УИХ дахь МАН-ын бүлэг 2014 оны хаврын чуулганы анхны хуралдаанаа хийж, цаг үеийн хэд хэдэн чухал асуудлаар байр сууриа нэгтгэлээ. МАН-ын бүлгээс улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүндэрч байгааг эрх баригчдад удаа дараа сануулж, цаг алдахгүй арга хэмжээ авахыг шаардаж ирсэн. Гэвч энэ чиглэлээр Засгийн газар дорвитой ажил хийхгүй байгаа учраас хүндрэл даамжирсаар хямралд хүрээд байна. Эдийн засгийн энэхүү хямралыг Засгийн газрын алдаатай бодлого, ажлаа мэддэггүй давхар дээлтнүүдийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой гэж гишүүд дүгнэв. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралаас гадна засаглалын хямрал нүүрлэсэн гэдэгт МАН-ын бүлэг санал нэгдлээ.

            Өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Харин ард иргэдийнхээ амьдралыг яаж сайжруулах, ажилгүйдэл, ядуурлыг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудлыг түлхүү ярих цаг болсон гэж бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. Тэрээр "Нэг жилийн дотор бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 20 хувиар нэмэгдсэн. 2012 онд ядуурлын төвшин 27 хувьтай байсан бол одоо 40 хувь руу дөхөж байна. Иргэдийн бодит орлого нэмэгдээгүй, нийгэмд баян хоосны ялгаа улам ихэсч, орлогын тэгш бус байдал газар авч, эдийн засаг хямралт байдал руу шилжлээ" гэв. Тиймээс эдийн засгийн хямралыг даван туулах гарц шийдлүүдийг эрх баригчдад санал болгож, улс орны эдийн засгийг хямралд хүргэсэн Засгийн газарт хариуцлага тооцож ажиллах ёстой гэж гишүүд байр сууриа илэрхийллээ.

             Мөн хуралдаанаар гишүүд чуулганы завсарлагааны үеэр орон нутаг, нийслэлд ажилласан тайлангаа хэлэлцүүлэв. Бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага, ард иргэдтэй уулзсан, томоохон худалдааны төвүүдэд ажилласан, эдийн засаг нийгмийн хүндрэлээс гарах арга замын талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулснаа энэ үеэр гишүүд дүгнэж ярилцав.

 "Давхар дээл"-ийг тайлах асуудлыг эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал нэгдлээ

            Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн авсан завсарлага одоо болтол хугацаагүй үргэлжилж байгаа билээ. МАН-ын бүлэг уг хуулийн төслийг хаврын чуулганы эхэнд үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэдэгт санал нэгдлээ.

            Энэхүү хуулийн төслийг дэмжиж баталснаар төрийн тогтолцоог сайжруулан төгөлдөржүүлэх, ирц бүрдэхээ больсон УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдааны хэвийн үйл ажиллагаа хангагдах, УИХ, Засгийн газрын тэнцвэрт байдлыг хадгалах, төрийн эрх барих, гүйцэтгэх засаглалын ажил үүргийн хуваарийг зааглана гэж үзлээ. Мөн "давхар дээл"-ийг дан болгосноор Засгийн газрын үйл ажиллагаанд тавих УИХ-ын хяналт сайжрахаас гадна ухаалаг төрийн суурь болно гэж бүлгийн гишүүд онцоллоо.

            Энэ хуулийн төслийг дэмжиж батлах ёстой гэсэн шаардлагыг ард иргэд, улс төрийн намууд, иргэний нийгэм, төрийн бус байгууллага гэх мэт нийгмийн бүхий л төлөөллөөс тавьж, санал хүсэлтээ илгээж, байр сууриа илэрхийлж байгаа учраас МАН-ын бүлэг онцгой анхаарах ёстой гэж үзэв.

            Уг асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгаа 17 сайдыг Ашиг сонирхлын тухай хуулийн дагуу санал өгөх эрхгүй гэж МАН-ын бүлэг үзэв. Тиймээс Ашиг сонирхлын тухай хуулийн зүйл, заалтыг сануулсан захидал, сануулга илгээхээр боллоо.  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9.1.6-д "Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүний хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хурал даргалагчид урьдчилан мэдэгдэнэ", мөн хуулийн 9.1.7-д "Энэ хуулийн 9.1.6-д заасны дагуу гишүүн санал хураалтад оролцохоос татгалзсан бол түүнийг тухайн санал хураалтын ирцэд оруулахгүй" гэж тус тус заасан байна.

            Үүний зэрэгцээ МАН-ын бүлэг "давхар дээл"-ийг дан болгох хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөх ёстой гэсэн байр суурьтай байна. "Хэрэв хуулийг 2016 оноос эхэлж мөрдүүлнэ гэвэл хуулийн ач холбогдол нь буурна", "2016 оноос эхэлж мөрдөх юм бол одоо хэлэлцэх шаардлагагүй", "Хуулийг хоёр жилийн дараа хэрэгжүүлнэ гэж батлах нь буруу", "Ухаалаг төрийн тухай өнөөдөр ярих мөртлөө давхар дээлээ дараа тайлна гэх нь ард түмнийг басамжилж байгаа хэрэг" гэх мэтээр бүлгийн гишүүд байр сууриа илэрхийллээ.

Төсөв авлигажсан эсэхийг аудит баталж чадсангүй

            МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0” дүнтэй тусгагдсан 243 төсөл арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоосон талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг авч хэлэлцлээ. Дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад бүлгийн гишүүдийн асуултад хариулав. Тэрээр 2014 оны төсөв авлигажсан эсэх, 243 объектын хэдийнх нь төсөвт өртөг хэтэрсэн бэ гэж асуусан бүлгийн гишүүдийн асуултад тодорхой хариулт өгч чадсангүй. Өөрөөр хэлбэл, энэ оны төсөвт "0" дүнтэй тусгагдсан 243 объект авлигажсан эсэхийг Үндэсний аудитын газар нотолж чадаагүй бөгөөд үүнийг нотлох боломжгүй гэдгээ ч ерөнхий аудитор А.Зангад энэ үеэр хүлээн зөвшөөрөв.

           Үндэсний аудитын газарт царцсан объект, төсөл, арга хэмжээний төсөвт өртөг удааширсан, нэмэгдсэн шалтгааныг тогтоох үүргийг УИХ-аас өгсөн. Гэтэл тус байгууллага тухайн объектуудыг ангилж, заримыг нь энэ жил, заримыг нь ирэх жил, заримыг нь битгий санхүүжүүл, зориулалтыг өөрчилж худалд гэх мэтээр хуулиар олгосон эрх мэдлээс нь хэтэрсэн дүгнэлт гаргах ёсгүй гэж гишүүд үзлээ. Хуульд заасны дагуу Засгийн газар энэ талаар саналаа оруулж ирсний дараа УИХ аль объектыг хойшлуулахаа мэдэх ёстой гэж гишүүд байр сууриа илэрхийлэв. Тиймээс Үндэсний аудитын газар авлигажсан төсвийг илрүүлэх УИХ-аас даалгасан үүргийг бүрэн биелүүлж чадсангүй гэж МАН-ын бүлгийн гишүүд дүгнэв. Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг "авлигажсан төсөв" гэдэг үгээ буцаах, эдгээр объект авлигажсан эсэхийг Авлигатай тэмцэх газраар шалгуулахыг шаардлаа. 2014 төсвийн төслийг хэлэлцэх үед Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан бүлгийн ажлын хэсэг төсвийн тодотголыг хариуцан ажиллах юм.