Монголчууд хэнэггүй зан дээр нь "гэнэн" хонгорууд. Энэхүү гэнэн занг нь ашиг, хонжоо хайгчид дор нь өлгөж аваад залилдаг гэхэд буруудахгүй. Байртай болох гэсэн чин хүсэл иргэдийн дунд ихээхэн байгаа. Өөрсдийн орлогоосоо үүдээд банкны зээлээр байртай болж чадахгүй олон айл өрх бий. Тэд хаана, ямар аятайхан боломж гарч ирэхийг хүлээж суудаг. Гэтэл одоогоос дөрвөн жилийн өмнө иргэдэд өөрийн санхүүжилтээр жилийн 5 хувийн хүүтэй ипотекийн зээл болгож, орон сууцтай болох боломжтой төслийг "Нарны хүү, сарны охин" компани эхлүүлжээ. Гэвч тус компанийн энэхүү төсөл нь захиалагчдаа хохироосон хэрэг болж хувираад байна.

“Нарны хүү, сарны охин” компанийн  захирал Д.Гүрсоронз,  Д.Дариймаа нар нь 500 гаруй иргэдээс байрны урьдчилгаа нэрээр дөрвөн тэрбум гаруй төгрөг залилжээ. Байрны захиалга өгсөн 300 орчим иргэн урьдчилгаа мөнгөө авахыг шаардсан ч өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулж чадаагүй байна. Тодруулбал, тус компани "Амар амгалан" хотхоны 1,2,3 байр нь өнгөрсөн жилээс эхлэн захиалга авч, энэ оны наймдугаар сард ашиглалтад орно гэж иргэдэд итгүүлж,  цалингийн зээлтэй болон нийгмийн даатгал төлдөг эсэхээс үл хамааран тэтгэврийн насны иргэд ч  5 хувийн хүүтэй байранд орох боломжтой гэсэн саналыг тавьсан байгаа юм.

Хохирогчдын зүгээс тухайн орон сууцны байршил нь таалагдсан, маш боломжийн үнээр байртай болох нь гэж итгээд мөнгөө өгөөд ийн алдсан байна. Энэ талаар хохирогчдын төлөөлөл Д,Гүрсоронз,  Д.Дариймаа нарыг цагдаагийн байгууллагаас саатуулж, хохирлоо барагдуулахад нь туслахыг хууль хүчний байгууллагаас хүслээ. Хохирогчдын төлөөлөл иргэн С.Батсүх "Амар Амгалан-2 байранд хоёр өрөө орон сууц захиалах гэрээгээ өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард байгуулахад энэ оны наймдугаар сард ашиглалтад орно гэсэн ч өнөөдрийг хүртэл байранд орж чадалгүй, цалингийн зээлтэй л үлдлээ. Байрны 30 хувийн урьдчилгаа мөнгө 19 сая төгрөг өгсөн ч буцааж авч чадсангүй. Мөнгөө өгөхөөсөө өмнө бүгдийг нь судалсан юм. Анх дөрвөн давхар байр харуулаад удахгүй барилгын ажил нь дуусна гэж борлуулагч нь хэлсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч тоосго нэмэгдээгүй. Мөнгөө буцааж авья гэхээр мөнгө чинь байрны чинь барилгад зарцуулагдсан гэдэг. Цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэсэн л хариу өгч байна” гэлээ.

Мөн тус байранд захиалга өгсөн иргэн Ц.Ургамал "Сошиалд Амар Амгалан-2" байрны захиалга эхний 30 хүнд метр квадрат нь 1 сая 450 мянган өгрөгийн хөнгөлөлттэй үнээр өгнө гэсэн мэдээллийг хараад 2018 оны есдүгээр сард хоёр өрөө байр захиалсан. Байрны урьдчилгаанд 18 сая 672 мянган төгрөг өгөхийн тулд хашаа байшингаа зарчихсан. Мөн ах, дүү нараасаа мөнгө зээлж өгсөн. Гэтэл өнөөдөр орон гэргүй болж, өрөнд орчихлоо. Өнөөдрийг хүртэл байрны суурийг нь ч цутгаагүй. Борлуулагчид нь мөнгө өгнө гэж дандаа худлаа ярьдаг. “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн  захирал Д,Гүрсоронз биднээс зугтаж байгаа” хэмээв. 

Энэхүү Нарны хүү, сарны охин компанийг цагдаагийг байгууллагаас шалгаж буй ч эцсийн дүн гараагүй байгаа юм.