Монголын үндэсний бөхийн холбооноос Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамтай холбоотой мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд, бөхчүүд, жаяг дэгийн багт ажиллах хүмүүсийг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байхыг шаардаж, наадам болохоос өмнө PCR шинжилгээ өгч, даатгалд хамрагдсан байх ёстой гэв.

Бөхийн барилдаан нь Хүй долоон худагт гурван хоног үргэлжлэх бөгөөд долдугаар сарын 10-нд нэг, хоёрын даваа, 11-нд гурав, дөрөв, тавын даваа явагдаж, 12-нд түрүү бөх тодрох аж. Мөн эхний хоёр өдөр өвдөг шороодсон бөхчүүд оройдоо Улаанбаатар хот руу буцах гэнэ.

Харин маргаантай барилдаанд камерын шүүлт ашиглахаас гадна хаялцах барьц сонгохгүй аж.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийн, допингийн асуудалтай, шийтгэлээ бүрэн эдэлж дуусаагүй байгаа бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан, Б.Бат-Орших харцага магадгүй Э.Оюунболд аварга хүртэл энэ жилийн наадмаар зодоглохгүй ажээ.