Өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх малчдыг ноолуурын үнээр дэмжинэ гэж мэдэгдэв.  Ингэхдээ ноолуур худалдан авах  ААН-үүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, кг ноолуурыг 100 мянган төгрөгөөс багасгахгүй байх чиглэлийг баримтална гэв.  Үүнийг 233 мянган малчин өрх, цаашлаад сая гаруй хүний амьдралыг тэтгэх боломж гэж тооцоолсон гэдгээ Ерөнхий сайд онцолсон.

Тэгвэл Засгийн газрын тэргүүний үгэнд итгэсэн малчид ноолуураа 100 мянган төгрөгөөр худалдана гэж хүлээгээд нэг сар гаруйн хугацаа өнгөрөв. Өчигдрийн байдлаар кг ноолуурын дундаж үнэ 65 мянган төгрөг байна.  Тэгэхээр энэ шийдвэр малчны хотонд хэрэгжсэнгүй.  

 

Бүүр сүүлдээ тоглоом, шоглоом болоод, дуусах төлөвтэй болчихлоо.  Өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын чуулган дээр  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ноолуурын үнэ 100 мянга хүрнэ гэдэг нь үлгэр байсныг батлав.  Цаашид энэ дүнгээр өгнө гэж найдаж хүлээлтгүй гээд шууд улайхгүй хэлж байна.

Түүнээс  УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Я.Санжмятав,  Ж.Мөнхбат нар ноолуурын үнэтэй холбоотойгоор асуулт асуув. Дархан, Хөвсгөл, Архангайн тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд тойргийн малчдаа төлөөлөн асуух нь зүйн хэрэг байв.   УИХ-ын чуулган дээр ямар яриа болж өнгөрснийг хүргэе.

 

 УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Ч.Улаан сайд аа та одоо болно. Ерөнхий сайдад буруу мэдээлэл өгч байна. Та ноолуур бэлтгэдэг 30 хувьд нь 300 тэрбум төгрөг гаргаж, цөөн хэдэн аймгаас 105 мянгаар ноолуур авна гэж үлгэр ярьж ард түмнийг хуурч байна.  Хуучин цагийн төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгийн үеийн бодлогоосоо сал. Малчдын гол орлого олдог зүйл дээр нь улс төр хийж, тоглож хүний амьдрал ахуйг сүйрүүлж болохгүй. Зах зээлийн зарчмыг нь барьж ажиллах ёстой шүү. Малчид хамгийн үнэтэй байгаа зах зээлээ барьж ажиллахгүй бол 30 хувьд нь мөнгө гаргачихаад үлдсэн 70 хувийг нь хоосон хоцроох гэж байна. Та өөрийнхөө яриад байгаа зүйлд итгэл үнэмшил төрүүлэх гэж хичээхээ болино уу.

 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

-Энэ бол харалган шийдвэр. Асуулга асуусан нэр зүүгээд Ч.Улаан сайд руу дайраад өнгөрч болохгүй зүйл. Үүнд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ч.Улаан сайд Засгийн газраа хамгаалж, улайхгүй хариулж байна л даа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ч.Улаан сайдыг та хариул гэчихээд өрөөнөөсөө зурагт үзээд сууж байгаа биз. Сая ХХААХҮ-ийн яамнаас хятадад нэг кг ноолуур 300-450 юань байна гэж байна. Ингээд тооцохоор 118 мянган төгрөгийн үнэтэй байхад Монголоос ирж ноолуур авна гэж байхгүй шүү дээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Архангай аймгийн малчдын бэлтгэсэн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ. Хэрэв 100 мянган төгрөг хүрэхгүй бол та хариуцлага хүлээх үү. Та яг одоо түс тас хариулаадах.

 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

-Ноолуур зүүн аймгуудаас эхлээд бэлтгэгддэг. Чанар нь зүүн талдаа илүү байдаг. Одоогийн байдлаар 100 мянгадаа хүрчихсэн байгаа. Архангайн ноолуур 100 мянга хүрэхгүй. Хэзээ Архангайн ноолуур 100 мянга хүрч байсан юм. Архангайн ноолуурын доод үнийг би 85 мянган төгрөгөөр тогтоосон гэлээ.

 

Ч.Улаан сайдын хариулт ёстой л олны нүдийг орой дээр гаргав.  “Архангайн ноолуур хэзээ 100 мянга хүрч байлаа.  Бид 85 мянгаар л авна” гээд загнах янзтай мэдэгдэж байна. Тэрээр Ерөнхий сайдын гуравдугаар сарын 27-нд хийсэн  мэдэгдэл, өөрийнхөө 2-3 удаа мэдээлэл хийж, ноолуурыг 105 мянгаар худалдан авна гэж хэлж байснаа ийм амархан мартчихдаг юм байх даа.. 

Үүнээс харахад ноолуурын 100 мянган төгрөг үлгэр болж дуусах нь л дээ.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин