Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн  Б.Батзоригийг  ЖДҮ-ийн хэргээр шүүх хурал болж байсан билээ.  Энэ үеэр хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх хүсэлтийг  шүүх хангаж хэргийн оролцогчдыг гэм буруутай гэж үзэн , хорихгүйгээр торгох ял оноогоод өнгөрсөн билээ. Үүнийг прокуророос эсэргүүцсэн бөгөөд энэ хэргийн гэм буруугийн шүү хурал өнөөдөр БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт товлогдоод байсан юм. 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.04.06-ны өдөр хэлэлцэхээр товлосон.

Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлсэн байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2020-04-22-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлууж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, Б.Батзоригийг өөрийн хамаарал бүхий компанид гурван тэрбум төгрөгийн зээл авч, 8.6 тэрбум төгрөг бусдад хууль бусаар олгосон гэм буруутайг тогтоосон байна. Энэ дагуу Нийслэлийн прокурорын газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж Б.Батзоригт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр яллах дүгнэлт үйлдээд байгаа. Хэрвээ шүүхээс 22.1.3-т заасан “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил жил хүртэл хугацаагаар хасаж 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа.

Шүүхээс хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар би эргэж мэдээлэх болно.