Хаан банкны  теллерийн буруугаас болж залуус гэмт хэрэгтэн болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад Хаан банкны АТМ алдаа заасны улмаас хоёр хүн гэмт хэрэгтэн болсон бодит үйлдлийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Драгон төвийн Хаан банкны АТМ-ээс иргэн Х.О өөрийн данснаасаа 1.000.000 төгрөг авахдаа 500.000 төгрөгөөр хоёр авахаар үйлчүүлсэн байна. Эхнийхийг нь аваад дараагийнхийг нь авах гэж байтал “Гүйлгээ хийх боломжгүй байна, та картаа авна уу” гэсэн бичиг гарч ирсэн байна. Тиймээс   картаа аваад “Хаан банк”-наас авах гэж байтал утсанд мессеж ирээд дахин 500.000 төгрөгийн зарлага гарсан аж. Банкны ажилтанд хэлэхэд Драгон төвийн АТМ-ээс зарлага гарсан байна. Таны дараачийн үйлчлүүлсэн 2 эмэгтэй авсан байна гэж хэлсэн байна. Тухайн иргэн  эргэж доошоо буугаад АТМ дээр очиход түүний ард зогсож байсан 20-25 насны 2 эмэгтэй байгаагүй аж.

Харин тухайн хүний хойно зогсож байсан охид мөнгийг нь үрэлгүй байж байгаад холбогдохгүй болохоор нь 3 хоногийн дараа найзтайгаа мөнгийг нь хувааж аваад зарцуулсан байна. Энэ талаар тэрбээр “Би нэг ангид сурдаг найз Оийн хамтаар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Драгон төвийн Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гээд 16 цагийн үед очерлоод зогсож байсан. Бид хоёрын урд талд нэг намхан махлаг биетэй эмэгтэй АТМ-ээс мөнгө авч байсан. Тэгээд нөгөө эмэгтэй мөнгөө аваад явахаар нь бид хоёр АТМ дээр очиход АТМ-ээс 20.000-тын олон мөнгө гарч ирэхээр нь би аваад барьсан. Тухайн үед манай найз залуу Н-ын Хаан банкны картыг би авч явсан ба картанд нь хийсэн байсан өөрийнхөө мөнгөнөөс би 10.000 төгрөг авсан. Мөнгөө аваад урд талын хаалган дээр очиж нөгөө мөнгөө үлдээсэн эгчийг харахад харагдахгүй байсан ба АТМ-ээс бид хоёр авсныг шүүж үзээд олчих байх гэж бодоод явчихсан. Замдаа явж байхдаа таксин дотор нөгөө мөнгийг тоолоход 500.000 төгрөг байсан ба уг мөнгө олсон талаар найз залуу Н-д хэлэхэд байлгаж бай нөгөө хүн нь ирээд авах байх гэсэн. Тэгээд нөгөө мөнгийг нь 2-3 хоног хадгалж байгаад холбогдохгүй болохоор нь найз Оийн хамтаар 250.000 төгрөгөөр хувааж аваад зарцуулсан” гэж мэдүүлжээ.

Өөрөөр хэлбэл хүн нь ирээд мөнгөө авна гэж хүлээж байсан нь буруудсан байна.  Тиймээс охид гэмт хэрэгтэн болсон юм.  Анхан шатны шүүхээс  охидыг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзсэн.

Улмаар охидыг гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүрийг нь 450 000 төгрөгөөр торгосон байна.  

Өөрөөр хэлбэл Хаан банкны АТМ алдаа зааснаас болж өнөөдөр хоёр охин ял авлаа. Хэрвээ Хаан банк энэ мэт алдаагаа зассан бол өнөөдөр хоёр охин гэмт хэрэгтэн болохгүй байх байсан.  Тиймээс Хаан банк энэ мэт үйлдэл дахин давтагдахгүй байхад анхаарах хэрэгтэй байгааг сануулж байна.

Харин иргэн таны дансанд андуурагдсан мөнгө орж ирвэл цагдаад мэдэгдэх хэрэгтэй. Мөн АТМ энэ мэтээр алдаа заавал тухайн банк болон цагдаагийн байгууллагад хандаж гэмт хэрэгтэн болохоос сэрэмжилнэ үү.