УИХ-ын сонгуулийн босго хаяанд тулж, зургадугаар сард бүрэлдэх шинэ УИХ-ын бүрэлдэхүүнд багтах чин хүсэлтэй 76 нэр дэвшигч нам намын хаалга тогшиж, намын дарга нарын таалалд нийцэхээр чармайн буй энэ үед УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүний тоо 65-аас 62 болж гурваар уналаа.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял сонсож, өдгөө хоёр жилийн хорих ялаа эдэлж байгаа бол УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр бүрэн эрхээсээ татгалзчихаад автомашин тоноглосон шигээ сошиал ертөнцөд гэгээнтний дүр эсгэх болсоор удав.

Цагийн сайханд гэх үү, эрт эдүгээ цагт гэх үү МАН-ын дарга хийгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хуурай дүүсийн багт гол дүр бүтээж байсан тэдний бүрэн эрхээсээ татгалзсан шалтгаан нэгэнт хууль хяналтын байгууллагын албан хаагчдыг араасаа гүйлгэх маягтай шийдэгдсэн бол өнгөрсөн долоо хоногт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хийгээд УИХ-ын гишүүн асан Д.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, УИХ-ын олонхийн саналаар амаргүй хүнд шийдвэр албажиж, төгсөх нь тэр. Д.Батзориг гишүүний тухайд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албыг хашсан богинохон хугацаандаа Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийг нэр бүхий гишүүдийн эрх ашигт нийцүүлэн олгосон гэдэгт буруутгагдсан бөгөөд өөрөө ч энэхүү ёс зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээхээ мэдэгдсэн.

Жирийн нэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн хүсээд ч олж авч чаддаггүй зээлийг намынхаа гишүүдийн хамаарал бүхий болон хүсэлт гаргасан нэр бүхий компаниудад “Үл ойлголцол үүсгэмээргүй байна. Хүсэлт гаргасан зээлийг нь өгчих” гэдэг үгийг бамбай болгон доод албан тушаалтнууддаа аман тушаал өгөх замаар хуваарилсан нь яаж ч бодсон өршөөж боломгүй үйлдэл.

Гэхдээ цаашид асуудал ийн нэг хүн, нэг сайд УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хасуулсан төдийгөөр хэмжигдэхгүй бөгөөд МАН-ын дарга хийгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд ЖДҮ-гээс зээл авсан, бусдыг зээл авахад нөлөөлсөн гэдгээрээ УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзахад хүрсэн тодорхой нэр бүхий гишүүдээ   дахин УИХ-д нэр дэвшүүлэхгүй хэмээн  албан ёсоор болон албан бусаар зарлаад удаж байна.

Гайхмаар нь тэдгээр зээлдэгч, зээлд зуучлагч нарын дунд зөвхөн МАН-ын гишүүн гэлтгүй, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ойр дотно харилцаатай ах дүү төдийгүй анд нөхдийн арвин түүхтэй улстөрчид чамгүй олон бий. Ийм үед тэд дахин УИХ-ын гишүүн болохыг хүссэн хүсэл мөрөөдөлд нь бартаа саад учруулсан МАН-ын даргад яавч сайхан сэтгэлийн ерөөл өргөхгүй нь тодорхой. Тэр дундаа, МАН-аас УИХ-д нэр дэвшигч 76 горилогчийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг хөзөр, таамаг У.Хүрэлсүх гэдэг хувь улстөрчийн тархинд хэрхэн зурагдаж буйг тааварлах хар зургийг гаргахад ч бэрхтэй болж хувирсан гэхэд болно. 

МАН-ыг УИХ-ын дарга асан М.Энхболд тэргүүтэй 60 тэрбумын буюу хотын фракциас чөлөөлөх хатуу ширүүн тэмцэлд ханцуй шамлан орж байна хэмээн зарлаж, тэдний эсрэг хийсэн тэмцлийнхээ үр дүнд дөнгөж МАН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг авахтай нь зэрэгцэн түмний өмнө нүүрийг нь түлсэн ЖДҮ-ийн зээл гэгч мандсан болохоор арга ч үгүй. Товчхондоо тэрбээр, яг одоо цагт өрөөлөөс тусламж гуйхаас илүүтэй өөртөө итгэх цорын ганц хамгаалалтад ач холбогдол өгчихөөд сууж буй нь гарцаагүй. Тиймээс ч УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг явуулсан. Д.Гантулгын тухайд ажил амьдралын гараагаа МАН-аас эхэлсэн төдийгүй өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн шинэчлэлийнх нь ажилд шинэ залуу үеийн төлөөлөл гэдгээрээ яг л нэрийн хуудас шиг хатуу чанад зүтгэж явсан.

Гэсэн ч хувь хүнийх нь буруу үйлийг нутаг нугын ах, нэг фракцийнх нь түшиг гэгдэж ирсэн намынх нь дарга У.Хүрэлсүх хаацайлаагүй. 

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тухайд анх МАН-д элсэж орох үеэсээ эхлэн тухайн үеийн намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхэд хадаг яндар барих нь холгүй хөл алдаж явсан цаг саяхан. Гэсэн ч гүйцэтгэх засаглалын баг бүрэлдэхүүнд багтаж, УИХ-ын гишүүнээр сонгогдохтойгоо  зэрэгцэн тэрбээр удирдлагыг гартаа авна гэж тооцоолсон нь дэндүү түргэдсэн алхам байсан юм.

Тиймээс ч бушуу туулай борвиндоо баастай гэдэгчлэн хувь улстөрчийнхөө хувьд удаа дараа ёс зүйн алдаа гаргаж, үг үйлдлийнх нь хөнгөн хуумгай алдаа, нэр бүхий улстөрчийн үхэлд сэрдэгдсэн гашуун үйл явдал нь түүнийг нь МАН-аас, УИХ-аас явуулахад хүргэсэн. Энэ үед У.Хүрэлсүх мөн л хамгаалаагүй.

Уг нь нэгэн цагт анд нөхдийн дайтай хуурай ах дүү бололцсон сайн цагаа эргэн дурссан бол УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бодоход УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт илүү сайн түүх үргэлжлүүлэн бичигдэх боломж байсан л байх. Гэсэн ч У.Хүрэлсүхийн тооцоод тийм уучлал бичигдээгүй бололтой юм билээ. Тавдугаар сараас хойш тавьсан ганцаарчилж уулзах хүсэлтэд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх таатай хариу өгөөгүйг бодоход шүү дээ. 

Харин хамгийн сүүлийн жишээ болох Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн асан Д.Батзоригийн тухайд өнөөдөртөө ЖДҮ-ийн зээл олголтын шударга бус хуваарилалтад ганц хүн хариуцлага хүлээж буй мэт харагдаж байгаа боловч түүний араас тодорхой нэр бүхий УИХ-ын гишүүд хариуцлага хүлээх нь нэгэнт тодорхой болчихоод байгаа үйл явц. Тодорхой хэлбэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ирэх тавдугаар сард багтан УИХ-д хэлэлцүүлэгдэж мэдэхээр нөхцөл байдал үүсчихээд буй.

Харин бусад гишүүдийн тухайд тойргийнхоо компаниудыг дэмжсэн, зээлээ зориулалтын дагуу зарцуулсан гэх мэт үндэслэлээр хууль хяналтын байгууллагын шийтгэлээс чөлөөлөгдөж болох ч МАН-ын дарга болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн олонд зарласан зарчмаас гажиж “өршөөгдөхгүй” гэдэг нь нэгэнт тодорхой болов. Гэхдээ У.Хүрэлсүх өөрөө хууль цааз, бүр шүүгч биш учраас хатуу хариуцлага тооцож, ял шийтгэл оноох тухай асуудал бол мэдээж энд байхгүй. Тэр бүхэн нь хууль шүүхийн байгууллагын зарчмаараа явна. Харин У.Хүрэлсүхийн өнөөдрийн эрх мэдлийн хүрээнд ганц чадах ажил бол УИХ-д нэр дэвших эрхийг нь олгохгүй, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх гэдэг ганц л барьцтай шийдвэр.

Дээрхи, гурван тохиолдлоос харахад энэ шийдвэрийн биелэлт  УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулж, олон нийтэд зарлах тэр өдөр олонд ил болох бөгөөд гагцхүү олонд хандаж хэлсэн үг, албан бусаар задарсан мэдэгдэл зэргээс нь харахад У.Хүрэлсүхийн ЖДҮ-гээс зээл авсан болон зээл олгоход зуучилсан намынх нь ах дүү, найз нөхөд, хамтран зүтгэгчдийнх нь цөөнгүй хэсэг нь ийнхүү сонгуулийн хөзрөөс нь албан ёсоор хасагдах нь тодорхой болов. Харин энэ шийдвэр албажихтай зэрэгцэн УИХ-ын гишүүн болсноор баталгааждаг тухайн улстөрчийн дөрвөн жилийн циклийг бүхэлд нь устгаж, үгүй хийсэн МАН-ын дарга болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүх рүү онилох хэр олон “дайсан” нам дотор нь төрөн гарахыг таашгүй юм. Нэг ёсны тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуулийн өмнө найз бус дайсан “төрүүлэх” хүнд ачааг ийн үүрэв бололтой. Гэхдээ төдийгөөс өдий хүртэл үргэлжилсэн улс төрийн зам мөр нь энэ зэргийн бэрхшээлийг даваад гарахад, их нүүдлийн түрүүч хаа очиж буудаллах ёстойг саравчилж харах алсын харааг суулгаа л байлгүй дээ, түүнд. 

 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин