Алив ажлыг үр дүнгээр нь хэмжинэ гэдэг яасан ч гажиж болохгүй хууль бий. Гэтэл алба гүйцэтгэж буй ажил үүрэг нь бодит байдлаас алд дэлэм зөрөөтэй хүмүүс бас байх юм. Тэд бол шүүх, прокурорынхон бөгөөд бэлэн хууль барьж байгаад үнэн мөнийг ялган тунгааж гэмтэнд ял зэмлэл оноох үүрэгтэй.

Уг нь ийм хэрэг үйлдсэн бол тийм ялтай гээд хар дээр цагаанаар бичсэн Эрүүгийн болон иргэний хууль байгаа л даа. Тэгтэл хачин юм. Гартаа байгаа “сурах бичиг”-ээ дандаа буруу хэрэглэж байна. Бүгд хуульч мэргэжилтэй атлаа сурах бичиг буюу хуулиа толгойдоо багтаагаагүй юм уу. Үгүй гээд тэднийг хуулиа мэддэггүйчүүд гэж хэлэх нь илүүц байх. Харин яагаад хууль зөрчиж хүмүүст буруу зөрүү ял тулгаад байдаг юм бэ гэвэл авлигад автчихсан, шуналын тулам болчихсон гэмээр нь шүүх, прокурорынхон дотор цөөнгүй гэж болно.

Салхитын мөнгөний ордтой холбогдсон хахуулийн эзэн хичнээн ч хуульчид байв даа. Уг нь тэднийг төр, засаг авлигаас хол байлгах гэж өөр албаны хэнд ч байхгүй өндөр цалин хөлс өгч байгаа. Гэтэл авах идэхийн дон тусч хууль хэрэгжүүлэгч биш гажуудуулагч болж байх юм. “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийн ярьж буйгаар түүнийг 2011 оноос хойш 16 удаагийн шүүх хурал хийж таван удаа цагдан хорьсон байх юм. Үнэн байдлыг сонсвол нэг зальтай хятад нөхрийн гомдлоор түүний ажил амьдралыг 10 гаруй жил прокурорууд хохироожээ. Уг нь тэр хятад нь 47 тэрбум төгрөгийг мөнгө угаах аргаар завшсан байхад Г.Буяндоржийг буруутгах гэж оролдоод тийм олон жилийн өнгөрүүлэв. Хэрэв прокурор шударга ажиллаж хуулиа мөрддөг бол хүний амьдралыг тэгж хохироохгүй байсан болов уу. Г.Буяндорж одоо арга ядахдаа гадныхны гар хөл болж гэмгүй иргэдийг хохироодог хуульчид, прокуроруудын хонгилыг нураах зорилгоор суулт, өлсгөлөндөө хүрээд байна. Сонин юм шүү. Тэр Шан Ду Шэнь гэдэг хятад нөхрийг гэмгүй хүн гэж явуулсан бол тэр нь сая хил хаалттай, дотоодод хөл хориотой байх үед хилээр орж ирээд шүүх хуралд оролцсон байх юм гэнэ. Тэгэхээр яах ч аргагүй хууль гажуудуулсан буруу юмандаа прокурорууд “хүчтэй” байгаа биз.

Бас ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг ялгүй болгож суллалаа гэж байна. Сайн л хэрэг. Гэтэл яахаараа чи ял сонсох ёстой хүн гээд зургаан жил илүүгээр хорих ял оноосон юм бэ. Бас л хууль гажуудуулсан болж таарч байна. Түүнийг ноднин УИХ-д нэр дэвшээд явж байхад нь барьж хорьсоны бурууг прокурорууд л хүлээх учиртай. Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүнээрээ өдий болсон бол хэдэн хууль санаачилсан байх вэ.

Сонгогчиддоо хэрэгтэй ямар үйл бүтээсэн байж таарах вэ. Хувийн амьдрал нь ч түвшин сайхан байх байсан. Гэхдээ бусармаг ажиллагаатай хуульчдын буруу гарын “шүүс” болж байсаар өдий хүрсэн юм. Ингэхлээр Ж.Эрдэнэбат ажил амьдралаа алдсан хугацааныхаа хохирлоо тооцож гомдлоо гаргах нь зөв юм. Хохирлыг хариуцлага алдсан прокурорууд төлөх ёстой болж таарна. Ер нь бол хуульчдын хуудуутай явдлаас болж олон сар жилээр ажил амьдралаа алдсан хүн зөндөө бий. С.Зоригийг алсан хэрэгт буруутгагдсан Чимгээ, Содномдаржаа нар гэмтэн биш мэтээр яригдаад удлаа.

Гэтэл тэднийг сулладаггүй нь бас хачин. Хуулиа буруу хэрэглээд хүн хохироосон шүүгч, прокуроруудад хариуцлага тооцсон тухай мэдээ ер дуулддаггүй юм. Хачин хэрэг шүү. Тэд цалин хангамжаас эхлээд хязгааргүй эрхтэй хүмүүс биш л байлтай даа. Хариуцлагагүйн улмаас иргэдээ хохироосон хуульчдад өөрсдөд нь ял оноодог баймаар байна.

 

 

Д.Бичээчхүү

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин