Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Миеэгомбын Энхболд ялагдсанаар МАН доторх ихээхэн угжирсан тэмцэл ил болж, УИХ дахь намын бүлэг нь хүртэл  У.Хүрэлсүхийг дэмжигчдийн "33"-ын, М.Энхболдыг дэмжигчдийн "32"-ын бүлэг гэж албан бус бүтэцтэй болсон билээ.

Мөн МАН-ын нөлө бүхий улс төрчид Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдоос шууд нүүр буруулж, "М.Энхболд хариуцлага хүлээх ёстой", "60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж хэлж байсандаа харамсаж байна", "Шулуухан хэлье, энэ эвлүүлэг биш. Ц.Нямдоржийн хоолойг Чапи дуурайхыг эвлүүлэг гэдэг болохоос М.Энхболд, Ц.Сандуй ярьчихсан юмыг яаж эвлүүлэг гэдэг юм", "60 тэрбумынхантай эвлэрэхгүй тэмцэнэ" гэх мэтээр ярих болсон.

Улмаар У.Хүрэлсүх М.Энхболдын "нөлөөний хүн" гэгддэг Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн Газрыг огцруулах саналыг УИХ дахь нэр бүхий гишүүдийн гаргуулж,  өөрөө Ерөнхий сайд болон санасандаа хүрсэн юм. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, "60 тэрбум"-ын схемийн гол санаачлагч Ц.Сандуйг ч НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, Нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаас нь огцруулсан билээ.

Эцэст нь 2017 оны 11 сарын 21-нд хуралдсан МАН-ын ээлжит XXVIII Их Хурлаар М.Энхболд намын даргын албаа хүлээлгэн өгсөн. МАН-ын даргыг сонгох санал хураалтанд оролцсон 1383 төлөөлөгчөөс 63.1 хувь нь Eрөнхий сайд У.Хүрэлсүхэд,  УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад  36.9 хувь нь  саналаа өгснөөр У.Хүрэлсүх МАН-ын дарга болсон юм. Тэрээр намын даргаар сонгогдмогцоо : "Үүнээс хойш 32-ын бүлэг, 33-ын бүлэг гэсэн хуваагдал байхгүй боллоо, бид зангидсан гар шиг ажиллана" гэх мэтээр өгүүлж, бүр намын даргад өөртэй нь өрсөлдсөн Д.Хаянхярвааг үнсэж хүртэл байсан ч энэ бүхэн нь ердөө л уянгын халил байжээ гэдэг нь 2018 оны эхний хагаст өрнөсөн үйл явдлаас тодорхой харагдаж байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн анх хөтөлж, МАН-д, улс төрд оруулсан гэгддэг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "60 тэрбум"-ын гэх хэргээр нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын дарга М.Энхболдоос удаа дараа шаардаж, улмаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага гаргасан. 

7 сарын 10-нд УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн уг шаардлагад : “Төрийн албыг арилжаалсан “60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага" гэсэн билээ.

Өөрөөр хэлбэл  уг шаардлагын гол бай нь  АТГ-ын дарга Х.Энхжаргал болсон юм.

Ингэмэгц АТГ өөрийн дарга Х.Энхжаргалаа өмгөөлөн, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд  хариуцлага тооцохыг шаардсан бичгийг мөн УИХ-д хүргүүлсэн

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж, АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах  санал гаргаад буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Л.Элдэв-Очир, Л.Энхболд нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн фракцийнх гэдэг, мөн Эрчим Хүчний Сайд Ц.Даваасүрэн, Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэл, Уул Уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар,  Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Н.Цэрэнбат нарын Засгийн Газрын гишүүд ч дэмжиж, гарын үсэг зурсан . Иймээс ч АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах ажлыг УИХ-ын дээрх гишүүд Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн заавраар хийж байгаа гэх яриа улс төрийн хүрээнд нэгэнт ил болсон.

Үүнийг батлах гэсэн мэт нэгэн үйл явдал мөн болсон.

Тодруулбал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шадар туслахаар олон жил ажилласан, "МИАТ" ТӨХК-ий дэд захирал Н.Энхбаатарыг АТГ  бусдаас 600 сая төгрөгийн авилга авсан хэргээр албадан саатуулаад буй юм.

 

Харин уржигдар буюу 7 сарын 25-нд  Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлах хугацааг тохиролцох тухай албан бичиг илгээсэн байна. Уг албан бичигт:

“Танаас ирүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/8637 дугаар албан бичигтэй танилцлаа. Уг албан бичигт “…ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн…” гэж дурджээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно”, Хорин долдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “…чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлана” гэж заасан байдаг.

 Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна”, 16.3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” 16.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана” гэж тус тус заасан байна.

Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага, болзол журам болон түүний хүрээн дэх Улсын Их Хурлын даргын үүргийг хуулийн дээрх зохицуулалтуудад нарийвчлан тодорхой заасан байх бөгөөд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа тухайн чуулганы хуралдах өдрийн товыг тогтоох шийдэл нь хуульд нийцэхээргүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг хуулиар олгоно гэж заасан. Үүний хүрээнд Ерөнхийлөгч төрийн байгуулал, улс орны удирдлагын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тодорхой бүрэн эрхүүдийг хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгч …улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана” гэж заасан.

Миний бие 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Е/15 дугаар албан бичгийг танд хүргүүлж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай өөрийн саналыг хэлэлцэх асуудлын хамт өргөн мэдүүлсэн боловч Улсын Их Хурлын даргын зүгээс чуулган зарлах өдрийг хуульд заасны дагуу тохиролцон тогтоох арга хэмжээг авсангүй.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлах санал хүргүүлж байна.

Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхи нь шаардсан, Ерөнхийлөгч санал гаргасан зэрэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон ийм тохиолдолд Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин, биелүүлж ажиллах шаардлагатай байна.

Саналыг судлан үзэж, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор өөрийн саналыг ирүүлэн, хуульд заасны дагуу ээлжит бус чуулганы хугацааг тохиролцож, товлон зарлана уу” гэжээ. Ингэснээр УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаас өөр аргагүй болж байна гэсэн үг.

Хэрэв УИХ-ын ээлжит бус чуулган хуралдвал АТГ-ын дарга Х.Энхжаргал огцрох нь хэдийн тодорхой болсон гэх бөгөөд түүнийг өөрчлөхөөр УИХ дахь МАН-ын 33-ын бүлэг, УИХ дахь АН-ын бүлэг, УИХ-ын гишүүн С.Жавхлан нар санал нэгдсэн ажээ.  

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг өөрчилсөн тохиолдолд УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалдаа хэвээр үлдэх боломж байгаа мэт харагдах ч үнэндээ энэ нь М.Энхболдыг улам "буланд шахах" л үйлдэл болж таарна. Учир нь М.Энхболд хуулийн байгууллагын хамгаалалтгүй болсон тохиолдолд АТГ-ын шинээр томилогдсон дарга "60 тэрбум"-ын хэрэг гэгчийг улам бүр гүнзгийрүүлэн шалгаж, түүнийг дараалсан буулт хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүснэ. Иймээс ч МАН-ын "32"-ын бүлэг талаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх буюу Засгийн Газрыг огцруулах өөр нэгэн хувилбар байж болохыг ч эх сурвалжууд үгүйсгэхгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч өөрөө ийм хувилбар байж болохыг үгүйсгэхгүй байгаа бөгөөд УИХ дахь намынхаа бүлэг дээр: "Та нар намайг огцруулбал огцруулаарай. Би огцорсон ч намын даргын хувьд онц их хурал зарлаж, хувьсгал хийж та нартай тэмцэнэ" хэмээсэн юм.

Юутай ч МАН-ынхны энэ их зөрчил үнэндээ М.Энхболд, У.Хүрэлсүх нарын хэн нэг нь огцорч байж л намжихаар хурцадмал нөхцөл байдалд хэдийн орсон нь тодорхой болж байна.

М.Чойжал

sonin.mn