Энэ УИХ дахь сөрөг хүчний статустай Ардчилсан нам дотроо эвээ олохгүй байна. Бүлэг нь бүр ч дор. Сүүлдээ Ардчилсан нам байгаа эсэх дээр ч эргэлзээ төрөхөөр үйл явдлууд өрнөх болсон.

Тиймээс хэт олонхоор эрх барьж буй Ардын намд “үг” хэлчих улс төрийн хүчингүй болчихож байгаа юм. Сөрөг хүчин гэсэн үг л дээ. Үе үеийн УИХ-д сөрөг хүчин байдаг. Тэдгээр нь тухайн цаг үедээ үүргээ гүйцэтгэж ирсэн.

Угаасаа, хуулиараа, номоороо аливаа УИХ сөрөг хүчинтэй байх ёстой аж. Сөрөг хүчин гэж сөрөхийн нэр биш л гэцгээдэг. Гэхдээ сөрөг хүчин нь эрх баригчдын алдааг хэлж, оноог дэмжиж ажилладаг, сайн, эсвэл муу ажиллаж байгааг тодорхойлж байдаг “цаг уурч”-ийн үүрэгтэй гэхэд болно. Нэг үгээр хэлбэл, улс төрийн хяналтын үүргийг цөөнх гүйцэтгэдэг. Гэтэл Ардчилсан нам ийм царайтай байгаа учраас энэ УИХ сөрөг хүчний онгойсон том орон зайтайгаа жил гаруй болов.

Гэхдээ ганцаараа гишүүдэд бас л ийм орон зай байдаг. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам ерөнхийдөө сөрөг хүчний тооноос хасагдчихсан учраас ХҮН-ын Т.Доржханд гэж ганцаараа нэг гишүүн байдаг. Боловсролтой ч,  улстөржөөд явдаггүй. Овоо явмаар эхэлсэн ч “поп” нь хэтрээд зогссон. Саяхан даа, даатгалын хуулийн маргаан өрнөж, ашиг сонирхлын зөрчил нь үзэгдээд юу юу ч болов доо. Тэгэхээр энэ Т.Доржханд 2000 оны УИХ-д ганцаараа улс төр хийж, 70 гишүүнтэй Хувьсгалт нам /Ардын нам/ -ыг сөрж бужигнуулж явсан Л.Гүндалайгийн хаана  ч хүрэхгүй нөхөр болж таарсан. Ингээд Ардын намыг сөрөх хүчин дуусч байгаа юм.

 

Харин энэ УИХ-ын “дош” үзсэн гишүүд үгээ хэлэх ёстой юм байна. Үүнийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн жинтэй үгнүүдээс харж болно. Яахав, Н.Алтанхуяг өнөөдөр өөрөө эрх баригч биш. Гэвч эрх баригчдад хэрэг болохуйц олон “идеа” хэлдэг. Тэд түүний үгнээс авахыг аваад, хаяхыг хаяад явж болохоор юм байна лээ.

 

Ер нь бол Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байсан учраас харах өнцөг, ярих хүрээ нь ийм байдаг байх. Бас үгийн жин, зангараг ч гэж болно. Ерөнхий сайд гэж хэн бэ гэдгийг энд ярих нь илүүц. Монгол Улсын бүхий л хэргийг хамаарч, түүгээрээ дамжсан бүх төрлийн мэдээлэлтэй, бас мэдлэгтэй болчихсон улстөрч гэсэн үг. Н.Алтанхуягаас гадна энэ албан тушаалын хашиж явсан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат хоёр УИХ-д сууж л байна. Нам нь эрх барьж байгаа учраас хамаагүй ярьж болдоггүй бололтой юм.

 

Харин Н.Алтанхуяг бол дээр хэлсэнчлэн УИХ-аар хэлэлцэж байгаа сэдвүүд дээр байнга байр сууриа илэрхийлнэ дээ. Ер нь л ярина даа. Түүний хэлсэн үгийн олонх нь эрх баригчдын бодлого, үйл ажиллагааг шүүмжилдэг. Гэхдээ зөвлөгөө гэж ойлговол бас зөв байгаад байдаг юм.

 

Хар даа, Н.Алтанхуяг гишүүний зарим “үг”-ийг?

 

Тэрбээр “...Иргэдээ койн гэх луйвраас хамгаалсан хууль батлах үүрэгтэй шүү, гишүүдээ”, “...Үндсэн хуулийн заалтыг биелүүлмээр байна. Ерөнхий боловсрол үнэ төлбөргүй олгогдох ёстой. Гишүүдийн дийлэнх нь кембрижийн хөтөлбөр ярьдаг. Дипломатын хүүхэд дипломат, ажилчны хүүхэд ажилчин болдог ийм тогтолцоо руу явж байна”, “...Монголбанкны барилга, Тагнуулын ерөнхий газрын барилга хэдэн төгрөгөөр баригдсан тухай мэдээлэл авахаар албан бичиг өгсөн ч байгууллагын нууц гэсэн тэмдэг дарж байна. Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг яагаад нуух болов”, “...Хууль хүчингүй болсон тухай мэдээллийг ийм зузаан цаасан дээр хэвлэж өгч байна. Би сая хүнээс асуулаа, 500 ширхэгтэй боодол бичгийн цаас 11 000 төгрөг байдаг гэнэ. Надаар 2000 гаруй төгрөг устгуулж байна. УИХ-ын нэг гишүүн нэг хуулийн төсөл хэлэлцэхэд өдөр болгон 2000 төгрөг устгаад байвал юу болох вэ”, “...Төмөр замын асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгуулъя. Орос-Монголын төмөр зам гэж байсан, одоо хувийн төмөр зам болсон юм байна”,

“...Монгол Улсын иргэн мэдээлэл олж авдаг эрх, эрх чөлөөг нь хангаж өгье, хүний хувийн нууцад хэн ч халддаггүй, хамгаалдаг тэр хуулийг гаргаж өгөх хэрэгтэй”, “...Байгалийн баялгийг дээрэмдсэн, Улаанбаатарын газрыг зарж идсээр байгаа авилгачидтай тэмцээрэй”, “...Хууль зүйн өндөр мэргэжилтэй гээд гавьяат авсан хүмүүс нь хуулийн хулгай дээрэм хийж байна. АТГ, ШЕЗ, ШСХ-ны зарим гишүүний томилгоог нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг хийдэг болсон нь том дэвшил болсон. Гэхдээ шүүгч нарыг шүүдэг сахилгын хороо хэн нэгнээс хамааралтай байж болохгүй”, “...Улс дотроо улс байгуулж болохгүй. Хилийн цэрэг нь нэг атаманддаг, гаалийнхан нь нэг атаманддаг, тэгээд хахуулиа авцгаадаг. Мэргэжлийн хяналт нь хүндрүүлдэг. Ийм олон хүндрэлийг зохицуулах хууль хэрэгтэй”,

“...УИХ гишүүн бүрт дөрвөн тэрбум төгрөг төсөвт суулгасан гэж үнэн бол хасмаар байна. Гишүүд татгалзах хэрэгтэй”, “...Зэс зардаг байсан улс вино зардаг болчхоод байна”, “...УИХ гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 29.1-т заасан ТББ, бөхийн холбоо, морины холбооны дарга хийдгээ боль” гээд л ярина. Яг  ийм үгсийг өнөөдөр Н.Алтанхуяг л хэлж чадаж байгаа юм. Өөр олон том бодлого, жижиг асуудлыг тэр ярьж хэлдэг. Зүй нь Ерөнхий сайд асан эрхмүүд эдийн засаг, нийгмийн талаарх

 

Одоогийн Ерөнхий сайд ч энэ сарын эхээр өмнөх Ерөнхий сайд нараа цуглуулж уулзаад “Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл”-ийг байгуулсан. Ерөнхий сайд асан эрхмүүдийн санал бодол, мэдлэг чадвар улс орны өнөөгийн хүндрэлтэй нөхцөлд хэрэгтэй гэж тэр үзсэн бололтой. Тэгэхээр Ерөнхий сайд асан гишүүд “асуудал”-д Н.Алтанхуяг шиг хандах ёстой юм.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин