Хошин урлагийн “Маск” продакшны залуу жүжигчин А.Гэрэлцэцэгийг урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг хэмээн үзэгчид дүгнэдэг. Тэрбээр СУИС-ийг 2004 онд найруулагч, жүжигчин мэргэжлээр төгссөн. 

Жүжигчин бүсгүй ажлын гараагаа хошин урлагаас эхэлж, өдгөө ч энэ салбартаа ажиллаж байгаа билээ. Төгсөх курстээ “Шинэ үе” продакшнаас зохион байгуулдаг уралдаанд Эдуард Разинскийн “Эрчүүдийг үзэн ядна” жүжгийн гол дүрээр оролцож, тус продакшны захирал МУГЖ, жүжигчин  Бооёогоос “Манай хамтлагт орж ажиллаач ээ” гэсэн санал авч байсан гэдэг.  Үүнээс хойш  "Маск" продакшныг анх байгуулагдсан цагаас нь эхлэн жүжигчнээр өнөөг хүртэл ажиллаж байгаа нэгэн.

Тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа "Би жүжигчин мэргэжлийг эзэмшээгүй байсан бол төгөлдөр хуурч болох байсан. Намайг бага байхад ээж маань Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид бүртгүүлээд 3-р шатандаа хэнэггүйтэж тэнцээгүй гэдэг" хэмээн хуучилжээ. Багаасаа цэцэрлэг, сургуулийн урлагийн үзлэг, нийтийн дууны уралдаан зэрэг урлаг, соёлын арга хэмжээнд дандаа идэвхтэй оролцдог байсан нь түүнд жүжигчин болоход нь суурь болж өгсөн байна.

Д.Ана