Урлагийн сургуулиа төгсөөд "Шинэ үе" продакшнаар овоглож явсан жүжигчин Батушка буюу Т.Баттулга аль хэдийнээ олны танил болсон. Тэрбээр өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн кинонд тоглосон юм. Одоо "Мөрөөдлийн театр" жүжигчнээр ажиллаж байгаа.

Тэрбээр багадаа бол нэлээд хөдөлгөөнтэй, сахилгагүй хүү байсан гэдэг. Түүнийг жүжигчин болоход аавынхан төрсөн ах МУСТА Ч.Хүрэл нөлөөлсөн хэмээн ярьдаг.

Жүжигчин болохоосоо өмнө  Аялал жуулчлал, менежментийн ангид шалгалт өгнө гээд төлөвлөчихсөн байсан аж. Дэлхийн улс орнуудын ёс заншил, газар орон нутагтай танилцах сонирхолтой, аялах дуртай сониуч хүүхэд байжээ. Гэтэл найзууд нь түүнийг СУИС-д шалгалт өгье гэж дагуулж явснаар тэнцэж байсан гэдэг. Тэрбээр нэлээд сайн бодсоны эцэст жүжигчин мэргэжлээ сонгосон байна.

Дашрамд дурдахад, түүний ангийнхан нь "Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Ганбаяр, Т.Билгүүн, Б.Отгонтуяа, "Мөрөөдлийн театр"- ын жүжигчин Г.Алтаншагай,"“Parody" хамтлагийн жүжигчин Б.Нямхүү, "Анчин" нэвтрүүлгийн хөтлөгч Баяржаргал, "Х-түц" хамтлагт байсан жүжигчин Б.Хулан, УДЭТ- ын жүжигчин М.Тогтохжаргал зэрэг жүжигчид гэнэ шүү.

Тэрбээр "Хурд" хамтлагийн "Нэг ангийнхан" дууны клипэнд тоглож байсан. Харин "Буруу эргэлт" кино уран сайхны кино нь хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл юм.

Нэг хэсэг дуучин Наратай үерхэж байсан. Гэвч удалгүй хосууд хоёр тийш болсноор хамтын амьдрал нь удаан үргэлжлээгүй. Тэгвэл жүжигчин залуу маань хүнтэй гэрлэх талаар "Хүнтэй сууж болно. Тэр бол амархан. Гэхдээ салмааргүй байна шүү дээ. Миний үеийнхэн дунд салалт их байна. Үүнд би маш их эмзэглэдэг. Би үнэхээр бат бөх гэр бүл зохиомоор байна. Тийм ч учраас яарахгүй байгаа. Одоохондоо бол ажилдаа л анхааръя гэж бодож байна. Цаг нь болохоор гэрлэх байлгүй дээ" гэсэн бодолтой явдгаа нуулгүй хэлжээ.

Д.Ана