Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
Сүүлийн өдрүүдэд PCR шинжилгээний эерэг тохиолдлын тоо зөвхөн нийслэлд биш орон нутагт ч буурч, дельта хувилбарын давлагаа дуусаж, халдварын тархац буурч байна. Дэлгэсэн орны тоо долоо хоногт 5000-аар багасаж байна. Нийт 640 мянган тохиолдол бүртгэгдэж, нас баралт 1826 байна.

Ерөнхий сайдын уриалгыг санаж байгаа бол энэ сараас эхлэн урлаг, спортын арга хэмжээнүүдийг нээсэн ба нэмэлт тунг хийсэн хүн үзэж болно, үгүй бол түргэвчилсэн шинжилгээг хийлгэсэн байх шаардлагатай болсон. Хүмүүс ч нэмэлт вакциндаа хамрагдаж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч ямарваа нэгэн арга хэмжээнд оролцох боломжтой учраас төрийн албан хаагчдаас бусад байгууллагууд нь шинэ жилийн баярыг цомхон хүрээнд тэмдэглэж болно. Хамгийн гол нь бид бүүстер буюу нэмэлт тунг 50 болон түүнээс дээш хувьдаа хүргэж ёстой бөгөөд тэгж байж дараагийн шатлал руу шилжиж орох ёстой.

Сангийн сайд Б.Жавхлан:
-Өнгөрсөн гурван хоногт боомтуудын нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Гашуунсухайт боомт болон Ганц мод боомтын хооронд чингэлэг тээвэр болон бөмбөлгийн тээврээр нүүрс тээвэрлэж гаргах журам хэрэгжиж эхэлснээр харьцангуй эмх цэгцтэй болжээ. Үүний үр дүнд сүүлийн 3-4 хоногт өдөрт 400-500, өнөөдөр 600 гаруй тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлт гарсан таатай мэдээ байна. Хятадын талтай хамтран тээврийн хэрэгслийн тоог шат дараатайгаар нэмэх боломж ч бий.

Замын-Үүдийн боомтын хувьд төмөр замын ачаа тээвэрлэлт хэвийн байгаа ч гагцхүү урдаас газраар бараа тээвэрлэх тээврийн хэрэгслийн  хөдөлгөөн зогссон. Харин нөгөө талаас тавьж байгаа шинэ нөхцөл шаардлагыг судалж үзсэн ба аль болох тээврийн хэрэгслүүд,  жолооч нарыг хооронд нь уулзуулахгүйгээр хилийн 0 цэг дээр чингэлэгтэй бараа бүтээгдэхүүний тавьж, манай талаас тавцантай тээврийн хэрэгслээр татан авах шинэ горимд шилжих арга дээр санал нэгдлээ. Эрээнд сүүлийн долоо хоног шинэ тохиолдол илрээгүй нь сайн хэрэг. Цаашид 14-21 хоног ажиглан дахин шинэ тохиолдол илрэхгүй бол бараа татан авалтыг хэвийн явуулахаар хоёр тал тохиролцсон.

Шивээхүрэн боомт дээр Гашуунсухайт дээрх шиг чингэлэг терминалийн бүтээн байгуулалт хийгдэж байгаа ба энэ нь улсаас төсөв гарахгүй, тэнд нүүрс олборлож буй есөн ААН-ийн төсвөөр хийж байна. Бүтээн байгуулалт 80 хувьтай байгаа ба ирэх сард дуусна. Энэхүү терминалаа Хятадын талд танилцуулж, хэрхэн ашиглах талаар харилцан хэлэлцээр хийж байна. Ашиглалтад ормогц чингэлгээр нүүрс зөөх экспортын үйл ажиллагаа явагдана.

2022 оны төсвийн онцлог нь түүхий эдийн экспортоо аль боломжит хувилбараар гаргана гэсэн ба бид энэ дагуу ажилдаа ханцуй шамлан орж боомтуудын нөхцөл байдалтай танилцлаа.