--- “Улбар шар” нөхцөлд улстөржилт ярихгүйгээр хариуцлага хүлээхийг УОК-ын даргаас шаардаж байна ---

У.ОРГИЛМАА

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТөөс өчигдөр хийсэн мэдээллээр сүүлийн 24 цагийн дотор 620 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Халдварын тархалт хэдийгээр нэмэгдэж байгаа ч Монгол Улсын Засгийн газар хүн амаа вакцинжуулах ажлыг эрчимжүүлсэнд олон нийт талархаж байна. Гэтэл “Хонх нь дуугарахаар дамар нь таг” гэгчээр мөрөөдөж байсан хөрс суурь нь бий болчихоод байхад Улсын Онцгой Комиссийн үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрүүд олон нийтийг бухимдуулах болов. Юуны өмнө тусгаарлах байрны хүрэлцээ муу байна. Бүтэн нэг жилийн хугацаанд ямар ажил хийхээрээ Улаанбаатараар дүүрэн ашиг орлогогүй байгаа хувийн хэвшлийнхэнтэй хэл амаа ололцож, дэмжээд хамтарч ажиллаж чадахгүй гэрт нь, байгууллагад нь тусгаарлах болов? Энэ бол зохион байгуулалт муутай байгаагийн илрэл.

Тиймээс байгууллага, хамт олны хувьд шинжилгээний хариу эерэг гармагц ажлын байрандаа тусгаарлагдахад хүрээд байна. Гэнэтийн тохиолдлоор ажлын байрандаа тусгаарлагдаад хэд хоносон ч хоёр хоногийн өмнөх шинжилгээгээр сөрөг гарсан хариу эерэг болон өөрчлөгдсөөр байгааг юу гэж үзэх вэ? Ажлилтнууд дөрөв хоног ажил дээрээ тусгаарлагдах хугацаанд шинжилгээ авахгүй, энэ талаар ХӨСҮТ-өөс лавлахад “Та нар өрөөнөөсөө гарч ариун цэврийн өрөө ороод байгаа учраас тусгаарлагдаж байгаад тооцохгүй” гэсэн тайлбар өглөө.

 Хэзээ шинжилгээ авч, хэн хэрхэн эмчилж, ажлын байрнаасаа гарахыг таашгүй ийм нөхцөл байдал үүсээд байна. Цаашилбал, шөнийн 23.00 цагаас хойш автомашины хөдөлгөөнийг хязгаарласнаа өнгөрсөн баасан гарагаас эхлэн цуцаллаа. Шөнийн цагаар автомашинаар зорчсоноос үүдэж халдвар нэмэгдснийг тогтоосон ямар баримт судалгааг үндэслэж уг шийдвэрийг гаргаад ямар үндэслэлээр цуцалсан нь мөн л ойлгомжгүй. Зөгийний аж ахуйн зөгийнүүд хүртэл УОК-ын шийдвэрээр өвөлжөөнөөсөө шилжиж нүүх, ресторанууд хоол бэлтгэж савлаж явуулахын тулд үйл ажиллагаа явуулах зэрэг “эрэмдэг” шийдвэрүүд гарсаар байна. Шадар сайдын гэргий халдварын голомтын “улаан бүсэд” ороод гарсан асуудал мөн л дуулиан тарилаа. УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 1-ний өдөр “Миний эхнэр халдвар гарсан голомт буюу аав ээжийндээ очиж тусгаарлагд гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу тусгаарлагдаж байгааг хариуцлагатайгаар хэлье. Ээж аавындаа очсоноос хойш арав гаруй хоног бид уулзаагүй” гэж тайлбар өгсөн боловч 2021 оны гуравдугаар сарын 26-нд Налайх дүүргийн ЭМТ-д вакцин хийлгэсэн баримт нийгмийн сүлжээнд дэлгэгдсэн. Гэтэл үүнийг улстөржилт, захиалгат мэдээлэл гэгчээр тайлбарлаж дахин мэдэгдэл хийв. Түүний улстөржүүлсэн мэдэгдэл үүгээр дууссангүй. 

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан энэ сарын 3-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу “Дүнжингарав” худалдааны төвийн гаднах талбайд олон нийтийн үйл ажиллагаа буюу АН-ын ээлжит бус Их хурлыг зохион байгуулсан Ардчилсан намын удирдлагуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаа мэдэгдэв. Эндээс харахад “улбар шар” нөхцөлд ажиллаж буй УОК-ын дарга С.Амарсайхан өөрөө хэт эмзэг байна. Асуудлыг албан тушаалын шунал, улстөржилттэй холбох сэдвийг тэр өөрөө л зохиож тодорхой эзэн биегүй, баримтгүй мэдэгдэл хийгээд байгааг олон нийт харлаа. Хэрэв Шадар сайд, УОК-ын дарга гэр бүлийн хүн нь яагаад давуу эрх эдэлж “улаан бүс”-д нэвтэрсэн бэ гэдэг асуудалд анхаарахын оронд “Та нар ч гэсэн хүсэлт тавиад орж болно” гэх “зөвшөөрөл” олгосон тайлбар хийлээ. Тийм бол яагаад аав ээж нь охиндоо хүссэн балга ундааг нь уулгаж амжилгүй, охин нь төрсөн аавынхаа барааг харж чадалгүй үүрд хагацав? Төрийн хатуу хоригийг хүндэтгээд л тэр шүү дээ. 

Цар тахлын үед хуулийн өмнө, төрийн аливаа шийдвэрийн өмнө эрх тэгш байцгаая гэдгийг л олон нийт түүнээс нэхсэн. Эдүгээ МАН-ын даргаар ажиллаж буй Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нимгэн хувцастайгаар эмнэлгээс гарсан нялх биетэй эхийн өмнө өөрийн удирдсан Засгийн газраа огцруулсан нь хэрэв жүжиг биш бол улс төрийн соёл байх. Гэхдээ тэр “улс төрийн соёлыг” аваад явчихаагүй. Яагаад дараагийн Засгийн газар хариуцлага хүлээхэд яарахгүй байна вэ? Салбар бүрт бухимдуулж байгаа үйлдэл бүхнийг олон нийт тэгтлээ удаан тэвчихгүй. Тиймээс Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханыг хэвлэлээр мэдэгдсэн шигээ албан тушаалтай зууралдахгүйгээр хариуцлага хүлээнэ гэдэгт найдаж байна. Шаардлагатай бол МАН-ын зүгээс энэ сайдтайгаа хариуцлага тооцож “улс төрийн соёл”-ыг аваад явчихаагүйгээ харуулна гэж хүлээе.