Урин дулаан цаг уг нь манай улсын ид бүтээн байгуу­лалтын улирал юмсан. Өдийд барилга, замын ажил өрнөж, хаа сайгүй нүргэлэх чимээ сонсогддог байлаа. Гэтэл энэ жил халдварт өвчний хөл хорионоос болоод бүтээн байгуулалтын ажил нам гацаж, эл хуль оргих боллоо.

Нөгөөтэйгүүр ажилд авна гэсэн зар хомсдож, ажилгүйдэл, ядуурал эгнээгээ тэлэв. Уг нь бизнес эрхлэгчид ажлын байраа хадгалж үлдэх сонирхолтой байгаа ч нийгмийн нөхцөл байдал тэднийг туйлдуулжээ. Монголын толгой компаниудын тоонд зүй ёсоор бичигддэг “Говь” ХХК л гэхэд ажилтныхаа 9.5 хувийг буюу 250 хүнийг ажлаас халахаар болсноо зарласан. Мөн нийтийн үйлчилгээний салбарт ч ажлын байр цомхотгох таагүй мэдээ тархаж буй. Тодруулбал, нийтийн хоолны сүлжээ рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “М, Жи, Си стар групп” ХХК-ийн ерөнхий захирал С.Батмөнх Bloomberg телевизэд ярилцлага өгөхдөө 191 ажилтныхаа 46-гийнх нь хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаагаа хэлсэн. Ийнхүү бизнесийн салбар ажиллах хүчээ хумьж, эдийн засгаа хэмнэх чимээгүй “сүйрэл” нүүрлээд байна. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрч­ний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргалын телевизэд өгсөн мэдээллийг сөхвөл “30 хүртэлх ажилчинтай хайгуул, олборлолтын 86 компани сул зогссон байна. Мөн 51-­213 ажилчинтай 11 компанид хүндрэл учирсан. “Оюутолгой” төслийн томоохон туслан гүйцэтгэгч “Жэкобс” компани гэхэд доороо арав гаруй гэрээт компанийг ажиллуулдаг. Гэтэл өнөөдөр ердөө хоёр нь ажиллаж, бусад нь ажилчдаа сул зогсолтод хамруулж, зарим нь гэрээгээ дуусгавар болгосон” хэмээжээ. Аялал, жуулчлалын компанийн жолооч нар аргаа барахдаа хааяа нэг нийтийн тээврийн шугаманд сэлгээгээр явж буйгаа учирлаж сууна. Иргэн Б.Очирт аялал, жуулчлалын нэгэн компанид “Паз” автобусаар үйлчилгээ үзүүлдэг аж. Тэрбээр “Би ажилдаа их дуртай. Байгалийн сайхныг харж, орон орноос ирсэн хүмүүстэй эх нутгийнхаа үзэсгэлэнт газруудаар аялж явахдаа жолоо барьж ядарснаа ч мэддэггүй. Гэтэл энэ жил үнэхээр хэцүү байна. Хаврыг тэсэн ядан хүлээж байсан би ингэж бүтэн жилийн орлогоо алдаж, хоосон ходоодоо илж, тэнгэр ширтэж хэвтэнэ чинээ санасангүй. Эхнэрийн группийн хэдхэн төгрөгөөр таван ам хооллоно гэхээр заримдаа сэтгэл гутардаг. Уг нь аялал жуулчлалын ид үед орлого сайн байдаг юм. Ах нь 11 сар хүртэл жуулчинд яваад өвлийнхөө хэрэглээний мөнгийг өлхөн олчихдог. Дээр нь бас оюутан хүүгийнхээ сургалтын төлбөрийг хийчихдэг юм. Азаар хүү энэ жил сургуулиа төгсөж таарлаа. Тэгээгүй бол ч ирэх намар амиа хорлохоос наагуур юм үзэх байсан биз. Гэрт удаан ажилгүй сууна гэдэг амаргүй байна шүү. Амьдрал үнэхээр бараан байна” хэмээн ярилаа. Түүнтэй адил ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, зүсэм талхны мөнгө хаанаас олох вэ гэж мөрөөдөж хэвтээ хүний нэг бол Баянзүрх дүүргийн түр оршин суугч Ц.Бумчин. Тэрбээр “Тогоочийн ажлаа хийж явахдаа өөрийгөө өлсөх өдөр ирнэ гэж зүүдэлж ч байсангүй. Зоогийн газар хаалгаа түгжсэнээс хойш дөрвөн сар гаруй хоолтой, хоолгүй хонолоо. Оюутан охиныхоо ой гаруйтай хүүг л өлсгөчихгүй юмсан гэж бодох юм. Ажил хийвэл ам тосдоно гэдэг юутай үнэн үг вэ. Оёдлын ажил ч болтугай олж хийе гэж бодоод өдөр бүр л зарын сонин худалдаж авдаг. Даанч оёдолчин авна гэсэн зар өдрийн од шиг л харагдах юм. Зарим газрын цалин нь дэндүү бага санагддаг” гэж ярив. Түүний хэлсэнчлэн ажлын байраа хадгалж үлдэхийн тулд бага цалингаар торгоохоос өөр арга зарим аж ахуйн нэгжид алга. Гэтэл хөдөлмөрийн биржид ажил хайж буй иргэдийн уртаас урт дараалал бичигджээ. Утсаар ажил лавласан хүмүүс дараа ирээрэй, дахиж утсаар холбогдож тодруулаарай гэсэн үг сонсохоос хэтэрдэггүй байна. Ажил идэвхтэй хайж буй хүмүүсээс хоолтойгоо залгаж буй нь хуруу дарам цөөн аж. Хаа нэг зам, барилгын ажил, хувийн орон сууц барих, хаалга, цонхны үйлдвэрт түр ажилтан авч буй талаар холбогдох мэргэжилтэн сонирхууллаа. Лангуу түрээслэгчид урт хугацааны амралт эдлэх нөхцөл байдалтай нүүр тулгарчээ. Хэд хэдэн худалдааны газрын лангуу хаалгаа барьж, урт хугацаагаар түрээслүүлнэ гэсэн зар тавиад гэртээ суужээ. Ажилгүйдлээс үүдсэн ядуурал ч хүрээгээ тэллээ. Өнгөрсөн жилийн ядуурлын түвшин тогтоох судалгаагаар хүн амын 15 хувь нь ядууралд өртөх эрсдэлтэй гэсэн дүн гарч байсан. Гэтэл он гарснаас хойш ядуурал улам нэмэгдсэн нь тодорхой. Учир нь ажилгүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь өрхийн орлогыг бууруулж, ядууралд өртүүлж байна. 2018 оны тооцоогоор Монгол Улсын ядуурлын түвшин 28.4 хувь болж, манай улсын 3.2 сая хүний 904.9 мянга нь ядуу амьдарч буй судалгаа гарсан. Энэ нь ойролцоо хөгжилтэй оронтой харьцуулахад нэлээд өндөр үзүүлэлт юм. Ажилгүйдлийг ядуурал яг л сүүдэр шиг дагаж байдаг. Иймээс цөөн хүн амтай орны хувьд ажилгүйдэл нэмэгдэх тусам ядуурлын ангал руу унана гэсэн үг. Түүнчлэн ажилгүйдлийн эгнээнд шилжсэн хүмүүсийн тэтгэмжид урсах мөнгө ч улам нэмэгдэнэ. Энэ хэрээр төрийн мөнгө үргүй ашиггүй урссаар байна.

 

Статистик харахад ажилгүй иргэдийн тоо сар бүр нэмэгдэж байна. Энэ оны нэгдүгээр сард 2076 хүнд 4.9 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосныг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж онцолж байлаа. Харин удаах сард нь ажилгүйдлийн тоо нэмэгдэж, 3662 хүнд 8.7 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон мэдээ байна. Хоёр өдрийн өмнө МҮХАҮТ, Дэлхийн банктай хамтран инфляцийн хүлээлт хоёрдугаар улирлын тайлангаа гаргалаа. Энэхүү тайланд дурдсанаар COVID­19 цар тахлаас шалтгаалж өрхийн санхүүгийн байдалд өөрчлөлт орсон эсэхийг тодруулахад судалгаанд хамрагдсан иргэдийн 68 хувь нь муудсан, нэг хувь нь сайжирсан, 31 хувь нь өөрчлөгдөөгүй гэж хариулжээ. МҮХАҮТ-­ийн ажлын байрны нөлөөллийн судалгааны тайланд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 56 хувь нь ажлын цагийн зохицуулалт хийсэн, 33 хувь нь ажиллагсдаа түр болон бүр чөлөөлсөн байна. Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 33 хувь нь ойролцоогоор 6000 ажлын байрыг түр болон бүр хугацаагаар цөөлсөн дүнтэй байна. Цаашид нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл 8000 орчим ажлын байрыг цомхотгох төлөвлөгөөтэй гэсэн таамаг гарчээ. Манай улс COVID­-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд хөл хорио тогтоогоод 100 хоног өнгөрчээ. Энэ байдал бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болж 46 мянган иргэн ажилгүй болоод байна гэж МҮХАҮТ-­аас мэдэгдэж байв. Цаашид 240 мянган хүн ажилгүйдэлд өртөх тооцоо ч гарсан. Ажилгүй болсон иргэд амиа аргацаахын тулд байгаагаа барин барьцаалан зээлдүүлэх газрын хаалга татаж явна. Гэвч зарим банк бус санхүүгийн байгууллага, ломбардууд одоо­хондоо зээл өгөхгүй гэсэн хариу барьж, цөхөрсөн иргэдийг улам хямрааж байгаа юм. Манай улс халдварт өвчнөөс айж бизнесийн салбарынхнаа өвдөг сөгдүүлж, эдийн засгийн хямралд өртүүлж суухад өдөрт 8000 тохиолдол бүртгэгдэж буй хойд хөрш хөл хориогоо шат дараатай цуцалсаар байна. В.Путин энэ сарын 17-­ноос үсчин, зоогийн газруудын үйл ажиллагааг хэвийн явуулах шийдвэр гаргажээ. Мөн бүх хориогоо энэ сарын 24 гэхэд бүрэн цуцалж, ялалтын баяраа нижгэр тэмдэглэхээр зэхэж буй. Харин манай улс сонгууль дуустал хөл хорионд хүлэгдсээр суух нь бололтой. Ядаж зуны урин дулаан цагийг ашиглаж барилгын ажилчдаа орлоготой байлгахсан. Бас үргэлж нүүх гэж буй айл шиг байдаг ундуй сундуй гудамж талбайгаа засаж, тордмоор байна. Хэдий болтол ажилгүйдлийг өдөөж, хүмүүсийг өлсгөлөн туших вэ. Ажилгүй иргэдийн өдөр өнгөрөөх арга нь архидалт боллоо. Мөнгөний бараа харахаа болиод удсанаас үүдэн сэтгэл гутралд орсон иргэд архиар өөрсдийгөө тайтгаруулж байна. Харин эрх баригчид сонгууль гээд энэ бүхнийг бодох ч сөхөөгүй явна. 

ЗАСГИЙН ГАЗЫРН МЭДЭЭ СОНИН