УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт, байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.

Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар 20 орчим хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөөд буй юм. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Мөн Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл, “Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Түүнчлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.