УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Эдийн засагт улаан гэрэл аслаа” гэж хэлснийхээ төлөө хэвлэлээр баахан “нүдүүлэв”. Түүнийг “Галын дүгнэлт” хэмээх цуврал нийтлэлээр сайтар болгож орхисон. Эдийн засаг муудсныг ард түмэнд тоо баримт, тодорхой үндэслэлээр тайлбарласнаас, бүхнийг сайн сайхан байгаа гэсэн Эдийн засгийн хөгжлийн сайдаас өөр байр суурь баримталсных нь төлөө ингэж хохирогч болсон юм.

    Л.Энх-Амгалангийн дараагийн хохирогч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болов. Тэрээр 17 сайдад ашиг сонирхолын тухай хууль сануулж, давхар дээлээ дан болгох санал хураалтад оролцох эрхгүйг сануулсан албан бичиг явуулсныхаа төлөө буруутнаар зарлагдав. Явуулсан албан бичиг нь гишүүний бүрэн эрхэд халдсан гэнэ. Албан бичгийн ая даахгүй юун ч эмзэг халдашгүй бүрэн эрхэв. Ийм бичиг явуулсных нь төлөө УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат сөрөг хүчний бүлгийнхээ даргыг Халдашгүй байдлын дэд хороонд өгч шалгуулахаар болсноо ууртайгаар зарлав. Ердөө ийм бичиг явуулсны төлөө хүнийг шалгана, хянана, цагдана гээд байгааг ойлгоход төвөгтэй. Хамгийн хачирхалтай нь ийм дарангуйлалын шинжтэй өнгө аяс АН-аас л гарч байна. Хүний үзэл бодлыг хамгийн ихээр дэмжинэ гэж зарладаг мөртлөө ганцхан албан тоот явуулсан УИХ дахь сөрөг хүчнийхээ даргыг шалгуулна гэдэг бол арай л дэндэж байгаагийн илэрхийлэл болон ард түмэнд ойлгогдов. АН аажмаар дарангуйлагч болон хувирч байна.

    Д.Эрдэнэбат дарга үзэл бодол байр сууриараа өрсөлдөхийн оронд олонхийн хүчинд эрдэж, бардан түрэмгийлж эхлэв. Тийм ч учраас сөрөг хүчнийхээ даргыг Халдашгүй байдлын дэд хороогоор шалгуулж, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан гэсэн дүгнэлт гаргуулахаар хөөцөлдөж эхэлсэн гэж саарал ордныхон ярьж байна. Өөрөөр хэлбэл Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийн олонхийг өөртөө татаж С.Бямбацогтын эсрэг дүгнэлт гаргуулж чадвал боловсруулсан төлөвлөгөө нь биелэнэ гэж бодсон бололтой. Түүний энэ төлөвлөгөө задарчээ. Гэхдээ Д.Эрдэнэбат гандан бурахгүй Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдтэй уулзалт хийж эхэлсэн сураг гарлаа.

    Халдашгүй байдлын дэд хороо нь Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, С.Оюун, Ч.Улаан гэсэн таван гишүүнтэй аж. Эдгээр гишүүдийн намын харьялал, бүтэц, ноён нуруу, ажлын туршлагыг нь харвал албан тоот илгээсэн С.Бямбацогтын буруу гэсэн дүгнэлтийг Д.Эрдэнэбатын хүсэлтийн дагуу шууд гаргачихгүй л болов уу? Тэгэхээр олны өмнө ам гарч эвгүй байдалд орсон Д.Эрдэнэбат өөрөө дахин буруутаж мэдэхээр л харагдаж байна.

    Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарыг дуугарлаа, албан тоот явууллаа гэж эрх баригчдын зүгээс үзүүлж буй дарамт шахалт бол МАН-ынханд ээлж дараалан өгөх сануулгынх нь эхний илэрц гэж улс төр судлаачид тайлбарлаж байна. Учир нь цаашид энэ намаас дуугарч байгаа хүмүүсийг иймэрхүү маягаар дарамтлах, шалгах ажиллагаа эрчимтэй үргэлжлэх бололтой.

    Эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Ц.Нямдорж, Ж.Энхбаяр гэх мэт эрчимтэйгээр байр сууриа хамгаалж, эрх баригчдын өөдөөс дуугарч эхэлсэн хүмүүсийг ээлж дараалан гөвөх төлөвлөгөөг гаргажээ. Ийнхүү эрх баригчид сөрөг хүчнээ нухчин дарах төлөвлөгөөгөө нэг нэгээр нь “алхам алхамаар” гэдэг зарчмаар “сүхдээд” байх бололтой.