Уран бүтээлээрээ залуусын зүрх сэтгэлийг огшоож, байлдан дагуулж чаддаг дуучдын нэг бол "Хар сарнай"-гийн МУСТА С.С. Амармандах буюу Амараа. Тэрбээр хоёр хоногийн өмнө "Сэрүүн булаг" дууныхаа шинэ клипийг цацлаа. 

"Сэрүүн булаг" дууг О.Цагаанзамаас албан ёсны зөвшөөрлийг авч өөрийн жанртаа оруулан дуулан, клипжүүлжээ. Тун удахгүй тэд хамтарсан шинэ уран бүтээлээ хийхээр төлөвлөсөн гэнэ шүү. Шинэхэн клипээ  "Имиж" студи бүтээсэн бол "Нью стар" студид  хоолойгоо бичүүлсэн байна.  Энэхүү клипийг Тулгар төрийн 2228, Их монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулан бүтээжээ. Түүний шинэ клип олон нийтээс өндөр үнэлгээг аваад байна. Тухайлбал, фэйсбүүк хуудсаар нь дамжуулан 74 мянган хүн үзсэн бөгөөд youtube сувгаар 270 гаруй үзэгч үзжээ. Мөн 2 мянган хүнд ихээхэн таалагдсан үнэлгээг авч, 1 мянга гаруй фэйсбүүк хэрэглэгч бусдадаа хуваалцаж, түгээжээ.

Энэ жил  дуучин Амараагийн хувьд уран бүтээлийн олз арвин байх нь ээ. Тодруулбал, "Мандтугай" нэртэй шинэ цомгоо тун удахгүй гаргаж фэнүүдээ баярлуулах гэнэ. Уг  шинэ цомог нь монгол туургатны бөгөөд орчин үеийн шинэ дуунуудаас бүрджээ. Мандтугай дуу нь түмэн олондоо үндэснийхээ өв соёлыг сурталчлан харуулах зорилготой аж. Мөн "Би монгол хүн" CD нь үзэгч, сонсогчдын хүсэлтээр дахин хэвлэгдэн гарч байгаа бөгөөд удахгүй худалдаанд гарах юм байна. Тус CD-нд нь  "Тэнгэрийн тамга", "Төрийн дуулал" зэрэг хит уран бүтээлүүд нь багтсан байдаг гэдгийг сонсогчид андахгүй мэднэ.