Монгол Улсын Их Хурлын Хуралдаан зохион байгуулах хэлтсээс 2021 оны намрын ээлжит чуулганы арваннэг, арванхоёрдугаар саруудын гишүүдийн ирцийн мэдээллийг танилцуулав. 

Арваннэгдүгээр сарын 4-25-ны хооронд нийт зургаан удаа чуулганы нэгдсэн хуралдаан болсон байна. Энэ хугацаанд Ц.Анандбазар, Ц.Даваасүрэн нарын гишүүд чуулганы хуралдаанд суугаагүй тоогоороо тэргүүлсэн байна. Тэд зургаан удаагийн хуралдааны тавд нь суугаагүй аж. Тэдний ирцэд ороогүй шалтгааныг тодруулбал, Ц.Анандбазар гишүүн дөрвөн удаа эмнэлгийн чөлөө мэдүүлж, нэг удаа тасалсан, Ц.Даваасүрэн гишүүн ч мөн адил дөрвөн удаа эмнэлгийн чөлөөтэй, нэг удаа гадаад томилолттой явжээ. 

Харин арваннэгдүгээр сарын хамгийн их хоцролттой гишүүдээр С.Батболд, Т.Доржханд, Ж.Мөнхбат, Д.Цогтбаатар нар тодорсон байна. Тэд зургаан удаагийн хуралдааны тавд нь хоцорч оролцсон аж. 

Арванхоёрдугаар сарын тухайд 2-30-ний өдрийн хооронд нийт 11 өдөр хуралджээ. Энэ хугацаанд Ш.Адьшаа 8, Д.Бат-Эрдэнэ 9, Ц.Туваан 8, Б.Энхбаяр 11 удаа чуулганы хуралдаанд оролцоогүй байна. Тэдэн дундаас Б.Энхбаяр гишүүн гадаад томилолт, чөлөө, таслалттайгаар арванхоёрдугаар сарын турш чуулганы хуралдаанд нэг ч оролцоогүй байна.  

Энэ сард Ц.Анандбазар, Ж.Эрдэнэбат нар 10 удаагийн хоцролтоор тэргүүлж байгаа бол тэдний араас Ж.Мөнхбат, Н.Учрал нарын гишүүд есөн хоцролтоор удаалжээ. 

Ё.Баатарбилэг гишүүнийг нэг ч хоцролт, таслалтгүй "онц" байсныг үнэлж УИХ-ын дарга шагнасан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаж байсан. Тэгвэл өнгөрсөн хоёр сарын хугацаанд Ё.Баатарбилэг гишүүнээс гадна Г.Амартүвшин, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Ц.Цэрэнпунцаг нарын гишүүд нэг ч чөлөө, хоцролт, таслалт, гадаад, дотоод томилолтгүйгээр чуулганы хуралдаанд идэвхтэй оролцжээ. 

Ташрамд сонирхуулахад, УИХ-ын parliament.mn сайтад гишүүдийн ирцийн мэдээг нийтэлсэн ч төд удалгүй устгасан байв. 

2021 оны намрын ээлжит чуулганы арваннэгдүгээр сарын ирцийн мэдээ 

2021 оны намрын ээлжит чуулганы арванхоёрдугаар сарын ирцийн мэдээ