Монголын хамгийн олон харилцагчтай, салбартай хэмээдэг ч харилцагчиддаа хамгийн их хохироодог банк бол яах аргагүй Хаан банк. Харилцагч нар данснаасаа их, бага хэмжээгээр мөнгө алдах нь байдаг л хэвийн үзэгдэл болтлоо дөжирсөн гэхэд буруудахгүй.

Тэгвэл тус банкны харилцагч бөгөөд данснаасаа мөнгөө алдсан иргэд Хаан банкны хохирогчид гэх фэйсбүүк групп нээн нэгдэж Хаан банкыг хохиролыг нь барагдуулж өгөхийг шаардаж, Хаан банкны удирдлагуудтай уулзсан юм. Үүний дараа Хаан банкнаас мэдэгдэл гаргасан. Ингэхдээ сүүлийн үед цахим залилан, кибер гэмт хэргийн гаралт Монгол Улсад өсөж, банкны харилцагчдын и-мэйл, фэйсбүүкийн нууц мэдээллийг хууль бусаар олж авч түүгээр дамжуулан харилцагчийн интернэт банкаар данснаас нь зарлагын гүйлгээ хийх  тохиолдол цөөнгүй гарч байгааг онцолсон.

 Монголын хамгийн олон харилцагчтай гэх тодотголтой Хаан банк харилцагчдынхаа мөнгөн хөрөнгийг хамгаалж дийлэхгүй, иргэд цахим луйвар, гэмт хэргийн хохирогчид болсоор буй учир зарим харилцагчид нь Хаан банкинд байршиж буй хадгаламж болон, мөнгөн хөрөнгөө татаж өөр бусад банкуудыг сонгож эхэлсэн байна.

Иргэдийн ярьж буйгаар өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө буюу үүрээр банкны дансанд нь халдаж мөнгө хулгайлдаг аж. Огт интернэт банк ашигладаггүй иргэний хувьд 2021.09.09-10-нд шилжих шөнө данснаасаа 1 сая 115 мянган төгрөг алдсан байна. Ингэхдээ иргэний нэр дээр интернэт банкны үйлчилгээ идэвхжүүлж Оргилболд гэх нэртэй данс руу тус гүйлгээг хийсэн байжээ. Мөн 2021.09.02-ны шөнө иргэний хугацаатай хадгаламжийн данс дахь 6 сая төгрөгөөс 1.4 сая төгрөгийг бусдын данс руу шилжүүлж авсан, 2021.09.03-ны өглөөнөөс эхлээд 20 мянга, 25 мянга, 30 мянган төгрөг гэх мэтээр бага багаар авсаар 1.8 сая төгрөгийг алдсан байгаа юм.

Өөрсдийн аюулгүй байдлаа хамгаалж чадаагүй үйлдлээ Цагдаагийн байгууллагад тохож нэр цэвэр үлддэг тус банкинд холбогдох байгууллагаас хариуцлага тооцох, аюулгүй байдлыг нь сайжруулах эсвэл харилцагчид бүх мөнгөө алдахаас өмнө тус банкнаас татгалзах хэрэгтэй хэмээн иргэд үзэл бодлоо илэрхийлэх болсноор гадна хохирогчид нэгдэн хууль өмгөөлөгч хөлслөн ажиллахаа мөн мэдэгдээд байгаа. Түүнчлэн энэ үйл явдалтай зэрэгцэн хэрэглэгчдийн дунд ХААН банкны үйлчлүүлэгчид хадгаламжаа татаж байгаа гэх яриа ч гараад байгаа.