Н.Намуу: Зөрчил гаргасан жолооч торгуулиа хугацаа хэтэрч төлсөн бол нэмэгдсэн үнийн дүнгээс иргэнд урамшуулал олгоно
3 цагийн өмнө
2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэн болон ААН-д урамшуулал олгохоор болоод буй.
Уг урамшууллыг ямар зөрчилд хэрхэн тооцож олгох талаар ЗХУТ ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас тодруулснаар явган хүний зам дээр машинаа тавьсан, автомашинаа зогсоолд бусдын хөдөлгөөд саад болохоор байрлуулсан, автобусны буудал дээр машинаа тавьсан, авто замын нэгдүгээр эгнээг хааж, түр болон удаан зогсохыг хориглосон газарт автомашинаа байршуулсан зөрчлийг иргэд баталгаажуулан хоёрхон зураг дарж, 102 аппликэйшнээр ЗХУТ-д илгээх юм байна. Замын тэмдэг, тэмдэглэгээг зөрчсөн бүх зөрчил үүнд хамаарах бөгөөд иргэдийн илгээсэн зөрчлийн мэдээллийг тус төвийн эрх бүхий албан тушаалтан хянаж, баталгаажуулна.
Урамшууллын тухайд "Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 10-20 хүртэлх хувийг иргэнд 11, 12 дугаар сарын урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны дотор, 2026 оны 1, 2, 3 дугаар сарын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор нэг удаа олгоно. Зөрчлийн урамшуулал олголтын хугацаа нь НӨАТ-ын буцаан олголттой ижил.
Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн ногдуулж байгаа торгуулийн хэмжээ 200,000 төгрөг хүрэхгүй учраас ихэвчлэн 10%-ийн урамшуулал бодогдоно. Жолооч торгуулиа төлсөн тохиолдолд иргэний урамшуулал олгогдоно.
Тухайлбал иргэний мэдээлсэн зөрчлийн дагуу тухайн жолоочийг 20,000 төгрөгөөр торгоход 14 хоногийн дотор 50%-ийн хөнгөлөлттэйгөөр 10,000 төгрөгийн торгуулийг төлсөн бол иргэнд 10-20 хүртэлх хувийг олгоно. Ингэхдээ иргэнд олгох урамшууллын дүнгээс орлогын албан татварыг суутгаж, дансанд шилжүүлнэ.
Харин зөрчил гаргасан жолооч 20,000 төгрөгийн торгуулиа хугацаандаа төлөөгүй бол сар бүр 10% нэмэгддэг тул таван сарын туршид торгууль нь 30,000 төгрөг болж, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалттай. Энэ тохиолдолд оношилгоонд орох, жолооны ангилал нэмэх үед торгуулийг заавал төлүүлж, хугацаа хэтэрч төлүүлсэн үнийн дүнгээс иргэнд урамшуулал олгоно. Өөрөөр хэлбэл жолооч тухайн зөрчлийн торгуулийг хугацаанд нь төлөхгүй явсаар 30,000 болгож төлсөн бол иргэнд 20% буюу 6,000 төгрөгийн урамшуулал бодогдох юм" гэж тайлбарлалаа.
Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан, автобусны зогсоол хааж зогссон, түр болон удаан зогсох хориотой газар зогссон зөрчил бүрд 20,000 төгрөгийн торгууль ногдуулах хуультай байна.