14 хоногийн хатуу хөл хорионы үед телевизийн суваг бүхнээр ард иргэдэд бодлогоор хүргэж буй “Карантин 14” шоуг үзээд “Монголын соёл урлагийн өнөөгийн нүүр царай энэ үү дээ” гэх харамсал гутрал төрлөө. Уг шоу нэвтрүүлгийг Соёлын яам хөрөнгө мөнгийг нь гаргаж амихандаа манай соёл урлаг энэ юм шүү хэмээн иргэддээ тайлагнаж байгаа бололтой.

Төр засгаас, салбар яамных нь бодлогын түвшинд Монголынхоо ард түмэнд хүргэсэн урлаг соёл гээч нь юу вэ гэвэл ерөөсөө хошин шогийн маазарсан хэдэн нөхдүүд байх жишээний. Мэдээж тэдэн дээр зохиолын дуучид, үндсэндээ дуулсан, хуурдсан, бүжиглэсэн манайхны хэлдгээр хошин шогчид нэмэгдэж байгаа. Тийм ээ, энэ бол Монголын агуу их урлаг гээч нь. “Карантин 14” гэдэг шоу шинэ зууны урлагийн үнэн нүүр царайг гэрчлээд өглөө. Урлаг соёлоо үнэлж, хэмжиж буй төр засгийн хэмжүүр бодит үнэлэмжийг хэлээд өгөв бололтой. Мөн сүүлийн хоёр жилийн карантины үед гэртээ сууж байгаа ард түмэн үүнийг сайн мэдэрсэн байх. Ганц сэтгэлд хүрсэн кино байхгүй, хуучин соц үеийн киногоо үзэхээс өөр арга байхгүй нь энэ бүхнийг гэрчилнэ.

Шинэ зуун буюу 21 дүгээр зуун гарсаар Монголын соёл урлагт дэлхийн хэмжээний сонгодог бүтээл бараг гараагүйг, тийм хэмжээний бүтээл төрсөн байлаа ч төр засаг нь огтоос тоолгүй харалган өнгөрснийг судлаачид хэлдэг. Шинэ зуун гэдэг бол 2000 оноос хойших асуудал. Хамгийн түрүүнд кино урлагийг аваад үзье. Г.Аюурзана, С.Бямбаа нарын “Хэвтрийн хүн” гэдэг юм уу, шинийг эрэлхийлсэн ганц нэг бүтээлийг эс тооцвол кино урлаг жинхэнэ утгаараа сөнөсөн. Зүгээр л арилжааны мөнгөний кинонууд, урлагийн хэмжүүрт хүрэх нь байтугай дундаас доош түвшний кинонуудын үер болсон. Алаан хядаан, хүчирхийлэл, цус нөж, өшөө авалт, садар самуун ийм л юм үзүүлсэн “бүтээл”-үүд жилд хэдэн зуу, мянгаараа гарсан. Үзэл санаа, үнэт зүйл, уран бүтээл гээч киноны жанжин шугам нь байхгүй. Амин сүнсгүй болсон. Ардын жүжигчин кино найруулагч Г.Жигжидсүрэн “Би киног урлаг байхад нь хүчин зүтгэж байснаараа өөрийгөө азтайд тооцдог. Одоогийн киног урлаг гэж хэлэхэд хэцүү. Арилжааны кинонуудын давлагаанд кино урлаг хөл алдан живлээ” гэж харамсалтайгаар мэдэгдсэн. Сүүлд “Явуулын хүн” киног үзсэн хүмүүс “ядахдаа алаан хядаан, орилоон хашгираангүй нь сайхан юм” гэж байхав. Ингэж кино урлаг маань дахин сэхэл авахааргүй болчихов уу даа, янз нь. Тэгвэл драмын урлагт ямар шинэчлэл ирснийг үзье.

Б.Лхагвасүрэнгийн зохиол их эзэн Чингис хааны тухай “Атга нөж” түүхэн жүжгээс өөр шинэ зуунд гарсан дорвитой тулхтай бүтээл байхгүйг мөн л мэргэжлийн судлаачид нь хэлж байна. “Атга нөж”-ийн хувьд 2006 онд Их Монгол Улсын 800 жилийн ойгоор бүх найруулагчдын дунд уралдаан зарлаж Б.Баатар шалгарч драмын тайзнаа тавьж байсан. Ер нь найруулагч Баатарын тухайд гэвэл шинийг эрэлхийлсэн хуучинсаг сэтгэлгээ шударга бус зүйлийг үл тэвчдэг, жинхэнэ сонгодог найруулагч байсан. Д.Урианхайн “Хүн бүгд-би”, Б.Батрэгзэдмаагийн “Хаалганы өмнө” зэрэг орчин үеийн жүжгүүдийг тэрээр ерээд оны сүүл үед олонд хүргэсэн. Гэвч академик театрын уран сайхны бодлого мэргэжлийн бус массын хэмжээний байж, тийм хэмжээний жүжиг тавьж орлогоо боддогийг зарим нэг нь айхавтар шүүмжилдэг. Үндсэндээ орлогоо бодоод мэргэжлийн театр нь зүгээр нэг сайн дурын продакшнуудтай адил хэмжээний жүжгүүд тавиад, нийт массыг хошууруулаад, уг жүжгийг найруулсан найруулагч болоод уран бүтээлчдээ мундаг гэж магтаад байгаа нь өөрөө маш том ухралт. Цөөхөн хэмжээний үзэгчтэй байсан ч гэсэн үндэсний мэргэжлийн театр сонгодог бүтээлийг жил бүр эр зориг гаргаж заавал тавих ёстой. Жар, далаад онд яагаад Монголд балетын урлагийг, дуурийн сонгодог урлагийг бодлогоор бий болгосон юм бэ. Хэрвээ үзэгчээ бодсон бол, орлогоо бодсон бол тухайн үед өнөө л зохиолын дуунуудаа дуулуулж хуучин уламжлалтайгаа ноцолдсоор байх байсан. Гэвч төрөөс, Соёлын яамнаас бодлого (тухайн үеийн соёлын бодлогыг алсын хараатай хүмүүс гаргадаг байж)барьж орчин үеийн сонгодог урлагийг бий болгосноороо өнөөдөр дэлхийд балетын Д.Алтанхуяг, мэргэжлийн дуурийн сонгодог театрууд булаацалдаж байгаа Э.Амартүвшин нар төрөхгүй байсан нь гарцаагүй үнэн юм. Тэгэхээр Монголд байгаа хоёр академик театр буюу Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр урын сангийн бодлогодоо өөрчлөлт шинэчлэлт оруулах ёстой. Драмын театр “Атга нөж”-өөс гадна сүүлд хүннү гүрний ойгоор “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг тавьсан нь ололт байсан. Дуурийн театрын тухайд Л.Эрдэнэбулган найруулагч мөн ч их ярьсан даа.

Энэ театрын бодлого алдагдлаа, сонгодгуудыг тавихаа больсон, ерөнхий удирдаач гэдэг хүн нь зүгээр л нийтийн дуучдын удирдаач боллоо, хуучин Жамсранжавын үед ийм байгаагүй, өнөө балетын бүжгэн жүжиг хаачив гээд бөөн бухимдал, гуниг харуусал байсныг мэднэ. Утга зохиолын тухайд Д.Урианхай, Г.Аюурзана гээд дэлхий нийт хүлээн зөвшөөрч буй том зохиолчид гарсан. Парист төвтэй “Дэлхийн нэг шүлгийн ном” гэдэгт Урианхайн шүлэг багтсан, мөн тэрээр Азийн тэргүүн найрагч болж Нобелийн шагналд албан ёсоор нэр дэвшсэн, Аюурзаны романууд дэлхийн олон орны хэлээр орчуулагдаж хэвлэгдсэн гээд утга зохиолын салбарт амжилтууд бий. Хөгжмийн урлагт алтан үеийнхнийг больё гэхэд Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” киноны хөгжим шиг, морин хуурт зориулсан бүтээлүүд болоод “Цагаан суварга” шиг, Б.Шаравын “Сэрсэн тал”, “Гэгээн алсад одох юмсан”, З.Хангалын “Салхич шувуу” симфони, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурь болон Ц.Чинзориг, Г.Алтанхуяг нарын мэргэжлийн бүтээлүүд үгүйлэгдэж орон зай хоосорсон гэхэд хилсдэхгүй. 2000-аад оны эхээр бичигдсэн Б.Шаравын “Чингис хаан” дуурь, Ц.Нацагдоржийн “Тавдугаар симфони”-ийг эс тооцвол шинэ зуунд хөгжмийн мэргэжлийн томоохон бүтээл олон гараагүйг судлаачид хэлдэг, хөгжмийн зохиолчдын яриа хөөрөөнд ч дурдагддаг.

Шинэ зуун гарсаар яагаад ийм тулхтай бүтээлүүд төрөхгүй, Монголын урлаг гудманд гарчихав гэхээр явж явж үзүүр гогцоо нь төр засагтай, урлагийн боловсрол нимгэн, их урлагийг ерөөсөө хошин шог, зохиолын дуугаар хэмждэг улстөрчидтэй холбоотой. Өнөөдөр хамгийн их алдаршиж, хамгийн их нэртэй төртэй, орой бүр зурагтаар гардаг, Монголын урлагийн нүүр царай нь хошин шогийн хэдэн жүжигчин зохиолын дуучид л байна. Дуугаа дуулаад, маазарсан яриагаа яриад, амьтан хүн инээлгээд явж байгаа нь тэдний буруу биш. Тэд бол хийх ёстой ажлаа хийж байгаа уран бүтээлчид.

Хамгийн гунигтай нь хошин урлагийнхан, нийтийн дуучид болоод рок попын гэх энэ нөхдүүдийг “Монголын супер одууд” гэж зарлан тунхаглаж, юм бүхний оройд залж, гавьяат болоод төрийн шагнал ардын цолоороо шагнаж дээд зэргээр өргөмжлөн, нийтийн дунд улам хөөсрүүлж байгаа төр засгийн харалган бодлогын гай юм. Хэдэн жилийн өмнө нэг хамтлагийн дуучинд Монголын төр, төрийн соёрхлоо гардуулсан нь жинхэнэ уран бүтээл хийдэг хүмүүст аймшигтай доромж мэт санагдсан. Төрийн соёрхол гэдэг бол жинхэнэ язгуур бүтээгч нь өөрөө авдаг ийм шагнал. Тухайлбал, “Цогт тайж” кино зохиол бичсэн Б.Ринчен, Төрийн дууллыг зохиосон Ц.Дамдинсүрэн, “Тунгалаг Тамир”-ыг бичсэн Ч.Лодойдамба ч юм уу, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Ц.Намсрайжав, Н.Жанцанноров, Б.Шарав, З.Хангал гээд хөгжмийн зохиолчид, Ү.Ядамсүрэн, Н.Цүлтэм гээд зураачид оюуны охь болсон шилдэг бүтээл туурвиж Монголын урлагийн сан хөмрөгийг баяжуулснаараа авдаг дээд шагналыг зүгээр нэг хамтлагийн дуучинд өгчихөөр юу болох билээ.

Мөн өнөөдөр сонгодог урлагийн төлөө явж буй жүжигчдэд шагнал өгөхгүй хэрнээ ганц нэг хошин шогийн дүрд гарч маазарсан нөхдүүд гавьяат авч байгаа нь Монголын соёл урлагийн бодлого гээч нь урвуугаараа эргэсний тод илрэл.

Хошин шогийн жүжигчид, дуучин хуурчин, рок поп, хип хопын хурган банди нар яагаад мандаад байна вэ гэхээр ердөө л ганцхан юм байгаа. Улстөрчид тэднийг мундаг гэж бодоод байгаадаа ч биш. Харин тэднийг нэр алдартай болгож, нийт масс энэ нөхдийг л үзэж байгаа юм байна гэдгийг сайтар ойлгосон учир тэднээр хөтлөгчөө, нүүр царайгаа хийж хөдөөгийнхний, хотын гэр хорооллынхны саналыг авч, төрийн түшээ болох ийм л амин хувийн хөгийн сэтгэлгээ Монголын их урлагийг боомилж байгаа юм. Үүний эцсийн үр дүнд Монгол Улс дэлхийн хэмжээнд үнэлэгдэх бүтээлгүй, мэргэжлийн академик театртай хэрнээ нийтийн урлагийг шүтсэн, бүгд инээсэн, маазарсан, тулга тойрсон хов жив ярьсан, түүндээ баяссан ийм үхээнц боловсрол мэдлэггүй хөөрхийлөлтэй хүмүүс боллоо. Соёл урлагт мөнгө төсөвлөдөг ч түүнийг нь Их хурлын гишүүд хувь хувьдаа, танил тал, ах дүү найз нөхдөдөө өгөөд хуваагаад идчихдэг ийм байхад яаж “Мандухай цэцэн хатан” шиг үндэсний оюун санааг баяжуулсан сонгодог бүтээл гарах билээ. Монгол төр хэдий болтол гудамжны урлагийг оройдоо залж хөлөөрөө толгой, толгойгоороо хөлөө хийх юм бэ. Үндэсний сонгодог урлаг, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний уран бүтээлчдээ одоо харж хандаж, тэдэнд эдийн засгийн эрх чөлөөг нь олгож, шинэ зуунд үнэлэгдэх хэмжэний бүтээл хийхийг бодлогоор шаардаж, их урлагтаа эргэлт авчирч, наад хэдэн хошин шогийн нөхөд, нийтийн дуучдаасаа илүү үзэх цаг болсон.