Өнөөдөр олны анхаарал татсан хэд хэдэн хэргүүдийн гэм шүүх хурлууд товлогдоод байна. 

•    Төрсөн эгчийгээ хөнөөж, гэрийг нь шатаасан хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно
Төрсөн эгчийгээ хөнөөж, гэмт хэргийн ул мөрөө баллах зорилгоор гал тавьсан этгээдийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Прокуророос сэжигтэн Д.Батхуяг, О.Энхбаяр нарт  Эрүүгийн хуулийн 10.1.2.2, 10.1.2.4, 10.1.2.5, 10.1.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Хэргийг сануулбал, Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хотхоны 112-р байрны есөн давхарт гал гарч, 27 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг өнгөрсөн жил гарч байв. Уг хэргийн  шалгалтын явцад, амь хохирогч эмэгтэйн төрсөн дүү 20 настай Д.Батхуяг, түүний найз 21 настай О.Энхбаяр нар хувийн өс хонзонгийн сэдлээр хоолойг нь боож амь насыг нь хороогоод, гэмт хэргийнхээ ул мөрийг баллах зорилгоор гал тавьсан нь тогтоогдсон байдаг.
 

•    Талбайн ногоон байгууламж руу шээж танхайрсан залууг хахуулын хэргээр шүүнэ
 Өнгөрсөн онд Төв талбайн ногоон байгууламж руу биеэ засаж танхайрсан Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаярыг АТГ хахуулийн хэргээр шалгасан билээ. Тэгвэл Д.Нэмэхбаяртай хамт түүнтэй хамт ажилладаг ахлах мэргэжилтэн Н.Раднаасэдийг хамт шалгасан юм. Тэднийг "Үдийн цай" хөтөлбөрийн тендерт оролцсон зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэрэгт буруутган шалгаж байна. Д.Нэмэхбаяр нь Нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын цайны газруудаас гэрээг нь сунгаж өгөх үйлдэлдээ хахууль авдаг байсан нь тогтоогдож байгаа ажээ. Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нар иргэдээс 200 мянгаас 2 сая төгрөг хүртэлх хэмжээтэй хахууль авдаг байжээ. Бүр тодруулбал, Д.Нэмэхбаярын гэрээс 14 сая төгрөг олдсныг  эд мөрийн баримт болгон хураан авсан.Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шижүүлсэн байна. Тодруулбал, Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэх юм. Н.Раднаасэд нарын 11 хүнд Эрүүгийн хуулийн 22.4.2, 22.5.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.                   

•    Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг өнөөдөр шүүнэ             
Шадар сайд асан Ц.Оюунбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаал хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгаж, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150 сая төгрөг авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон. Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүхэд шилжсэн бөгөөд 2018.12.26-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарын урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг өнөөдөр хийхээр товлосон юм.  Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 гэсэн зүйл ангиар буюу албан үүргээ урвуулан ашигласан гэх зүйл ангиар ял төлөвлөөд байгаа юм.

•    Ц.Баярсайхан зааны эхнэр Б.Оюундэлгэрийг өнөөдөр шүүнэ
Ц.Баярсайхан зааны эхнэр Б.Оюундэлгэр нь Гаалийн Ерөнхий Газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа Гаалийн Ерөнхий газрын дүрмийн 4.8-д заасан Гаалийн Ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Эрдэнбаатарыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Батбилэгийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар тушаалуудыг гаргуулсны хариуд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ж.Баттогтох, Л.Оргилмаа нараар дамжуулан Г.Эрдэнэбатаараас 1,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Батбилэгээс 500,000 төгрөгийг тус тус авсан гэмт хэрэгт холбогдсон байна.  Дөрвөн жил гаруйн өмнө цагдаад шалгагдаж байгаад удаа дараа шүүх хурал нь хойшилсон энэ хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны эхээр шийдсэн. Тодруулбал, Ц.Баярсайхан зааны эхнэр Б.Оюундэлгэр болон Буянт-Ухаа дахь Гаалийн газрын байцаагч Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01-р сарын 04-ны өдөр хэлэлцэн шийджээ. Шүүхээс Б.Оюундэлгэрт нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасаад, 15 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт хоёр жилийн хорих ял оноогоод түүнийгээ мөн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон аж.  Энэ хэргийн  давж заалдах шатны шүүх хурал нь 2018 оны 03-р сарын 06-ны өдөр болсон. Улмаар хэргийг анхан шатны шүүхэд хэргйг нь буцаасан. Анхан шатны шүүх нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч  2019 оны 02-р сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх байв. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй байсан тул шүүх хурлыг хойшлуулж 2019-03-01-ны өдрийн 11:00 цаг хүртэл хойшлуулсан байна.  Гаалийн байцаагч нарыг гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох болно. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
 

Ноён уулын шүүх хурал болно
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ноён уулаа аваръя ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малмталын газарт холбогдох хэргийн шүүх хурал 14:00 цагт товлогдоод байгаа юм. 

Бид дээрх шүүх хурлуудын талаар эргэж мэдээлэх болно.