Хэл шинжлэлийн доктор, багш Ч.Чимэгбаатартай ярилцлаа.


-Их сургуулийн багш юун дээр голчлон анхаарах хэрэгтэй вэ?

-Багш хүн тодорхой хөтөлбөрийн дагуу хичээл заахаас гадна нийгмийн байдал, хөгжлийн хандлага, залуучуудын сэтгэлгээний онцлогийг нарийн харж байх ёстой гэдгийг би чухалчилдаг. Яагаад гэвэл сургалтын хөтөлбөр нь цэгцтэй багшийн хичээл нэг өөр. Сурагчид нь багаасаа ухамсар суучихсан байдаг ч юм уу. Хөтөлбөрийнх нь онцлог, улс үндэстнийх нь сэтгэлгээ, хөгжлийн түвшинээс хамаараад багш бүрийн харилцах чадамж өөр байдаг. Энэ бүгдийг харгалзахгүйгээр надад нэг зүйл ажиглагддаг. Гадаадын их, дээд сургуулийн багш, оюутнуудын харилцааг яг тэр хэвээр нь Монголд буулгах гээд байдаг. Ингэхээр оюутных нь түвшин, бие даах чадвар, сэтгэлгээ, ухамсар зөрчилддөг. Үүнээс багш, оюутны харилцаа зөрчилдөж эхэлдэг. Багш хүн үүнийг л сайн анхаарч байх ёстой юм шиг санагддаг. Ингэхдээ юуг, яаж заах вэ, юун дээр голчилох вэ гэдгийг багш өөрөө олж мэднэ гэсэн үг.

-Та хэл бичгийн мэргэжилтэй хүн. Зөв бичгийн дүрмийн зөрүүтэй ойлголтыг олон нийт шүүмжилдэг. Үүн дээр таны бодол?

-Зөв бичгийн дүрэм гэж хэцүү зүйл бий. Энэ олон эрдэмтэн байдаг мөртлөө зөв бичих дүрмээ аятайхан болгочихгүй юм даа гэсэн яриа их байдаг. Би ч гэсэн өөрөө ичдэг. Энэ талаар зөндөө бичсэн. Үр дүн гардаггүй. Монгол хэлний сургалт ямар байгаа нь амьдралаас шууд харагддаг. Телевизийн нэвтрүүлгүүдийг дандаа л хүмүүс шүүмжилдэг. Энэ чинь болохгүй байна шүү гэсэн ард түмний үнэлэлт. Хүүхдүүд, нэвтрүүлэгч, хөтлөгчид нь аятайхан ярьдаг байсан бол юу гэж ийм яриа гарах вэ дээ. Болохгүй болоод л “Болох оо байлаа” гэж яриад байгаа юм. Тэгэхээр сургалтын хөтөлбөр болохгүй байна гэсэн үг. Энэ нь үндэстэй. Бид сургуульд хэрэглээний хэл зүй биш, судалгааны хэл зүй заагаад байна. Зөв бичих дүрэм гэдэг нь үүнийг ингэж бичдэг шүү гээд хуулан бичлэг, цээж бичиг хийлгэдэг. Яг хэлний амьд хэрэглээг заадаггүй. Монгол хэлний сурах бичгүүдийг харахад тэнд ерөөсөө хэрэглээний талаас нь биш, хэл зүй гэдэг хүн ойлгохын аргагүй юмыг л оруулсан байдаг. Уг нь сурах бичиг гэдэг их ойлгомжтой байх ёстой шүү дээ. Би өөрөө их сургуульд багшилдаг. Оюутнуудын бичгийн чадвар их хэцүү. Тэгэхээр бид дунд сургуульд зөвхөн судалгааны хэл зүй ороод байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээний хэл зүй, хэрэглээний монгол хэлийг заадаггүй. Хэрэглээний монгол хэлийг ярианы, бичгийн чадвар гэж хоёр хуваадаг. Үүнийг дунд сургуульд заадаг байсан бол хүүхдүүд өөрийгөө зөв ойлгуулж ярих чадвартай, эсээ, намтар, өргөдөл, гомдлоо бичдэг, хүний хэрэгцээний анхан шатны мэдлэгтэй болоод гарах боломжтой. Гэтэл дунд сургуулийн монгол хэлний сургалт зөвхөн зөв бичих дүрэм рүү чиглээд байна. Энэ бол хамгийн том дутагдал. Жил бүр ийм хүүхэд төгсөөд байгаа юм чинь тэр хэмжээгээрээ нийгмийн хэлний боловсрол, чадвар муудаад байна гэсэн үг. Маш амархан цогц дүрэм боловсруулчихаад байхад үүнийг авч хэлэлцдэг газар алга. Би бол их амархан дүрэм гаргасан юм. 13 дугаар ангид дүрмээ үзээд, үлдсэн хугацаанд нь бусад шүлэг цээжлэх, уран зохиол унших, зохион бичих гэх мэт чадварыг эзэмшинэ.

-Багш, тэр дундаа их сургуулийн багш хүн оюутнууддаа ямар арга барилыг эзэмшүүлэх ёстой вэ?

-Багш хүн хүүхдүүдэд сурах аргыг эзэмшүүлж байх ёстой. Олон улсын их сургуулиудыг сургах аргаар нь эрэмбэлдэг. Жишээ нь, амьдралд учирч болзошгүй асуудлуудыг шийдэх аргыг их сургууль заагаад өгчихдөг. Манайхан ямар шалгуур жишгээр эрэмбэлдэгийг нь мэддэггүй. Америкийн том том их сургуулиуд чинь арга л заадаг. Тэгээд тэр сургуулиудыг төгссөн хүн тухайн орныхоо сайд, удирдагчийг нь хийгээд яваад байна гэдэг нийгэмд учирч болзошгүй бэрхшээлийг шийдэх аргыг заагаад байна гэсэн үг. Сургуулиа төгссөн л бол ямар ч шатны ажлыг хийх чадвартай байдаг. Энэ бол чухал. Гэтэл манайд оюутнуудад амьдрах арга, сурах аргыг заах ёстой гэдгийг ойлгодоггүй юм шиг. Эсвэл ойлгосон хэрнээ яаж нэвтрүүлэхээ мэддэггүй юм уу нөгөө л нэг онол, практикаа заагаад байдаг. Дунд сургуульд боловсролын зөв суурийг тавьдаг, их сургуульд арга заадаг байх ёстой. Тухайн их сургуулийг төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах явцад гарч болох асуудлыг хэрхэн шийдэх аргыг багш заах юм. Би өөрөө энэ бодлынхоо дагуу хичээлээ заадаг. Зарим оюутнууд үүнийг хүлээж авах бэлтгэлгүй байдаг. Оюутнуудын чадавх янз бүр л дээ. Их сургуулийн оюутнуудын гуравны нэг нь сайн сурдаг. Гуравны нэг нь дагаад ойлгох чадвартай байдаг. Харин үлдсэн хэсэг нь юу ч сураагүй төгсдөг. Мөн зарим эрдэмтэд дунд сургуульд эх хэл л заах ёстой гэдэг. Нэг ёсондоо эх хэлээ сайн сурахаар илэрхийлэх чадвар, логик сэтгэлгээтэй болдог юм. Өөрийгөө цэгцтэй илэрхийлэх чадварыг дунд сургуульд эзэмшүүлэх юм. Энэ мөн л бодууштай зүйл.

-Хувийн их сургуулиуд олширч, чанаргүй боловсон хүчин бэлтгэх боллоо гэдэг шүүмж нийгэмд байдаг. Таны бодлоор энэ юутай холбоотой вэ?

-Манайх хуулиараа их сургуулийн зөвшөөрлийг өгчихсөн байдаг. Тэгэхээр их сургууль байгуулагдаж байгаа нь зүй ёсны үзэгдэл. Өрсөлдөөнөөс шалгарах үзэгдэл манайд их удаан яваад байгаа юм. Үнэхээр чадахгүй юм байна гээд өрсөлдөөнөөс гардаг даа. Энэ үзэгдэл манайд болохгүй байна. Үүнийг аттестатчилалаар хүчээр хийх гээд байгаа юм. Ийм арга байж болох л байх. Гэхдээ уг нь жам ёсоороо хаалгаа барих нь зүйтэй.

-Таны хэлж байгаагаар өрсөлдөөнд бууж өгөх, ялагдах үзэгдэл гарахгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Нөгөө их сургуулиуд нь тасарч өгөхгүй байгаа юм. Зөвхөн нэрээрээ хоолоо олж идээд байна гэсэн үг. Их сургуулиудын чанар бусдаасаа тасрах юм бол үлдсэн хэд нь чирэгдээд аяндаа хаалгаа барина. Нөгөө талаасаа нийгмийн хандлага үүнтэй холбоотой. Нийгэм хэдий чинээ сайн төлөвшинө, төдий чинээ их сургууль боловсорч, нийгмээ дагаад явна. Манайд их сургуулиудын дунд өрсөлдөөнд ялагдах процесс харагдахгүй байна гэдэг чинь нийгэм нь ийм байна гэсэн үг. Хэрвээ нийгмийн хэрэгцээ шаардлага өндөр байсан бол энэ олон сургуулиуд чинь өрсөлдөөнд унана шүү дээ. Тэр нийгмийн шаардлагыг давахгүй хэд нь үүдээ хаана. Ийм явдал гарахгүй байгаа нь тэр сургуулиудыг төгссөн оюутнууд төгсөөд ажлын байртай болж чадаад байгаа хэрэг. Хэрвээ нийгэм чанга байсан бол боловсролын тогтолцоо чанга байх байлаа.

-Та багшлаад хэдэн жил болж байна?

-1988 онд төгсөөд багшилсан. 30 жилийн турш энэ ажлаа хийж байна даа.

-Таныг анх багш болох үеийн болон одоогийн оюутнуудын дунд ялгаа бий юу?

-Байгаа. Нийгэм нь өөрчлөгдчихсөн учраас арга ч үгүй биз. Одооны оюутнууд хүний үгийг сонсохгүй. “Өө ингэж л байдаг юм” гэсэн маягаар хандана. Дөжирчихсөн гэх юм уу. Юм суръя гэсэн хүүхдүүд тэр дунд бий. "Өрсөлдөөн та нарыг хүлээж байна. Энэ өрсөлдөөнд хэн аргыг эзэмшсэн нь тэсч үлдэнэ шүү” гэж хичээл дээрээ хэлдэг юм. Харин хуучин цагт оюутнууд хүний үгийг бүгд сайн сонсдог байсан. Ганц би ч биш бүгд л хэлдэг байх. Хандлагын зөрүү их харагддаг. Харин хичээл хийх ур чадварын хувьд ялгаа харагддаггүй. Хийх хэд нь хийнэ. Хийхгүй хэд нь хийхгүй. 30 жилийн өмнө ч ийм байсан.

Э.ЯНЖМАА

Өдрийн сонин