Т.АМАРТҮВШИН

Монгол Улсын 2022 оны улсын төсвийн төсөл, Ардчилсан намын дотоод үйл явдлын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

 -Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Та ирэх оны төсвийн төсөлтэй танилцаж амжив уу? 

-2021 оны төсвийг 14.2 их наяд төгрөгийн зардалтай баталж байсан. Ирэх жилийн төсвийг 5.8 их наядаар нэмэгдүүлж оруулж ирлээ. Зардал данхайж буй нь эндээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл 5.8 их наяд чинь 2015 оны нийт төсвийн зардал шүү дээ. Ирэх онд цалин, тэтгэвэр нэмэхгүй мөртлөө яагаад зарлага их хэмжээгээр нэмэгдэв гэдэгт анализ хийх зайлшгүй шаардлага байгаа. Төсвийн төслийг УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэж эхэлнэ. Төсвийн зарлага яагаад ийм ихээр нэмэгдэж байгааг УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нэлээн сайн ярилцах ёстой. Төсвийн төслийг судалж үзэхэд, 290 гаруй онцын шаардлагагүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэ зардлыг царцаавал 570 тэрбум төгрөг хэмнэх боломж бий. Энэ мөнгийг жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст дэмжлэг болгож өгвөл дараа жил төсвийн орл огыг нэмэгдүүлэх суурь нөхцөл болно гэж үзэж байна. 

-Онцын шаардлагагүй 290 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан байна гэлээ. Ямар төсөл, хөтөлбөрийг хэлж байна вэ?

 -Хөшөө дурсгал, багийн хөгжлийн төв, аль эсвэл Улаанбаатар хотод дүүргийн Соёлын төв барихаар тусгасан байна. Хүн амын эрүүл мэнд, улсын эдийн засаг хүнд байхад нийслэлд Соёлын төв нэмж барих шаардлага байна уу. Өндөр дүнтэй ийм бүтээн байгуулалтаас татгалзах хэрэгтэй. Иргэдийн бизнест хэрэгтэй хөрөнгө оруулалтыг дэмжихэд төсвийн зарцуулалтыг чиглүүлбэл үр дүнгээ өгнө. Ер нь төсвөөр дамжуулж бизнесийн салбараа дэмжсэн улс орнууд өндөр хөгжөөд явж байна. Гэтэл манай улс хэтэрхий нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг. Нийгмийн асуудлаа шийдвэрлэх зардлаа дийлэхгүй хэмжээнд очсон данхайсан төсөвтэй болсон. 

-Цар тахалтай тэмцэх нэрээр хөрөнгийг хяналтгүй зарцуулсан гэдэг шүүмжлэлийг сөрөг хүчний зүгээс хийж буй. “Ковид 19” халдвартай тэмцэх ажлын тайлан, санхүүгийн зарцуулалтаа тайлагнаж, УИХ түүнийг нь сонсох болоогүй юм болов уу?

 -У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Нэг сайн тал нь хэсэг хугацаанд ковидын халдварыг дотооддоо алдалгүй барьсан нь энэ хөтөлбөрийн үр дүн гэж хардаг. Гэхдээ зарим албан тушаалтан төсөв үрэлгэн зарцуулсан, завшсан тал байж магадгүй. Зарцуулалтын тайланд нийтийн сонсгол хийгээд явах боломж бий. Харамсалтай нь, нийтийн сонсгол хийхэд олон тооны гишүүн дэмжиж гарын үсэг зурах ёстой. Гэвч төдийлөн гарын үсэг зурсан зүйл алга.

 -“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний үр өгөөж ямар хэмжээнд байгаа бол?

 -Засгийн газар 10 их наядын хөтөлбөрийг баталж, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхэд анхаарсан. Энэ хөтөлбөрийг би дэмждэг. Зах зээлд бага хүүтэй зээл оруулсан нь бизнесийг дэмжиж буй хэлбэр мөн. Дээрх 10 их наяд төгрөгөөс 3.6 их наядыг нь зарцуулсан байгаа. Энэ хөтөлбөрийг цаашид өргөжүүлэх шаардлагатай. Хөнгөлөлттэй зээл авсан зарим аж ахуйн нэгж хэрэгтэй зардалдаа хөрөнгөө гаргачихаад, үлдсэнийг нь буцаагаад өндөр хүүтэй хадгалуулаад байна. Энэ нь юугаар илэрч байна вэ гэхээр, Засгийн газар энэ хөтөлбөрийг зарлахад Монголбанканд 8.1 их наяд төгрөгийн үнэт цаас байсан. Эндээс 3.6 их наяд төгрөгийг зарцуулсан байхад буцаад одоо Монголбанкны үнэт цаас 8.3 их наяд төгрөг байна. Тэгэхээр хөнгөлөлттэй зээлээр гаргасан мөнгө буцаад хадгаламж болж очоод байна гэсэн үг. Зах зээлд сайн шингэж өгөхгүй байна. Иймд энэ хадгаламжийн мөнгийг буцаад зах зээлд гаргахын тулд Засгийн газар хөрөнгө оруулалтын зээл болгож гаргах шаардлагатай болж байгаа юм. Тодруулбал, компаниудад үйлдвэрээ өргөтгөх, шинээр байгуулахад нь зээл олговол импортыг орлодог бүтээгдэхүүн хийж, валютын нөөц бүрдүүлэх боломжийг бий болгоно. Энэ талдаа харж ажиллавал сайн байна гэж бодож байгаа.

 

 -УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, төсөл чуулганы анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн. Хуулийн төсөл ихээхэн маргаан дагууллаа. Хууль санаачлагчид нь ч төслөө буцаан татаж байна. Та хуулийн төслийн тухайд юу хэлэх вэ? 

-Энэ хуулиас тусдаа Монгол Улсын Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барих гэж байгаа. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт саарсан шалтгааныг нэлээн далайцтай судалж байгаад сайн хууль өргөн барина гэдэгт итгэж байна. Дөрвөн гишүүний хувьд ганц хуудас, хэдэн өгүүлбэртэй хуулийн төсөл өргөн барьсан. Төслийн гол заалтад тусгаснаар, гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг хөрөнгө оруулалтын босго 100 мянган ам.доллар байсныг 50 мянган ам.доллар болгох нь гол зорилго байсан юм байна. Хөрөнгө оруулалтын хэмжээг багасгаснаар асуудлыг шийдчихнэ гэвэл эндүүрэл. Манайх сайн Үндсэн хуультай улс. Гэхдээ биднээс гадаадын хөрөнгө оруулагч үргэдэг асуудал нь хууль эрх зүйн орчин. Хөрөнгө оруулагчдыг зугтахад хүргэдэг гол хүчин зүйл нь хууль шүүхийн байгууллагын шударга бус байдал. Эрх зүйн тогтвортой орчин хөрөнгө оруулалтыг татдаг. Гэтэл хуулийн зохицуулалтаа байнга өөрчилдөг нь хөрөнгө оруулагчдыг дайжихад хүргэдэг. Засгийн газрын өргөн барих Хөрөнгө оруулалтын тухай хуульд сайн зохицуулалт тусгагдана гэж найдаж байна. Хөрөнгө оруулалтын сайн хууль баталж байж хөрөнгө оруулагч татна. Түүнээс биш манайх шиг жилдээ 70, 80-хан хөрөнгө оруулагч бүртгэгддэг улс гэж дэлхийд байхгүй. Товчхондоо Монгол Улс хөрөнгө оруулагчдыг дэмжих эрх зүйн орчин муу байгаа нь л харагдаж байгаа юм.

 -Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг та санаачилсан. Хуулийн төслийн гол ач холбогдол нь юунд байна вэ? 

-Олон улсын валютын сангийн шахалтаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017 онд өөрчлөлт оруулж, өндөр настны тэтгэврийг тогтоохдоо ажилласан жилийн сүүлийн таван жилийн дунджаар тогтоодог байсныг долоон жилийн дунджаар тогтоодог болгосон. Ингэснээр ахмад настны тэтгэвэр дунджаар 100 мянган төгрөгөөр багассан. Тодруулбал, 2018 онд тэтгэвэрт гарсан ахмад настан тэтгэвэр тогтоолгохдоо 2011-2018 оны хооронд ажилласан, сүүлийн долоон жилийн цалингийн дунджаар тэтгэврээ тогтоолгож байгаа. Гэтэл 2011 онд цалингийн хэмжээ бага байсан. Валютын ханштай холбоотойгоор жил бүрийн цалингийн хэмжээ нэмэгддэг. Тухайн 2011 оны үед дундаж цалин 300- 400 мянган төгрөг байсан байх. Тэгвэл одоо дундаж цалин нэг сая төгрөг болсон байна. Тэгэхээр 2018 онд тэтгэвэрт гарсан ахмад настны тэтгэврийг тогтоохдоо хоёр жилээр наашлуулаад 2013-2018 оны дундаж цалингаар тэтгэврийн дунджийг тооцвол өндөр бодогдож, тэтгэвэр илүү авах боломжтой болно. Одоо 430 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүн 100 мянган төгрөгөөр нэмүү тэтгэвэр авах боломжтой. Ажилласан жилийн сүүлийн таван жилийн дунджаар тэтгэврийн хэмжээг тогтоодог байх өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан. Үүнтэй холбоотойгоор өөр нэг хуулийн төсөл санаачилсан. 

-Тодруулбал? 

-2018 оноос дээрх хууль хэрэгжиж, сүүлийн долоон жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон иргэдийг буцааж, таван жилээр бодуулах хуулийн төслийг өргөн барьж байгаа. Энэ хоёр хууль 2018 оноос хойш тэтгэвэрт гарсан, одоо тэтгэвэрт гарах гэж байгаа ахмадуудын хувьд хүсэн хүлээж буй хуулийн төсөл. Дээрх хоёр хуулийн төсөл дээр УИХ, Засгийн газар иргэдийнхээ санаа бодлыг сонсож ажиллана гэж итгэж байна. 

-АН Их хурлаа арваннэгдүгээр сарын 5-нд хийхээр зарласан. Танай намын удирдлагууд эв зүйгээ олж, ойлголцсон гэж ойлгож болох уу? 

-УИХ-ын нөхөн сонгуулиар Э.Бат-Үүл баатар нэр дэвшсэн. Э.Бат-Үүл баатар нэр дэвшээд, маргаж буй хоёр талыг нэгтгэхэд идэвх санаачилгатай ажилласан. Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 5-ны өдөр намын Их хурлыг зарлан хуралдуулахаар О.Цогтгэрэл болон М.Тулгат дарга нар хамтарсан мэдэгдэл хийсэн. Ямар ч байсан эв нэгдлээ хангах оролдлого хийх ёстой. Эв нэгдлийг эсэргүүцэж буй хүмүүс ч байна. Шуудхан хэлэхэд, С.Эрдэнэ дарга тамга барьчихсан, эсэргүүцэж байгаа тал бий. Улсын Дээд шүүх биднээс ганцхан зүйлийг шаардаж байгаа. “Та нарын дотоод маргаанд бид оролцох боломжгүй. Тиймээс нэгдэж хурлаа хийгээд нэг бичиг баримт Дээд шүүхэд авч ир” гэдэг шаардлага тавьсан. АН нэгдсэн Их хурлаа хийх ёстой. Эсэргүүцэж буй зарим нэг хүн байж магадгүй л дээ. Гэсэн ч аль аль талдаа буулт хийгээд арваннэгдүгээр сарын 5-ны хурлыг хуралдуулаад, тодорхой асуудлаа шийдээд явах нь зүйтэй гэж бодож байна. 

-АН-ын дарга С.Эрдэнэ нэгдэхгүй байгаа шалтгаан юу вэ. Түүний нөхдийн намын даргаар тодруулсан М.Тулгат хүртэл эв нэгдлээ хангахаа мэдэгдсэн шүү дээ? 

-С.Эрдэнэ дарга 2020 оны сонгуульд намаа ялагдуулаад тамгаа хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш гэнэт гарч ирээд тамгаа аваад, Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвшин өрсөлдөж ялагдсан. “Тэр үед би Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүйн тулд энэ үйлдлийг хийж байгаа” гэж тайлбарласан. Дахиад сая нөхөн сонгууль болоход “Би намын даргаа хийх ёстой. Яагаад гэхээр Х.Баттулга нөхөн сонгуульд нэр дэвших гэж байна” гэдэг шалтгаан хэлсэн. Одоо түүний бүх шалтгаан дууссан байх ёстой. Тэр хоёр хүнд зөрчил байдаг л юм байгаа биз. Тэр зөрчлөө нам руу оруулж ирж болохгүй. Намын 200 мянган гишүүний эрх ашгийг хүндэтгэх ёстой. Одоо С.Эрдэнийн шалтгаан дууссан. Их хуралдаа хамтарч оролцоод явах зайлшгүй шаардлагатай бийг эрхбиш ойлгох байлгүй.

 -УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд даргаа огцруулах тухай мэдээлэл байна. Бүлгийн даргыг огцруулах шаардлага үүссэн юм уу? 

-Би Бүлгийн даргыг огцруулах ёстой гэж бодохгүй байна. АН дотор ямар ч зөрчилгүйгээр дотооддоо асуудлаа шийддэг бүтэц нь намын бүлэг байгаа, одоогоор. Тиймээс намын бүлэг аль болох эв нэгдлээ хангаад, урагшаа харж сөрөг хүчний байр сууриа сайн илэрхийлж, эрх баригчдын буруутай үйл ажиллагааг олон нийтэд хүргэх ажлыг хийх ёстой.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН