Төр, засаг ядуу иргэдээ хөдөлмөрлүүлж, хөрөнгөжүүлэх хэрэгтэй. Гэхдээ хөдөлмөрлүүлэхэд учир бий аж. 

Хөдөлмөрийн хүмүүжил
Эдийн засгийн идэвхтэй, хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох оролцоо өдөр ирэх тусам багасаж, ажиллах идэвхгүй хүн амын тоо жилээс жилд өсч байгаа талаар Үндэсний статистикийн судалгаанд дурджээ. Түүнчлэн монголчууд нэг ажлын байранд  удаан хугацаагаар ажиллах чадамж муутай байдаг гэнэ. Үүний гол шалтгаан нь хөдөлмөрийн хүмүүжилтэй холбоотой аж. БОНХЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Чулуун “Ногоон, тогтвортой хөгжил гэдэг хүний хөгжил, сайхан амьдрах хүсэл эрмэлзлэлтэй шууд холбоотой. Хүний хөгжлийн тулгамдаж буй асуудлын нэг бол ажилгүйдэл, ядуурал. Гэтэл өнөөдөр Монголын 15-24 насны иргэдийн 20 орчим хувь нь ажилгүй байна. Яагаад. Энэ насныхны 50 гаруй нь их, дээд сургуульд сурдаг. Гэтэл оюутны ширээнээс гараад ажиллах хүчний оролцооны түвшин сайн дүн үзүүлэхгүй байна. Яагаад. Энэ бүгдийн хариу нь тэд хөдөлмөрийн хүмүүжилгүй байгаатай холбоотой. Гэхдээ энэ тэдний буруу биш. Гол нь төрөөс оюутнуудыг цагийн ажил хийх боломж олгох хэрэгтэй. Энэ нь тэднийг мэдлэг авах явцдаа хөдөлмөрлөж сургах нэг зарчим” гэв. Өнөөдөр оюутан, залуус боловсролоороо далайлгаж ажил голох асуудал манайд газар авсан. Тэгвэл хөгжингүй оронд хүүхдийг багаас нь хөдөлмөрлүүлж сургах үүднээс коллежид суралцах үеэс нь цагийн ажил хийх боломжийг төрөөс нь хангаж өгдөг байна. Энэ нь хүүхэд мөнгө амьдралд ямар хэрэгтэйг, мөнгийг хүн хэрхэн олдог талаарх үзэл бодолтой болгох алтан зарчим юм. Харин манайхан шиг хөдөлмөрийн хүмүүжилгүй иргэд ядуу ангийг улам нэмдэг байна. Аль эсвэл дипломтой хар ажилчид олширдог гэнэ.

Ядуу иргэд улам ядуурах шалтгаан
Аль ч орны ядуу иргэдийн дунд ядуу гэх нэрээрээ хоол олж идэх ухамсар байдаг аж. Тэдний энэ сэтгэлгээг тэжээдэг нэг зүйл бол халамжийн буруу тогтолцоо. Тэгвэл юуг зөв тогтолцоо гэх вэ. Скандиновын орнууд халамжийн бодлогыг амжилттай явуулж байгаагаас үлгэр дуурайлал авч болох юм. Тэдний нууц нь ядуу иргэд гэхээсээ илүү нийгмийн дундаж давхаргад хөрөнгийн хуримтлал үүсгэх үүднээс бэлэн мөнгө тараадаг байна. Энэ нь ажилчин ангиа дэмжих бодлоготой хамт халамжийн бодлогыг явуулна гэсэн үг. Хэрвээ та ажил хийдэг бол татварын хөнгөлөлт эдэлнэ. Төрөөс ажилчин ангиа халамжилж мөнгө өгнө. Учир нь, дундаж давхарга баян болох мөрөөдөлтэй учраас мөнгөө хуримтлуулдаг. Харин ядуу иргэд өдөр тутмын хэрэгцээгээ хангахын тулд бэлэн мөнгийг лангуу руу шууд гаргачихдаг. Энэ нь инфляцийг хөөрөгддөг талаар эдийн засгийн ухаанд бий. Харин Скандиновын хойгийн орнууд ядуу иргэддээ бэлэн мөнгө тараах бус ажилтай болгохыг чухалчилдаг байна.

Ажлын байр бий болгоход учир бий
Монголын үе үеийн Засгийн газар ажлын байр бий болгох талаар ярьж, анхаарч байсан. Гэхдээ хангалттай ажлын байр бий болгож чадаагүй. Мянганы хөгжлийн зорилтын дотоодын зөвлөх Ш.Мөнхцэрэн “Ажлын байр бий болголоо гэхэд ядуу иргэдийн ихэнх нь тухайн ажлын байранд тэнцдэггүй. Ямар ч албан байгууллага ашгийн төлөө учраас хөдөлмөрийн бүтээмж өндөртэй ажилтан авах болно. Харин ядуу иргэд тэр шалгуурыг хангахгүй бол яах вэ. Ажлын байр байсан ч ажил хийж чадахгүй гэсэн үг” гэв. Тиймээс олон улсад ядуурлыг бууруулахын тулд ядуу иргэд өөрсдөө амьдрах боломжоо дээшлүүлэх боломжийг бий болгоход анхаардаг аж. Үүний тулд эрүүл мэнд, боловсролын салбарт төрөөс хөрөнгө оруулалтыг харамгүй хийх хэрэгтэй. Эрүүл, боловсролтой ажилчин ангийн үнэлэмж өндөр байх нь дамжиггүй.

 

Э.Зоригт