Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Эдийн засгийн ирэх оны өнгө төрхийг тодорхойлох улсын нэгдсэн төсвийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх үйл явц өрнөж байна. Засгийн газар 2022 онд хэдий хэмжээний бүтээн байгуулалт хийх, хэчнээн төгрөгийн зарлага гаргах, орлого олох, үүний нийгэм, эдийн засгийн үр ашиг ямар байх эсэхийг дүгнэж цэгнэх цаг аль хэдийнэ иржээ. Төсвөөр “амьсгалах”, УИХын чуулганы танхим дотор тоо, бас дахин тоо яригдах хоног хугацаа эхэлж байна. Татвар нэмэгдэх үү, цалин, тэтгэвэр яах вэ. Хүүхдийн мөнгө хэвээр үргэлжлэх үү, багш, эмч нараа төр засаг яаж дэмжих вэ. Настан буурлуудаа ч мартахгүй хэрхэн халамжлах вэ... Эдгээр асуулт хариулт нэхэн өндөлзөж байна. Сангийн сайд төсөв хэлэлцэх энэ өдрүүдэд хамгийн завгүй, хамгийн эрэлттэй хүний нэг болж хувирдаг. Тэгвэл мөнгөний бодлогыг зураглаж, зурж явсан эрхэм ямар төсөв УИХ-д өргөн мэдүүлэв. Сангийн сайд Б.Жавхлангийн “гэрийн даалгавар”-т эдийн засагчид ямар үнэлгээ өгснийг үүгээр хүргэж байна. Тааруухан төсвийн төсөл үү, “шүүсийг нь шахсан” төсөв Засгийн газар өргөн барьсан уу. Цар тахлын амаргүй үед нөхцөл байдлаа бодитой үнэлж чадсан уу гэх мэт эргэлзээ, хардлага үргэлжилсээр.

Төсвийн хөрөнгө оруулалтын зардал үлэмж нэмэгджээ. 2022 оны төсвийн төсөлд хөрөнгийн зардал 2021 оны тодотголтой харьцуулбал даруй 51 хувиар өссөн байна. Тодруулбал, 5.1 их наяд буюу ДНБ-ий 11 хувьтай тэнцэх хэмжээнд төлөвлөсөн нь цар тахлын өмнөх жил 2019 онтой харьцуулахад даруй 69 хувиар өссөн дүн. Хөрөнгө оруулалтын зардлын үзүүлэлт ирэх жил их бүтээн байгуулалт өрнөх дохио гэмээр. 

Манай улс сүүлийн 10 жилд хамгийн ихдээ л гурван их наядын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж байсан түүх байна. Энэ оны эхний найман сарын төсвийн мэдээгээр 1.2 их наядын хөрөнгө оруулалтын санхүүжилт хийж, гүйцэтгэл нь дөнгөж 36.2 хувьтай байна. Бодит байдлаа харахаар, төсвийн хөрөнгө оруулалтын зардал хэтэрхий данхайсан дүр зураг эндээс ажиглагдаж байгаа юм. 

Төсвийн төслийн талаарх эдийн засагчдын байр суурийг хүргэе.

 

 

Төсвийн агуулгыг сайжруулах, эргэж харах хэрэгцээ, шаардлага их байна

Ж.Дэлгэрсайхан /СЭЗИС-ийн багш, доктор/

-Төсвийн шинэчлэлийн хүрээнд тодорхой ахиц, дэвшил гарсан байна. Тэр тусмаа харагдах хэлбэр талаасаа өөрчлөлт, өөр өнгө төрх төсөлд тусгалаа олжээ. Гэхдээ агуулгын хувьд авч үзвэл сайжруулах, эргэж харах хэрэгцээ, шаардлага их байна. Төлөвлөлт дээр нарийн анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл хэт өөдрөг болжээ. Орлогын таамаг ч мөн адил. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн байсан. Энэ жилийн хувьд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл маш бага хувьтай яваа. Соёл, спортын бүтээн байгуулалттай холбоотой төслүүд их байна. Үүнийг илүү эрүүл мэндийн салбарт чиглүүлэх нь оновчтой болов уу.

 

Манай улсад хөрөнгө оруулалтын бодлого алдагдсан

Н.Энхбаяр /Стратеги судалгааны хүрээлэнгийн Эдийн засгийн судалгааны төвийн эдийн засагч/

-Дэлхий нийтийг хамарсан халдварт өвчинтэй тулгарсан энэ цаг үед макро эдийн засгийн судалгаа нь өмнөх уламжлалт аргаар хийгдсэн байна. Иймд нөхцөл байдалд зохицон төсөөллөө өөрөөр хийх шаардлагатай. Олон улсын байгууллагууд халдварын тархалтын тухай олон судалгаа хийж байна. Урсгал зардлыг багасгах талаар, төсвийн хүрээний мэдэгдэл, Дэд бүтэц, хөрөнгө оруулалт асуудал, улсын хөрөнгө оруулалтыг яаж хийдэг талаар Дэлхийн банк сургалт хүртэл хийлээ. 2021, 2022 оны хөрөнгө оруулалт дээр уг судалгааг эргэж харах хэрэгтэй. Монгол Улсад хөрөнгө оруулалтын бодлого байхгүй байна. Төсвийг өргөн барьж буй процесс нь давчуу хугацаанд хийгдэж байгаа учраас цаг хугацааны хувьд маш хангалтгүй байна, судлаач, шинжээчдийн саналыг авч тусгах нь чухал.

 

 

Төсвийн үр ашигтай байдлыг сайжруулах хэрэгтэй

Г.Батзориг /Эдийн засагч/

-Уул уурхайгаас орж ирж буй орлогоо бид зөв зарцуулж чадахгүй байна. Төсвийн үр ашгийг сайжруулах шаардлага үүссэн. Дэлхийн банкны төсвийн үр ашигтай байдлын тухай судалгаанд 160 гаруй улсаас 124 дүгээрт жагссан. Улсын бодлого төлөвлөгөөг институцийн бодлоготойгоо уялдуулах хэрэгтэй. Тэгвэл илүү оновчтой, үр дүнтэй төсөв болж чадна. Харамсалтай нь, энэ байдал өнөөдрийг хүртэл орхигдож ирлээ. Гадаад өрийг ДНБ-тэй харьцуулах бус үндэсний нийт орлоготой харьцуулах нь оновчтой. Төсөвт уул уурхайн экспортын гол түүхий эд зэс, нүүрс, алтны ханшийн төсөөллийг хэт өөдрөгөөр тусгасан байсан. Инфляц өсөх эрсдэл их байна. Үүнийг мөн тооцоолох ёстой.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН