдгийг тайлбарлаад  хуулийн байгууллагад хандсан.  Хэдийгээр эрүүгийн хэрэг үүссэн ч энэ хэргийг  хаасан байгаа.  Улмаар 4.9 кг алтыг  “нөгөө нөхөр”-т буцаан өгөхөөр болсон.

-  Гаалийн байгууллагад мэдээллээд хичнээн кг алтан эдлэлийг гаргах боломжтой байдаг вэ?

- Монгол улсын хилээр алтан эдлэл оруулж ирэхэд  хязгаарлалт байхгүй. Харин Монгол улсын хилээр гаргахдаа мэдүүлэх ёстой.  Гэхдээ байгалийн алтыг гаргахгүй. Зөвхөн Монгол банкаар дамждаг.

- Контробантын энэ хэргийг хаана шалгасан бэ?

- Буянт-Ухаагийн цагдаагийн газраас  шалгаад  Эрүүгийн хуулийн 166-р зүйл буюу  татвар төлөхөөс зайлсхийсэн  үндэслэлээр прокурорын байгууллагад шилжүүлсэн.    Гаалийн байцаагчийн буруу байна гэсэн үндэслэлээр  хэргийг хэрэгсэхгүй болгосон байна лээ.  Ер нь ийм хэрэг их гардаг.  

- Цаг гарган тодруулга өгсөн таньд баярлалаа.

Татвар төлөхөөс зайлсхийсэн сэжигтэн этгээдтэй үгсэн хуйвалдсан Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн бичлэгийг хүргэе.

Нэгэнт гэмт  үйлдэл нь баримтаар ийнхүү нотлогдчихоод байгаа энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн 166-р зүйл буюу  татвар төлөхөөс зайлсхийх гэсэн зүйл ангиар  хариуцлага хүлээх ёстой.  Тодруулбал,  сэжигтэн  166 дугаар зүйл. Татвар төлөхөөс зайлсхийх:

166.1.Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээллэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Өнөөдөр 4.9кг алтан эдлэлийн зөвхөн алтны зах зээлийн ханш нь 500 000 000 төгрөг болж байгаа.  Үүнээс гална тухайн эдлэлийн  хийц,  чимэглэл зэргээс хамаараад  тэрхүү алтан эдлэлийнх  нь үнэ ханш нэмэгдэнэ.   Ийм хэмжээний  алтан  эдлэлийг ямар зорилгоор яах гэж мэдэгдэлгүй оруулж  байгаа нь сэжиг төрүүлж байгаа юм.

Өнөөдөр  энэ хэрэг  баримттай, нотолгоотой байтал  прокурорын газраас  хэрэгсэхгүй болгож, илэрүүлсэн ажилтанг нь буруу ажилласан хэмээн  прокурорын байгууллага үзэж байгаа юм. Хуулийн байгууллага байж өөрсдөө хуулиа зөрчиж болдог юм уу? 

А.Баярмаа