Бизнес эрхлэгчдийг төртэй холбох хамгийн том гүүр нь болдог МҮХАҮТ-ын даргын сонгууль маргааш болох гэж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү их хурал нь Танхимын удирдах дээд байгууллага бөгөөд тайлант хугацаанд Танхимын хийсэн ажлыг үнэлэх, дүгнэн ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлж, МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгодог журамтай. Энэ удаагийн ээлжит XX Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:  

  • МҮХАҮТ-аас 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
  • Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцтэгэсэн ажлын тайлан
  • МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт
  • МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгууль болох гэж байна.

Харин Танхимын удирдлагад МҮХАҮТ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Б.Лхагважав, UFC группийн Ерөнхийлөгч О.Амартүвшин, “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар өрсөлдөхөөр болсон байна.

МҮХАҮТ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Б.Лхагважавын хувьд 2014 оноос хойш танхимын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Энэ удаад даагаа нэхэж дахин нэр дэвших хүсэлтээ өгөөд байгаа юм. Өмнө нь  түүний хувьд  С.Дэмбэрэл, О.Амартүвшин нартай өрсөлдөж ялалт байгуулж байсан. Б.Лхагважавын хувьд “Урбанек”-ийн үүсгэн байгуулагч, Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн. Түүнийг танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдох үед шинэ хуудас эргэлээ хэмээн ихээхэн итгэл найдвар тавьж байсан ч  өмнөх удирдлагаас өөрөөр сэтгэж, өөрчлөлт шинэчлэлт хийж ажиллаж чадаагүй гэж салбарынхан нь шүүмжлэх болжээ. Гэсэн ч түүний хувьд энэ шүүмжлэлийг үл тоон дахин нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд байгаа юм. 

“Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг мөн л нэрээ дэвшүүлээд байгаа. Тэрбээр нэр дэвших хүсэлтээ илэрхийлэхдээ “Хэрвээ би танхимын Ерөнхийлөгч болох юм бол нэг ч төгрөгний цалин авахгүй. Зөвхөн ажил хийнэ” хэмээн өөрийгөө илэрхийлээд байгаа. Түүнийг олон нийт Сангийн сайд байхдаа талхны үнэ мэддэггүй байсан гэдгээр нь их шүүмжилдэг. Энэ тухайгаа тэрбээр “Би байнга дэлгүүр орж, талх тариа зөөдөггүй. Энэ нь миний алдаа байлаа” гэж хээвнэг хариулж бүр гал дээр тос нэмсэн байдаг. 2012 онд Хасын Ч.Ганхуяг  УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байв. Гэсэн ч харамсалтай нь талхны үнэ мэддэггүй гэсэн шүүмжлэлээсээ гарч чадахгүй байсаар ялагдал хүлээж байсан юм. Тэрээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд “Хас банк”, “Тэнгэр” санхүүгийн нэгдэл, “Ард” санхүүгийн нэгдэл зэрэг банк санхүүгийн томоохон байгууллагуудын байгуулан ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Базарсадын Жаргалсайхан буюу бидний сайн мэдэх “Буян” Жагаа мөн л МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Тэрбээр 1977 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг дүүргэсэн. Тэрбээр өөрийнхөө нэрний өмнөх “овог” нь болсон “Буян” компанийхаа үндэс суурийг 1987 онд тавьж байсан гэдэг. Анх 20-иод мянган төгрөгийн дүрмийн сантай, ах дүү хамаатан саднаараа нийлж босгосон тус компани өдгөө ноос ноолуурын зах зээлд хэдийнэ байр сууриа эзэлсэн томоохон компаниудын нэг болсон. Энэ мэт бизнес эрхэлж байгаа Буянгийн Жагаа бизнес эрхлэгчдийг төртэй холбох хамгийн том гүүр нь болсон МҮХАҮТ-ын даргад нэр дэвшиж байна.

Дараагийн МҮХАҮТ-ын даргад нэр дэвшиж байгаа хүн бол О.Амартүвшин. Түүнийг UFC-ийг байгуулсан гэдгээр нь хүмүүс андахгүй сайн мэднэ. Түүний хувьд анх ажлын гараагаа MCS-ийн “Спирт бал бурам” компаниас эхлүүлсэн бөгөөд 23 настайдаа маркетингийн албаны захиралаар ажиллаж байсан гэдэг.  25-тайдаа 2005 онд хувийн бизнесээ эхлүүлж, UFC-ийг байгуулсан түүхтэй. Тус компанийг чацарганын зах зээлийг “нээснээр” нь хүмүүс сайн мэднэ. Түүний хувьд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол “Бизнесийн эрх ашгийг хамгаалах зорилготой ТББ-уудыг нэгтгэх, үйл ажиллагааны хувьд нэгдмэл болгоход анхаарна. Танхимын хуулийг гадны сайн жишгээр Монголын бизнесийн орчинтой нийцүүлж өөрчилнө” хэмээн хэлсэн байна.