- Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Содномцогийн Сүх-Очир гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Улс төр судлал, олон улсын харилцааны Бакалавр, Бизнесийн удирдлагын Магистр, Соүль Үндэсний их сургуулийн Бизнесийн удирдлагын Докторант. Бизнес эрхлэгч. Эрхэлж байсан ажлуудын тухайд гэвэл 1998-2005 "СНСС" ХХК-ний БНСУ дахь Төлөөлөгчийн газрын захирал, 2005-2014 онуудад УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, 2016-2019 онуудад Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын дарга зэрэг албыг хашиж байсан. 

-Та төрийн албанд цөөнгүй жил ажилласан юм билээ. Төрийн хүнд суртал дунд шатандаа их байгааг олон нийт хэлсээр байдаг. Та ажиллах явцдаа алдаа оноо юу байсныг хэлж өгөөч. Засч залруулах их зүйл байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга?


- Төрийн алба гэдэг бол нийтийн алба юм. Төрийн албанд ажилд орно гэдэг иргэдэд үйлчлэх ажилд орж байгаа хэрэг. Иймд төрд ажиллаж буй иргэд энэ үүргээ хамгийн түрүүнд ухамсарлах нь зүйтэй. Төрийн хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил бүх шатандаа байгаа. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллахдаа дээр дурдсан үүргийг ухамсарлаж, иргэдийн төлөө хүнд сурталгүй, ил тод, нээлттэй байхын төлөө хичээж ажиллаж байсан. Төрийн албаны томилгоонд улс төрийн намын нөлөөлөл байдаг. Үүнийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хэдий  ч ёс төдий байдлаар хэрэгжээд байгаа юм.  Иргэн бүр төрийн бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласнаар алдаа дутагдлыг арилгаж, улс орны хөгжлийг хурдасгах боломж бүрдэнэ. 

 

-Сонгууль болсны дараа төрийн албан хаагчид олон зуугаараа ажилгүй болох нь бий. Ийм тогтолцоо үйлчлээд олон жил болчихож. Таныг бас дайрсан байх. Ялсан намынхан ажилтай болж байгаа ч нөгөө талдаа Төрийн залгамж халаа гэдгийг үгүй хийж байгааг та харсан байх. Өөрчлөх ямар боломж байна гэж та хардаг вэ?

 

-Чадварлаг залуучууд төрийн албанд орохгүй байгаа нь цалин бага, мөн төрийн албаны нэр хүнд унасантай холбоотой. Түрүүн хэлсэнчлэн улс төрийн намын нөлөөллийг ч дурдаж болно. Сонгуулийн үр дүнд төрийн албан хаагч ажилгүй болж болохгүй. Энэ нь төрийн залгамж чанарыг алдагдуулж байгаа. Хуулийн хэрэгжилтийн хяналт байхгүй болоод удаж байна. Аливаа нэгэн шалтаг тоочиж өөрийн карманы хүмүүсийг төрийн албанд шургуулах үйл явдал тасрахгүй байна. Төрийн алба шинэчлэл, өөрчлөлтийг хүлээн авах чадваргүй байдаг нь төрийн албаны хөгжлийг уруу татаж байна.  Төрийн албаны шалгуурыг өндөр болгож, хууль, журмын хэрэгжилтэд хяналт тавьж, шударга ёсыг тогтоохын төлөө чин сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй байна. Үүнд иргэдийн оролцоо чухал байна. 

-Залуучууд их хойрго, ялангуяа улс төрд идэвхи муутай байгааг та хэрхэн тайлбарлах вэ?

 

-Өнгөрсөн 30 жилд залуучуудын оролцоог төр дэмжсэнгүй. Зөвхөн сонгуулиар л санал авах гэж залуучууд сэдвийг хөнддөг. Залуучууд хойргодоо биш, тэдэнд ач холбогдолыг нь ойлгуулаагүй тул оролцоо нь сул байна. 

 

Автобусанд гар утсаа гээхэд голдоо ортол харамсдаг байж, сонгуульд саналаа өгөөгүй, эсхүл буруу сонголт хийснээрээ түүнээсээ илүү их боломжийг алдаж байгаагаа мэддэггүй. Уг нь улс төрийн оролцоо маш чухал юм. УИХ-ын гишүүнийг иргэд өөрсдөө шууд сонгож байгаа. Сонголт хийхдээ нэр дэвшигчдээ сайтар судалж, ухаалаг сонголт хийх ёстой гэж боддог.

-МАН, АН-д цүнх баригч гэх залуус олон байгаа харагдах юм. Тэд хэдэн жилийн дараа яам тамгын газрын удирдах албан тушаалтан болчихсон гүйж явах юм. Энэ нь шударга үнэнээр яваа хүмүүсийг дургүйцлийг их хүргэдэг ч өөрчилж чадахгүй л байна?

 

-Төрийн дээр нам гарч ирээд удаж байна. Удирдах албан тушаалд мэдлэг чадвар биш, цүнх барьж гүйдэг шалгуураар томилоод байгаа нь шударга залуучуудыг төрийн албанаас шахаад байгаа юм. Нам дагавал ам тосдоно гэдэг яриа ч гарч ирлээ. Энэ тогтолцоог үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна. Том даргын эхнэр утсаар ганцхан залгаад л хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авчихдаг бол эгэл жирийн ээжүүд хүүхдээ тэврээд олон цагаар нь дугаарлан зогсдог. Энэ ялзарсан тогтолцоог халж, иргэн бүр тэгш үйлчилгээ авах боломжийг гагцхүү сонгуулиар, ухаалаг сонголт хийж л өөрчилж чадна.

-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн төр засгийн бодлого нь иргэдэд хүртээмжгүй байна. Жишээ нь ЖДҮ-г авч үзье. Олон жил бизнес эрхэлсэн залуучууд энэ сангаас дэмждэг авч чаддаггүй, харин төрийн өндөр дээд албанд ажиллах хүмүүс, тэдний хамаарал бүхий этгээдүүд авдаг юм билээ. Ийм нөхцөл байдлаас болж өөрчлөлтийг хүссэн иргэдийн тэмцэл бие даагчаар илэрч байгаа гэж харж байна.

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

-Намын гишүүн намын даргадаа болон гишүүддээ үйлчилнэ. Бие даагч бол улс төрийн найраа, шахалт, лоббинд өртөхгүйгээр, иргэдийн эрх ашгийн төлөө, хараат бус байдлаар ажиллаж чадна. 

-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье. Баярлалаа.

Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!