ТӨРИЙН ХАЛАМЖ, ХЯНАЛТААС ДАЛД АРМИ БИЙ БОЛОХ ВИЙ

Жилийн өмнө Дорнод аймгаас нийслэлд ирсэн 32 настай Г-гийнх Зүүнсалаанд хамаатныхаа хашаанд буужээ. Энэ хашаанд тэднийх шиг орон нутгаас ирсэн хоёр айл бий. Эхнэртэйгээ хоёул хувийн компанид ажилд орсон тул цэцэрлэгийн насны хоёр хүүхэд нь хажуу айлдаа өнждөг.

Нийслэлийнхэн хүртэл хүүхдээ цэцэрлэгт бүрэн хамруулж чадахгүй байхад орон нутгийнханд ийм боломж олдоно гэдэг тэг хувь.Харин Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн А ажлын байр хайж хотод нүүн ирсэн ч өөрийн гэсэн гэр оронгүй тул төв аймагт байдаг хамаатныхаасаа ажилдаа явдаг болж. Арай хийж хотын захад хашаатай болсон ч Улаанбаатарт мал маллуулахгүй байгаа, дээр нь сард 400-500 мянган төгрөгийн цалин нь амьдралд хүрэхгүй учраас нутаг буцахаар шийдээд буй аж.

Энэ бол орон нутгаас хэдэн мянгаараа Улаанбаатарыг зорин ирэгсдийн нийтлэг дүр төрх. 2017 оноос өмнө нийслэлд жилд 30 мянган хүн орон нутгаас албан ёсоор шилжин ирдэг байсан. Өнгөрсөн жил энэ шилжилт хөдөлгөөнийг хориглох шийдвэр гарснаар хөдөөнөөс хотыг зоригсдын тоо 10 мянга болж, гурав дахин буурсан.

Гэвч энэ бол зөвхөн албан ёсны тоо. Иргэд нүүж ирсэн газартаа бүртгүүлэхгүй л байгаагаас биш бодит байдалд шилжин ирэгсдийн урсгал буураагүй байна. Тухайлбал, Шархад буюу Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд бүртгэлгүй 1000 орчим өрх амьдарч байгаа аж.

Нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг бууруулах зорилготой энэ хориг эсрэгээрээ шилжин суурьшигчдын мэдээллийг бүр далд хэлбэрт оруулжээ. Хүн амын сургалт, судалгааны төвийн 1000 гаруй өрхөөс авсан түүвэр судалгаанд дурдсанаар Улаанбаатарт шилжин ирэгсдийн 50.9 хувь нь нүүж ирсэн газартаа бүртгүүлээгүй байна.

Орон нутгаас Улаанбаатарт нүүн ирж буй иргэд амьдралаа дээшлүүлэх, ойр дотнынхонтойгоо ойр амьдрах гэсэн хүсэлтэй байдаг.

Тэднийг ажлын байр хомс, амьдрах орчин тааруу, хөгжил буурай нутагтаа үлдээд насан туршдаа амьдар гэж хэлэхэд хэцүү. Тэд ч бас Монгол улсын иргэд учраас төрийн халамж, үйлчилгээг ямар нэг байдлаар хүртэх эрхтэй. Улаанбаатарт шилжин ирэгсдэд хамгийн их тохиолддог хүндрэл бол газар, орон байр.

Ихэнх нь л гэр хороололд, дэд бүтэц муутай газарт ирж суурьшдаг.

Үерийн аюултай эсвэл уулын энгэрийн далий газрыг ч гололгүй хашаа хатгадаг учраас наанадаж түргэн тусламж, галын автомашин олж очиж чаддаггүй. Зам, гэрэлтүүлэг сул учраас иргэд гэмт хэрэгт өртөх магадлал хэд дахин өндөр. Мэдээж, орон нутгаас ирээд ажил, амьдрал нь зүгширсэн хүн олон бий. Харин их хотын урсгалд хөл алдаж буй нь ч цөөнгүй.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд гэхэд нэн ядуу, эрсдэлт бүлэгт багтсан өрхийн олонх нь орон нутгаас шилжин ирэгсэд байдаг. Хорооноос халамж, үйлчилгээ үзүүлье гэхээр нөгөө л бүртгэлийн асуудал саад болдог байна.

Улаанбаатарт бүртгэлгүйгээр суурьшсан иргэдийн дийлэнх нь 29-35 насныхан. Нэг талаас эдийн засгийн хамгийн идэвхтэй бүлэг бол нөгөө талаас нөхөн үржихүйн наснынхан.

Орон нутгаас ирсэн эмэгтэйчүүд зөвхөн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд очиж төрөх боломжтой. Үүнээс үүдээд тус эмнэлгийн ачаалал хэт дахин нэмэгддэг. Зарим жирэмсэн эмэгтэйчүүд харьяалалгүйн улмаас жирэмсний хяналтад орж чадалгүй энд ирдэг нь улам хүндрэл үүсгэдэг байна.

Нийгэмд бодитоор оршин байгаа үзэгдлийг хүчээр хорьж цагдах нь асуудлыг улам далд хэлбэрт оруулдаг. Төрийн хувьд бараг л хүний тооноос хасагдчихаад байгаа тэд албан ёсны бүртгэлгүй учраас тэдний аж амьдрал, эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын мэдээлэл бүртгэгддэггүй, аливаа шийдвэр гаргахад нөлөөлдөггүй.

Орон нутгаас нийслэл рүү нүүн ирж буй иргэдийн 46.9 хувь буюу бараг тал нь эдийн засгийн шалтгаанаар уугуул нутгаа орхидог.

Өөрөөр хэлбэл, ажлын байр, илүү орлоготой болохын төлөө ийм шийдвэрт хүрдэг гэсэн судалгаа гарсан. Тиймээс нийслэлийн хэт төвлөрөл, шилжилт хөдөлгөөнийг хумихын тулд урт хугацаандаа орон нутагт ажлын байр бий болгож, иргэдийн амьдрах орчинг сайжруулах ёстой.

Харин тэр хүртэл хотын албан бус иргэн болсон тэдний нийгмийн асуудалд анхаарах нь зайлшгүй шаардлагатай болжээ. Ядаж л бяцхан үрсийн амьдрах орчин, аюулгүй байдалд төрийн зүгээс анхаарал тавьж, нийгмийн халамжийн бодлогоо арай уян хатан болгомоор байна.

Эс бөгөөс төрийн халамж, хараа хяналтаас далд бүхэл бүтэн арми бий болох нь.

ЗГМ: ТОДРУУЛГА
ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН ОЛОНХ НЬ ШИЛЖИН ИРЭГСЭД

Сүхбаатар дүүрэгт хотын захын олон хороод хамрагддаг бөгөөд орон нутгаас шилжин ирэгсдийн тоо жил бүр нэмэгд­ сээр байгаа. Энэ талаар тус дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Ц.Хулангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүхбаатар дүүрэгт орон нутгаас ирж суурьшсан иргэдэд ямар бэрхшээл тулгамдаж байна вэ?
-Манай дүүрэгт хотын хойд захын маш олон хороо хамрагддаг. Гэвч сүүлийн үед шилжилтийн бүртгэл хийлгээгүй айлууд олноороо нэмэгдэж байгаа.

Улаанбаатарт газар олоход бэрх учраас ихэнх нь уулан дээр задгай гэсэн хаягтай амьдардаг. Хороон дээр бүртгэлгүйгээс үүдэлтэйгээр нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэхэд хэцүү.

Халамжийн тухай хуульд 180 хоног хүртэл оршин суусан бол үйлчилгээ үзүүлнэ гэж заасан ч орон нутгаасаа шилжүүлээгүй учраас үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй.

Тухайлбал, яг гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх гэхээр нөгөө л бүртгэлийн асуудал гарч ирж, маш их хугацаа алддаг. Бид аль болох богино хугацаанд зуучилж, асуудлыг нь шийдэж өгөхийг хичээж байна.

-Хөдөөнөөс ирсэн хүүхдүүдийн аюулгүй байдал ямар байна вэ?
-Манай дүүргийн хэмжээнд эрсдэлтэй гэсэн ангилалд 150 хүүхэд багтдаг. Ихэнх нь орон нутгаас ирсэн.

Аав, ээж нь ажилгүй, архины хамааралтай өрхүүд цөөнгүй бий. Эдгээр өрхийн хүүхдүүд наанадаж үл хайхрах хүчирхийлэлд өртдөг. Цаашлаад яривал олон эрх нь зөрчигдөж байгаа.

Нэг хашаанд таван айл ирж буудаг. Ийм нөхцөлд бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр.

Ер нь нуулгүй хэлэхэд, манай дүүргийн жишээнээс харахад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийн дийлэнх нь орон нутгийн харьяалалтай байдаг.

Засгийн газрын мэдээ