Хүүхдүүдийн аминд хүрсэн нуур, гэр хорооллын тоглоомын талбай өнөөх л хэвээрээ

Өнгөрсөн тавдугаар сард тоглоомын талбайд хоёр ч хүүхэд хүнд гэмтэж, тогтоол усанд дөрвөн хүүхэд амиа алдсан хэрэг гарсан. Хэргийг эргэн сануулбал, тавдугаар сарын 3-нд Чингэлтэй дүүргийн XVII хорооны 63-ын тоглоомын талбайд тоглож байсан есөн настай охины дээрээс төмөр гулсуур унаж, хоёр хавирга, эгэмний яс нь хугарч, уушгиа тайруулсан юм.

Мөн өнгөрөгч сарын 27-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн талд байрлах “Ханталст” компанийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд живж, амиа алдав. Энэ хэргээс дөрвөн хоногийн дараа буюу тавдугаар сарын 31-нд Баянгол дүүргийн XV хорооны 23а байрны гадаах тоглоомын талбайн савлуур унаж, 12 настай охины гавлын яс нь цуурч, тархинд нь цус хурсан. Бяцхан үрсийн амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирсон дээрх хэргийн газрыг аюулгүй болгосон, эсэхийг бид эргэн сурвалжиллаа.

ТУУЗ, МОДОН САМБАР ХҮҮХДИЙН АМИЙГ ХАМГААЛАХ УУ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Ханталст” компанид газар олгоогүй бол, голын усыг зориудаар соруулж, хиймэл нуур үүсгээгүй, үүсгэсэн тогтоол усаа хашаалчихсан бол дөрвөн хүү өнөөдөр амьд байх байлаа. Мөн гэр хорооллын мухар гудамжнуудаа гэрэлтүүлж, олигтойхон шиг тоглоомын талбай байгуулж, хэдэн хүүхдэдээ тоглох орчин хангалттай бүрдүүлж өгсөн бол тэд Дэнжийн мянгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорихгүй байв.

Биднийг өчигдөр 12:00 цагийн үед “Ханталст” компанийн баруун хаалганд очиход харуулын байр эзгүй байлаа. Хөвгүүдийн амиа алдсан газарт цагдаагийнхны ашигладаг хамгаалалтын улаан тууз татаж, эргэн тойрон том, жижиг 10 орчим модон самбар хатгажээ. Модон самбарт “Нуурын усанд орохыг хориглоно. Аюултай” гэсэн үг бичсэн байв. Мөн нуурын зүүн хойно буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс ирэх замд 1х1.5 ам метр хэмжээтэй цагаан өнгийн тоосгон байшин барьжээ. Тус байшинд ээлжийн харуул байдаг бололтой. Нарийн модон ор, төмөр ширээ байх бөгөөд ширээн дээр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, харуул хүлээлцэх” гэсэн бичигтэй ногоон өнгийн зузаан дэвтэр байсан юм. Харин харуул байхгүй, байр нь эзгүй байв

...Тэрсхэн дөрвөн хүүгийн амийг авч одсон газрыг дахиад хэн нэгэн эрсдэхээргүй болтол хамгаалалт хийж, хашаалмаар байна. Чангахан татахад тасардаг тууз, хүчтэйхэн салхинд хийсчихдэг модон самбар хэнийг ч хамгаалахгүй. Энэ бол нүглийн нүдийг гурилаар хуурч буй хэрэг...

 Хөвгүүдийн осолдсон нуурын зүүн талын эрэгт тэдний ар гэрийнхэн ирсэн бололтой, хайрганд төмөр зоож, хамгаалалтын туузанд цэнхэр өнгийн хадаг уяж, чулуун дээр уугиулсан арц нь дутуу шатсан харагдана. Биднийг ийн явах зуур Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн харуул Л.Мягмардулам ирсэн юм. Тэрбээр “Хүүхдүүд осолдсоноос хойш манай харуулууд өдрөөр энд ажиллаж байгаа. 16:00 цагаас хойш “Шүтээн-Уул” харуул хамгаалалтын албаныхан гэрээгээр ажиллах болсон. Хэрэг гарсны дараа самбар зоож, нуурын эргэн тойрон тууз татсан. Бид харуулын байрандаа дан ганц суугаад байлгүй, явуулын эргүүл хийдэг.

Сая гэхэд (өчигдрийн 13:00 цагийн орчимд) баруун хойд хаалгаар унадаг дугуйтай хүүхэд орж ирэхээр нь буцаачихаад ирлээ. Хэрэг гарснаас хойш нуурын орчим хүүхдүүд ирэхгүй байгаа. Томчууд л хааяа хүүхдээ салхилуулангаа алхаж явдаг. Харгалзах хүнгүй ганцаараа явж байгаа хүүхдүүдийг бид нуур руу ойртуулахгүй байгаа” гэлээ. Хөвгүүдийг амиа алдсанаас хойш тус газарт улаан тууз, модон самбар, харуулын байр бий болжээ. Амиа алдсан хөвгүүд “Ханталст” компанийн баруун хаалгаар биш, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн талаас орж ирсэн гэж тухайн үед мэдэгдэж байсан. Нуур руу баруун талаас нь очиход хаалгатай. Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэн талаас ямар ч хаалт, хашаа, хаалга алга. Хэн дуртай нь тус газар руу хойд талаас нь нэвтрэх боломжтой юм байна. Дөрвийн дөрвөн хүүхдийн амийг авч одсон аюултай газрыг ядахад төмөр хайсаар хашаалах хэрэгтэй.

Мөн тус газар руу орох харуул хамгаалалтыг чангалах ёстой. Бид энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шинэ дарга Ц.Энхбаяраас тодруулах гэж түүний албан өрөөнд очсон боловч “Ажлаа хүлээж аваад удаагүй учир ажил ихтэй байна. Хүнтэй уулзах боломжгүй” гэдэг үгийг хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан дайсан юм. Харин хэвлэлийн төлөөлөгч нь “Манайх дотоод ажил ихтэй байна. Харуул, хамгаалалтын гурван алба хөвгүүдийн амиа алдсан газарт хяналт тавьдаг болсон. Тодруулбал, манай болон “Ханталст” компанийн харуул хяналт тавьж байгаа.

Мөн бид “Шүтээн-Уул” харуул хамгаалалтын албатай хамтарч ажиллаж, хамаг анхаарлаа хэрэг болсон газарт хандуулж байгаа. Түүнчлэн зарим эцэг, эх тийм аймшигтай хэрэг гарсан газар гэдгийг мэдсээр байж хүүхдүүдээ дагуулан явж байна. Эцэг, эхийн хариуцлагаа ухамсарлаж, хүүхдээ харж хандах хүнгүй ганцааранг нь аюултай газраар явуулах хэрэггүй. Бид “Ханталст” компанитай хамтарч нуурын усыг туузаар хашаалж, самбар хатгасан. Төмөр хайсаар хашаалах эсэхийг би мэдэхгүй байна. Шаардлагатай бүх арга хэмжээг авахыг тус компаниас нь шаардаж байгаа” гэлээ.

 

12 НАСТАЙ ОХИНЫ ГАВЛЫН ЯСЫГ ТАЙРАН БАЙЖ ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

Дээрх хэрэг гарснаас хойш дөрвөн хоногийн дараа  тоглоомын талбайд тоглож байсан 12 настай охин амиа алдах шахав. Тодруулбал, Ш.Анужин охины тоглож байсан төмөр савлуур толгой дээр  нь унаж, гавлын яс нь цуурч, тархинд нь цус хурсан гэж түүний аав Ё.Шүрэнчулуун хэлсэн. Охин Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл хөдөлгөөнгүй, балга ус уусан ч бөөлжсөөр хэвтэж байгаа аж. Охины биеийн байдлын талаар түүний аав Ё.Шүрэнчулуунаас тодруулахад “Өчигдөр (уржигдар) тархины хагалгаанд орсон. Уг нь шимэгдэх боломжтой цус байвал хагалгаанд оруулахгүй гэж байсан юм. Эмч нар хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай гэж үзэж, гавлын яснаас нь гурван см тайрсан.

Одоо охины маань гавлын яс нь гурван см хэртэй байхгүй гэсэн үг. Тэр нь хэсэг хугацааны дараа төлжөөд нөхөгдөж магадгүй юм билээ. Хэрэв үгүй бол дахин яс нөхөх хагалгаа хийлгэх бололтой. Одоо тархиндаа гуурс шургуулчихсан, хөдөлгөөн хийх хориотой хэвтэж байна. Ус уусан ч бөөлжөөд, охин минь үнэхээр зовиуртай байгаа. Бид эмнэлэгт 12 хонож байна. Эмнэлэгт дор хаяж дахиад 15 хононо гэж эмч хэлсэн. Бидэнтэй тус тоглоомын талбайг янзалсан компанийхнаас өөр хүн ирж уулзаагүй. Тэд “Хохирлыг чинь барагдуулж, хариуцлага хүлээнэ” гэсэн. Хохирол барагдуулах яах вэ, охины минь биеийн байдал хурдан дээрдээсэй гэж хүсэж байна. Хүүхдээ хүнд өвдчихсөн байхад хүнтэй хэрүүл тэмцэл хийгээд яах вэ гэж бодох юм.

Харин шаардлагатай бол би Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар руу очиж уулзана” гэв. Охины тоглож байгаад гэмтсэн тоглоомын талбайг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 40 сая төгрөгийн хөрөнгөөр засварлаж буй. Биднийг анх хэргийн газар очиход эвдэрч, унасан савлуурыг авчихсан байсан юм. Мөн савлууртай зэргэлдээ орших эрэг, боолтгүй төмөр хяхтнасан гулсуурыг үлдээсэн байлаа. Түүнчлэн тус тоглоомын доод талд хүүхэд бэртэж, гэмтэхээс хамгаалах зориулалтын зөөлөн дэвсгэр тавих ёстой атал харин бүр тэгэхээс тэгэх гэсэн мэт том ширхэгтэй хайрга дэвссэн байсан юм. Биднийг өчигдөр тус тоглоомын талбайд очиход үлдсэн байсан савлуурыг авч, дахин өөр хуванцар тоглоомын иж бүрдэл тавьжээ. Өмнө байсан тоглоомоосоо арай том, олон хүүхдийн багтаамжтайг байршуулсан байв. Мөн хайрганы оронд ногоон, хиймэл зүлэг дэвсжээ. Хүүхдийн амь насанд хүрэх шахсан тоглоомын талбайг ийн сайжруулж, засаж, янзалжээ. Гэхдээ ниргэсэн хойно нь хашхирна гэгч боллоо.

ГЭР ХОРООЛЛЫН ТӨМӨР ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ЗАССАНГҮЙ 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, нийтэд мэдэгдсэн нь л эл тоглоомын талбай болохоос нийслэлийн булан тохой бүрт хүүхдэд аюултай төмөр тоглоомууд хаа сайгүй бий. Дээрх хэргүүд гарахаас өмнө Чингэлтэй дүүргийн XVII хороонд байрлах тоглоомын талбайд төмөр гулсуур унаж, есөн настай охин уушгиа тайруулсан юм.

Тодруулбал, тавдугаар сарын 3-нд эл хэрэг болсон байдаг. Харин хэрэг гарсны дараа төмөр гулсуурыг хогийн цэг рүү аваачиж, хаясан гэж тус хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар мэдэгдсэн. Хүүхдийг хүндээр гэмтээсэн төмөр гулсуурыг авч хаясан хэдий ч тус тоглоомын талбайг засаж, сайжруулаагүй хэвээр байлаа. Хариуцах эзэнгүй, хөрөнгө оруулалт байхгүй нэрийдлээр уг тоглоомын талбайд анхаарах хүн алга.

Уг нь засаж, янзлаад хүүхдүүдийг тоглуулдаг болчихвол хэрэгтэй сэн. Энэ мэт тоглоомын талбайгаа янзалж, тордохгүй болохоор хүүхдүүд түүнийг нь голж, голын усанд амиа алдсан хэрэг гарсан гэдгийг мартаж болохгүй. Хотын төвдөө гоё сайхан бүхнээ чихэж байхаар гэр хорооллоо хөгжүүлэхэд анхаардаг болмоор байна. Тэнд ч гэсэн хүүхдүүд бий. Гэр хороололд амьдардаг гэхээрээ л гудамж дамжин гүйж, шороо тоостой, хэзээ мөдгүй дарж мэдэх төмөр тоглоомын талбайд тоглох ёсгүй биз дээ. 

Хүүхдүүдийн бэртсэн тоглоомын талбайг шинэчилж, засаж янзалмаар байна. Тэд аюулгүй тоглоомын талбайд тоглох эрхтэй. Тэрсхэн дөрвөн хүүгийн амийг авч одсон газрыг дахиад хэн нэгэн эрсдэхээргүй болтол хамгаалалт хийж, хашаалмаар байна. Чангахан татахад тасардаг тууз, хүчтэйхэн салхинд хийсчихдэг модон самбар хэнийг ч хамгаалахгүй. Энэ бол нүглийн нүдийг гурилаар хуурч буй хэрэг. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН