ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна.

Шүүх хурлын явцын талаар Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр, "Өчигдөр эд мөрийн баримтаар хураасан бичлэгүүдийг шинжлэн судлаад дууссан. Харин өнөөдөр бичгийн нотлох баримт буюу хавтаст хэргийг шинжлэн судлах ажил явагдаж байна. Хохирогчийн өмгөөлөгч болон улсын яллагч бичиг баримтыг судлаад дууссан. Одоо шүүгдэгчийн өмгөөлөгч нотлох баримтыг шинжлэн судалж байна.

Бичгийн нотлох баримтаа шинжилж судалж дуусаад, дүгнэлтээ гаргана. Дүгнэлтээ хэдий хэр хугацаанд гаргахыг одоо урьдчилан хэлэх боломжгүй. Шүүх хуралд, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцож байгаа. Биеийн байдал нь сайн байна" гэлээ.