“Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д орсон зарим өөрчлөлтийн талаар дөрөвдүгээр сарын 6-нд УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг танилцуулсан. Ингэхдээ тэрбээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон иргэн өөрөө хүсэлтээ гаргаж, төлбөрөө төлбөл тусгаарлах байранд долоо хоног тусгаарлахаар болсон хэмээн мэдээлсэн юм.

Гэвч энэ нь холбогдох хуулийн заалттай зөрчилдсөн тул хурандаа Ц.Ганзориг дараах залруулгыг хийлээ. Тэрбээр "Түр журмын 2.1-д Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр нь тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж, долоо хоног тусгаарлан ажиглана гэсэн заалт байсан. Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26.4.4 дэх заалт, Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжээ болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй үзүүлэх буюу төр хариуцна гэх заалттай зөрчилдсөн байна.

Иймээс та бүхнээсээ хүлцэл өчиж, Эрүүл мэндийн тухай хуультай нийцүүлж дараах залруулгыг хийж байна. 

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал эсхүл тухайн хүний хүсэлтийг харгалзан тусгаарлах байранд долоо хоног тусгаарлах бөгөөд төлбөрийг төр хариуцах юм" гэв.