1954-1990 оныг Монголын аялал жуулчлалын суурь хөгжлийн үе гэж тодорхойлдог ба Монголын хувьд харьцангуй шинэ залуу салбар гэгддэг. Монголын аялал жуучлалын салбар нэгэн үеэ бодвол овоо хөл дээрээ боссон. Гэхдээ л манайханд гаднаас суралцах зүйл их байна. 

Өнгөрөгч сард  ОХУ-ын Эрхүү муж болон Буриад Улсын хооронд сунан тогтох дэлхийн хамгийн гүн цэнгэг устай ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн БАЙГАЛЬ  нуурыг толилдохоор аялалд гарсан юм. Сүүлийн жилүүдэд монголчууд уг нуурыг зорих нь ихэсчээ. Улсын нийслэл Улаанбаатараас тал бүрээс цугласан 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр аялалын замдаа гарлаа.

 

Эхлээд үүнээс өмнөх үйл явдлыг цухас дурьдая. Аялалын компаниа сонгох гэж их л судалгаа хийлээ. Үүний эцэст сошиал орчноос олон улсын аялалыг хүртэл хийдэг гэх "Бүх үндэстний аялал ХХК" буюу "Эн трэйвэл ХХК" -ны Байгаль нуур руу 5 өдөр 5 шөнө аялалыг сонгон, гэрээгээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө тушаав.

Үлдэгдэл төлбөрөө аялалд явахаас 7 хоногийн өмнө тушаахыг гэрээнд заасан байлаа. Ингээд зургаадугаар сарын 26-нд явах аялалын өдрөөсөө өмнө үлдэгдлээ дансаар шилжүүлэхээр болж, тус компанийн менежер О-тэй утсаар холбогдоход захирал А-гийнхаа хаан банкны данс руу шилжүүлчих гэв. Мөн 5 өдөр 5 шөнө гэж сонгосон аялал гарах боломжгүй болсон 4 өдөр 4 шөнийн аялал явахаар болсон гэхээр нь "зөвшөөрч орхилоо". Манай компани наадмын урамшуулал зарласан байгаа гээд үлдэгдэл тушаах мөнгө тодорхой хувиар буурсаныг ч дуулгаад, явах өдрийн өмнөх өдөр утсаар холбогдож хаанаас, хэдэн цагт хөдлөхөө хэлнэ гэсэн юм. Гэвч залгаж, хэлэхгүй байхаар нь "өөрөө" холбогдож асуутал "Манай нэг жолооч ирээгүй байгаа. Тэр хүнийг ирэхээр цагийг нь мэдээд хэлье" гэлээ. Ингээд буцаж залгахыг нь хүлээсээр орой болчихлоо. Менежерүүдийн ахлах гэх Ш руу утас цохиж асуутал эргээд холбогдоё гэсэн хариу өгөв. Ингээд удалгүй юнителийн дугаараас ажлаа мэддэг нэг хүн холбогдож овоо хэдэн мэдээлэл өгөх нь тэр.

Ингээд  товлосон цагт нь Мөнгөн гүүр эмнэлгийн зогсоол дээр очлоо. Хоёр автобус аялалд гарахаар зэхэж зорчигчдоо хүлээн зогсож байв. Монголчууд цаг баримталдаггүй занд залуус ч мөн суралцаагүй явна. 10 цагт хөдлөх автобус 11 цаг өнгөртөл аялагчдаа хүлээв. Цагтаа ирсэн хүмүүс нөгөө нөхдийг чилийтэл хүлээлээ. Замдаа гараад "хөтөч" аялалын багаа танилцуулахад өнөөх гэрээ байгуулсан компаниараа биш "өөр" компанийн аялагч болсон гэдгээ мэдэв. Утсаар удаа дараа холбогдож байхад ганц ч удаа "та өөр компаниар аялах болсон" гэж хэлээгүй тэр ч бүү хэл "өөр компанид шилжүүлсэн гэдгээ ч мэдэгдээгүй" юм. 

Хол замд гарч буйгаа билэгдээд хэл ам хийлгүй "Глобал тур" компаниараа "Аглаг бүтээлийн хийд-Иволгин дацан, Итгэлт хамба гэсэн маршрутаар явсаар Байгаль нуурын эрэг дээрх бааз дээрээ ирлээ. 

Замд аялаж яваа монголчууд хаа дуртай газраа бие засаж, аваараа асаагаад л шууд зогсчихдог улс гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл Хиагтын хил даваад л ОО буюу бие засах байхгүй бол зогсож морь харах асуутал байхгүй. Зөвхөн ОО байгаа газарт л зогсоно. Энэ дүрмээр монголчууд явж чадаж л байна лээ. Үүний дотооддоо ягштал хэрэгжүүлэхийг уриалмаар байна. Мөн замдаа тал газар бараг харсангүй. Битүү ой мод, цэвэрхэн ч гэж янзтай. Нөгөөтэйгүүр, зам ярих юмгүй. Жижиг нүх гарчихсан байхад л засаад явж байхтай хэд хэдэн удаа тааралдав. Зам дагаж хөгжил гэж...

Байгаль далайн эрэг дээр ч мөн адил цэвэр цэмцгэр ганц ч ширхэг чихрийн цаас үгүй. Гэтэл манайхан Туул голын ай савдаа амарч зугаалахдаа хэдэн шуудай хог хаядаг билээ. Муу сайн гадныхан гэж ам алдахаасаа өмнө суралцах зүйл их байна. Хоёр хөршөөсөө суралцаж байж бидний цөөхөн монголчууд хөгжин дэвшинэ. Ой модонд зугаалж явж байгаад хаа хамаагүй "биеэ засах" асуудал манайд бол энгийн үзэгдэл. Тэгвэл тэнд тийм биш ой модонд морь харсан монгол цагдаад баригдаж торгууль төлсөн. 

Эргээд монголд болсон асуудлаа сөхье. Байгаль нуур дээрээ хоёр хоног байрлах байрыг эндээс явахдаа "Бүх үндэстний аялал ХХК" буюу "Эн трэйвэл ХХК" модон, душтэй, интернэт холбогдох 3хүний өрөө гэж захиалга өгөөд гэрээгээ байгуулсан. Харин бодит байдал дээрээ гэрээ байгуулсан компаниараа аялаагүй учир нөгөө компани автобусанд хамтдаа ирсэн 2 аялагчийг нэмээд 5 хүний өрөөнд "өөр сонголт" байхгүй гээд оруулчихав. Анх гэрээ байгуулсан компанийн ахлах менежер гэх Ш-тай тэнд тааралдаж яагаад ингэж аялагчаа шилжүүлсэн, анх хийсэн гэрээний дагуу байрандаа орж чадсангүй гэдгээ хэлэхэд "Эднийх хамгийн сайн хоолтой бааз. Өрөөний сонголтын хувьд өөр сонголт байхгүй байна" гэсэн тайлбар хийв. Гэр бүлээрээ аялаж явсан хүмүүс ч мөн адил танихгүй хүнтэй нэг өрөөнд орсон. Уг нь гэр бүл, найз нөхдийн халуун дулаан нандин дурсамжийг бүтээхээр тэд алс хол аялаж яваа. Гэрээ байгуулахдаа сайхан ааш үзүүлчихээд ХИЛ давсан хойно лөөлэй болдог. Энэ аялал жуучлалын компаниудаа ЯАМ нь анхааралдаа авах цаг нь хэдийнээ болжээ. 

Манай улсын аялалын компанийн үнэн төрх ийм л байна. Монгол хүн амны билгээс ашдын билиг гээд аяласан сайхан дурсамжаа баллахгүй нь тулд "муухай" болгоныг дэлгэхгүй чимээгүй өнгөрдөг нь гэм биш зан. Тэгэхээр гадны жуулчдыг татах гэж чармайж байгаа монголын аялал жуучлалын хөгжил хаашаа яваад байна даа. Эцэст нь хэлэхэд, хэн нэгэн компанийн нэр хүндэд халдах гэсэнгүй. Бодит байдлыг л буулгахыг зорилоо.