Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа ч бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчин ихэсчээ. Гэдэс нь өвдөж, суулгаж халуурах шинж тэмдэг цэцэрлэгийн насны хүүрдүүдэд ихээхэн илрэх болсон байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэх, хариу авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд гэдэс нь өвдөж суулгаж, халуурах шинж тэм дэг их илрэх боллоо. Эмч нарын хэлж байгаагаар энэ нь нэг төрлийн ханиад гэж байсан. Юунаас болж хүүхдүүдийн дунд ийм төрлийн ханиад дэлгэрэх болов?

Манай эмнэлгийн зүгээс гэдэсний халдвар болон томуу, томуу төст өвчний талаар лаборатори, эмнэлэгт суурилсан хандалт судалгаа хийдэг. Харин сүүлийн үед дам яриагаар өрнөөд байгаа гэдэсний ханиадаар өвдөж, суулгалт өгч эмнэлэгт хэвтсэн хүүхэд байхгүй. Гэхдээ зургаадугаар сарын сүүлээс эхлээд есдүгээр сарын дунд үе хүртэл гэдэсний халдваржилтын улирал болдог.  Тиймээс энэ үеэр гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байдаг. Одоогоор өмнөх долоо хоногийн түвшинд болон гурван жилийн дунджаас бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Хэдийгээр гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байгаа ч олны дунд яригдаад байгаа гэдэсний ханиад ихээр дэгдэж байна гэдэг нь цуурхал юм.

Сургууль, цэцэрлэг цугларахаар ханиад ихсэх нь бий. Энэ юутай холбоотой вэ. Сургууль, цэцэрлэгийн хоол хүнснээс үүдэлтэй байж болох уу?

Сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагын ажил идэвхжих үеэр болон урин дулааны улиралд ил задгай худалдаа наймаа нэмэгддэг. Хүүхдийн байгууллага цуглах гээд хүмүүс хөдөө, гадаанаас их ирдэг. Хүн амын нягтрал ихэсдэг. Мөн жимс, ногоо боловсроод гар дээрээс зарах явдал нэмэгддэг. Түүнчлэн үер ус, борооны дараа хөрс бохирдох нь бий гэх мэт эрсдэлт хүчин зүйлүүд нэмэгддэг. Энэ бүхнээс үүдээд өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс эрт сэрэмжлүүлэг өгөх үүднээс долоодугаар сараас эхлээд наймдугаар сарын дундуур хүүхдийн байгууллагууд, аймаг, нийслэлийн боловсролын газруудад сэрэмжлүүлэг, зөвлөгөө ерөнхий захирлын албан тоотоор явуулсан байгаа. Үүнээс гадна үйл явдалд суурилсан тандалт хийсэн.

Үйл явдалд суурилсан тандалт гэхээрээ юу хийх үү?

Энэ нь таны асуугаад байгаа албан бус мэдээллүүдийг шүүдэг. Нэг үгээр хэлбэл, иргэдийн дунд яригдаж байгаа ярианаас шүүгээд лабораторид суурилсан тандалт хийдэг. Одоогийн байдлаар 36 дахь долоо хоногтоо явж байна. Энэ хугацаанд томуугийн болоод томуу төст өвчин илрээгүй.

Хүүхдэд бөөлжих, халуурах, суулгах шинж тэмдэг илэрвэл яах ёстой вэ?

Хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд эмчид хандах ёстой. Түүнээс биш ийм төрлийн ханиад их байна, энэ ханиаданд тийм ч эм сайн гэсэн дам ярианд итгэж янз бүрийн эмчилгээний арга хэрэглэх нь буруу. Гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг ажиглагдвал мэргэжлийн эмчид цаг алдалгүй яаралтай хандаж, шинжилгээ өгч, ямар төрлийн вирусээр халдварласнаа мэдэж, эмчийн заавар, зөвлөгөөг сайтар сахиж, бүрэн эмчлүүлэх шаардлагатай. Иргэд дур мэдэн эм ууж, эмчийн заавар зөвлөгөөг дагаж мөрдөөгүйгээс болж өвчин тараах, архагших, хүндрэх эрсдэл бий болдог. Хэрэв эмчид үзүүлж, гэрээр дэглэм сахиж эмчлүүлэх, зөвлөмж өгсөн бол сайтар зөвлөгөөг чанд сахин, дараа нь тухай бүр эмчийн хяналтдаа үзүүлэх, шинжилгээг зохих журмын дагуу өгөх хэрэгтэй. Ингэснээр гэдэсний халдварт өвчин бүрэн эмчлэгдэх боломжтой. Тэгэхээр иргэдэд буруу мэдээлэл өгөх нь маш эрсдэлтэй. Ямар вирусээр өвчилснөө мэдэхгүйгээр бие биенийхээ үгээр эмчилгээ хийх нь өндөр эрсдлийг үүсгэдэг. Хамгийн гол зөвлөгөө нь мөнгө үрэхгүй, ямар ч төрлийн өвчнөөс хамгаалах энгийн арга бол гар угаах. Гарыг зөв дарааллын дагуу угаагаад байвал нэлээд олон өвчнөөс сэргийлнэ. Мөн ил задгай худалдаалж байгаа хүнсний зүйлээс татгалзах ёстой.

Томуу, томуу төст өвчний вирусээр ихэвчлэн бага насны хүүхэд өвчлөх нь түгээмэл. Хүйтний улиралд дархлаа дэмжих сайн аргаас зөвлөхгүй юу. Ямар төрлийн хүнс хэрэглэж, ямар бэлдмэл уух ёстой вэ?

Бага насны хүүхэд томуу, томуу төст өвчнөөр ихэвчлэн өвддөг учир эцэг, эхийн зүгээс асаргаа сувилгааг сайн хийх хэрэгтэй. Хүүхдээ дулаан хувцаслаж, эмчийн заавраар тохирсон эмчилгээг хийх, илчлэгтэй, витаминаар баялаг хоол хүнс, халуун бүлээн шингэн уух, сайн унтаж амрах, цэгэн массаж хийж өгөн вируст халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн ажил, амралтаа зөв зохицуулах шаардлагатай. Хэрэв хэн нэгний зөвлөгөөг дагамаар байвал зөвлөгөө авах утас их болсон. Тэгэхээр тэр утсууд руу залгаж ийм эмчилгээний арга сонслоо, зөв үү, буруу юу гэдгийг асуух хэрэгтэй. Өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдийн хамгийн түрүүнд хандах ёстой газар. Ер нь иргэд дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхдээ онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар, ялангуяа дэлгүүрээр авч явмааргүй байна.

Зарим хувийн эмнэлгүүдээр томуугийн эсрэг вакцин хийгээд эхэлжээ. Танай эмнэлгийн зүгээс томуугийн вакцин хийж эхэлсэн үү. Учир нь хувийн эмнэлгээр хийгдэж байгаа өндөр үнэтэй вакциныг хийлгэж чадахгүй иргэд олон байна?

Өнөөдрийн байдлаар томуугийн эргэн мэдээллээр  босго үзүүлэлт доогуур байна. Улсын хэмжээнд болоод нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жил болон өмнөх долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад томуугийн үзүүлэлт 1,1 хувиар бага. Гэхдээ бид эрт сэрэмжлүүлж, хариу арга хэмжээ авч, зөвлөмж, сэрэмжлүүлгээ идэвхижүүлсэн. Томуугийн вакциныг аравдугаар сарын сүүлээр хийлгэх нь тохиромжтой. Засгийн газрын зүгээс вакцины захиалгаа өгсөн. Зарим хувийн эмнэлгүүд вакцин хийгээд эхэлсэн сурагтай байна лээ. Иргэд хаана ч вакциныг хийлгэж болно. Манай дээр өнөөдрийн байдлаар вакцин хийгээгүй байгаа.