УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганнибал УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн Хуулийн цэцэд өгч буй шалтгаанаа: " УИХ-ын дарга Г.Занданшатар яагаад Үндсэн хууль зөрчсөн бэ? гэдэг үндэслэлийг та бүхэнд хэлж өгье.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар нь Монгол УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ дахь АН-ын бүлгийн дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан АН-ын бүлгийн олонхийн шийдвэрийг дотоод маргаан мэтээр тайлбарлаж, хүлээн зөвшөөрөхгүй, холбогдох хууль, тогтоомжид заасан үйлдэл хийхээс татгалзаж буй нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

 

Энэ нь УИХ-ын даргын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-т хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэснийг зөрчсөн байна. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, олон нийтэд ийм ойлголт төрүүлж буй тул Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хуулийн цэцэд өгч байна. " гэж тайлбарлав.

 

Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ: " Шударгаар өрсөлдөөд, шударга ёс гэж юм байдаг бол АН өнөөдөр Монголын тэргүүн нам. Монголын нийгэмд шударга бус зүйл дэндсэн. 1990 оноос хойш бий болсон олон намын тогтолцоог устгах, ганцаараа дарангуйлах, Назарбаевын хойноос явах, Назарбаевын намыг бий болгох зохион байгуулалттай үйл ажиллагаа өнгөрсөн жилийн 12 сараас эхэлж явсан. МАН өнгөрсөн жилийн 12 -р сард БНСУ-ын "Korean pr and associates " гэдэг компанийг урьж, Монголын улс төр, нийгмийн байдалд дүн шинжилгээ хийлгэж, тэднээр зөвлөмж гаргуулсан байдаг.

 

Тэгэхээр өнгөрсөн жилийн 12 сараас эхлээд эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийг яаж авах вэ? цаашдаа улстөрд яах вэ? гэдгийг гадаадаас зөвлөмж, зөвлөгөө авч хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлэхдээ олон намын тогтолцоог устгах, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй байх, У.Хүрэлсүхийн нэр хүнд унаад байгаа учраас яаж энэ хүнийг Ерөнхийлөгч болгох вэ? гэдэг 3 асуудлаар зөвлөгөө өгсөн байдаг. Энэ бол тоглоом биш.

 

Эрх баригчид буруу тоглож байна. АН-ын асуудал гэдэг бол нэг намын тогтолцоо бий болгох гэж зохиосон жүжиг. Энэ бол бичигдсэн зохиолын дагуу тоглогдож байгаа жүжиг. Өнөөдрийг хүртэл жил гаруй хугацаанд АН-ыг хоёр хуваагдсан болгож харагдуулсан. Хоёр нам байгаа мэт, хоёр дарга байгаа мэт асуудалд цэг тавих хэрэгтэй. Энэ асуудал өнөөдрөөс эхлээд цэг тавигдах болов уу? " гэсэн юм.