Хийлч Ч.Дэлгэрцэцэг гэх нэрийг сонсоод түүнийг хүн болгон таньдаг. Тэрбээр эцэг эхээс дөрвүүлээ бөгөөд айлын ганц охин. Долоон настайдаа хөгжим бүжгийн сургуулийн багш нарт шалгуулж, хийл хөгжмийн ангид оржээ. 12 жил суралцаж Хөгжим бүжгээ төгсөөд СУИС-д ангиараа орсон ч тэрбээр ганцаараа өөр шийдвэр гаргаж ШУТИС-ийн Англи хэлний сургуулийн инженер, орчуулагчийн ангид элсэн орсон гэдэг. Мөн АНУ-ын Мичиган мужийн “Grand Valley” их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн юм. Анх “Хэнтийн өндөр ууланд” аялгууг тоглож олны танил болсон. 

Тэрбээр чөлөөт уран бүтээлч байсан юм. Харин өнгөрсөн оноос эхлэн Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болж уран бүтээлээ үзэгч олондоо хүргэсээр байгаа билээ.

Хийлч бүсгүй маань хайрын тухай "Хайр бол ус. Эмэгтэй хүн 30 минут тутамд балга ус ууж байх хэрэгтэй.  Хайр яг л ийм зүйл. Эмэгтэй хүн эр хүнээс юу хүсдэг гээч. Хайр халамжийг л хүсдэг. Ганцхан үүнийг өгчихөд л бусад нь аяндаа болоод явчихдаг. Хайр халамж жаахан дутаад ирэхээр  л эмэгтэй хүн гундаж эхэлдэг. Дотор нь  зэвүүцэл, гутрал төрдөг. Бүх юм утгагүй санагддаг. Тэднийг хайрлаад л байвал чиний төлөө юуг ч хийнэ. Балга ус шиг хайраар эмэгтэй хүн амьдардагюм шүү дээ. Гэхдээ тэр усны ундаргыг эмэгтэй хүн өөрөө бий болгодог байх хэрэгтэй юм шиг байгаа юм" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Д.Ана