Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг сүлжээнээс манай улсад  хийсэн судалгааны тайланд “Монгол Улсад өндөр түвшний авлига газар авсан байна, Улс төрийн албан тушаалтнуудын шударга ёсны хэм хэмжээг тогтоосон дүрэм журмын хэрэгжилт сул байна, Монголчуудын 81 хувь нь авлигыг мэдээлэх шууд утас байдаг талаар мэддэггүй, АТҮХ-ийн талаар оролцогчдын 70,7 хувь нь мэдэхгүй” гэж дурдагдсан байдаг. Тиймээс дээрх авлигын эх үндэс болсон асуудлууд аймаг, сумдад хэрхэн нөлөөлж байгаа талаар бодит байдалтай танилцах шаардлага зайлшгүй учирсан болохоор АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөн өнгөрсөн сард хэд хэдэн аймаг, сумдаар явж ажиллажээ.  

Тодруулбал, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймаг болон Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дарьганга, Замын-Үүд, Айраг, Шивээговь сумдад ажиллахдаа түүврийн аргаар 640 иргэнийг судалгаанд оролцуулсан байна. Ингэхдээ авлигаас УССГ чиглэлийн 1258 ширхэг материал түгээж, авлигаас ангид байх дотоодын болон олон улсын мэдээллийг 420 орчим иргэдэд таниулан, 40 гаран иргэдтэй уулзаж, Орон нутгийн Хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сангаас зээлээр хэрэгжиж буй ЖДҮ-ийн 11 нэгжийн үйл ажиллагаатай танилцжээ. Түүгээр ч зогсохгүй АТГ-аас 2017, 2018 онд орон нутагт ажилласан удирдамжийн дагуу аймаг, сум бүрээс холбогдох мэдээлэл нийт 540 хуудас материал авч хянан танилцсан байна.

Олон нийтийн зөвлөлийнхний авсан судалгаагаар 91,4 хувь нь төсвөө мэдэхгүй, 96,9 хувь нь ОХНС, СХС-ийн төсөв, зээл олголт буцаалтын талаар мэдэхгүй, 77,03 хувь нь Авлигаас УССГ сургалт явагдаагүй, 90,6 хувь нь Авлигыг мэдээлэх утас байдгийг мэдэхгүй, эмнэлэг, ЗДТГ, Хууль хүчний байгууллага хүнд суртал чирэгдэл ихтэйгээрээ тэргүүлжээ. Дээрх ОУ-ын байгууллагаас явуулсан судалгааны дүн хөдөө орон нутагт ч давтагдсан нь энэ.

Энэ талаар ОНЗ-ийн дарга Г.Баасан “Хөдөө орон нутагт ажиллаж байхад их эвгүй сэтгэгдэл төрж байлаа. Монголчууд маань ЖДҮ, ЖДҮ гэж их ярьдаг. Орон нутгийн сан, Сум хөгжүүлэх сангийн зээл олголт нь яг л ЖДҮ шиг болчихож. Хэнд зээл өгдөг юм бэ гэдгийг иргэд нь мэдэхгүй байна билээ. Дээрээс нь иргэд аймгийнхаа төсвийг мэддэггүй юм байна. Нэг үгээр хэлбэл манайх гэдэг айл хэдэн төгрөгийн орлоготой вэ гэдгийг өрхийн бүх гишүүд мэдэж байх ёстой шүү дээ.   

Бага зээлийн үйлдвэрлэл нь бодитоор ажиллаж байна. Харин өндөр дүнтэй зээлийн ажиллагаа яаж явж байгааг нь очоод шалгах гэсэн чинь байхгүй байсан. Гахайн фермээ мялзан гараад устгачихсан гэсэн хэрнээ дахин зээл аваад явж байх жишээтэй. Тиймээс мэдээллээс нууц бас нэг ЖДҮ явж байна гэж бид харсан.

Дээрээс нь төрийн албаны тогтолцоо данхар болсон байна. Татвар, НД, Халамж, Газар, Бүртэл, Байгаль хамгаалах гэх мэт босоо тогтолцоотой, орон нутагт огт захирагддаггүй  алба ажиллаж байгаа нь хэт үрэлгэн байна. Тухайлбал, 2000 гаруй хүн амтай суманд бүртгэгч өдөрт нэг л хүн бүртгэх нь ээ.

Авлигаас ангид байх гол үндэс нь төсвөө, сангуудын хуримтлал хөрөнгөө, хэдэн төгрөгийн зээл хэн авч байгааг, ямар үйлдвэрлэл явуулах гэж байгааг, ашиг сонирхлын зөрчилгүй байхын тулд яаж ажиллаж байгаа зэрэг иргэд зайлшгүй мэдэх шаардлагатай мэдээллийг нээлттэй байлгах, АТГ-ын мэдээлэл хүлээн авах утсыг нийтийн нүдэнд байрлуулах зэрэг ажлыг  улсын хэмжээнд шуурхай явуулахыг Засгийн газраас үүрэг болгох хэрэгтэй байна” гэв.

Мөн ирэх сарын 1-нээс 21 аймаг, бүх сумдад, дүүрэг, хороодод дээрх мэдээллийг багтаасан самбар байршуулаасай гэж хүсч байна гэлээ. Энэ ажлыг авлигатай тэмцэх анхан шатны ажил гэж харсан хэмээв.