Сансар огторгуй бол хязгааргүй орон зай. Энэхүү орон зайг судлахад олон орны эрдэмтэн, судлаачид хүч хөдөлмөрөө зарцуулж байгаа бөгөөд өдгөө тэдний хийсэн нээлтүүд, судалгааны үр дүнд гарсан ололт амжилтууд аль хэдийн бидний өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болсон байна.

Тэгвэл NASA (National Aeronautics and Space Administration) буюу АНУ-ын Үндэсний агаарын тээврийн болон сансарын захиргааны эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудын хийсэн нээлт, дэвшилтэт технологи, ололт амжилтуудыг байгаль орчин, хөдөө аж ахуй, компьютерийн технологи, аж үйлдвэрийн салбарт түлхүү хэрэглэж байгаа зарим нэг сонирхолтой жишээнээс Танд хүргэе.

Гэр ахуй

Царцааж хатаах технологи

Удаан хугацаагаар үргэлжлэх Аполлон нислэгийг төлөвлөхөд НАСА-гийн зүгээс сансарын хоол хүнсэнд өргөн хүрээтэй судалгаа хийх шаардлага гарсан юм. Уг судалгааны үр дүнд бий болсон арга хэрэгслүүдийн нэг нь Царцааж хатаах технологи бөгөөд энэхүү технологи нь улмаар бизнесийн салбарт нэвтэрч, голчлон хөнгөн зууш боловсруулахад түлхүү ашиглагдах болсон байна. Болгосон хоол хүнсийг богино хугацаанд хөлдөөж, дараа нь хөлдөлтийн явцад үүссэн мөсөн талстыг вакум орчинд аажмаар халааж арилгана.  Энэ үйл явцын дүнд үүссэн эцсийн бүтээгдэхүүн нь анхны жингийнхээ 20 хувьтай тэнцэх хэмжээтэй болсон байх ч шим тэжээлийнхээ 98 хувийг хэвээр хадгалан үлддэг юм. 

Байгаль орчин, хөдөө аж ахуй

Ус цэвэршүүлэх

НАСА-гийн инженерүүд Олон улсын сансарын станц дээр амьдарч байгаа сансарын нисэгчид болон ирээдүйд сарыг судлах зорилгоор сансарт нисэх эрдэмтдийн урт хугацаанд амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор төхөөрөмжүүдийн цогц тогтолцоог хөгжүүлэхээр мэргэжлийн компаниудтай хамтран ажиллаж байна. Туршилтын журмаар 2008 онд эхлэхээр төлөвлөгдсөн энэхүү цогц систем нь амьсгал, хөлс, шээс зэргээр бохирдсон усыг цэвэршүүлж, ундны ус гаргаж авах боломжийг бүрдүүлэх юм. Уг систем нь худалдаанд нэвтэрснээр дэлхий даяар тархсан, цэвэр усны хомсдолд орсон хүмүүст боломжийн үнээр цэвэр усны хэрэгцээгээ хангах боломжийг олгох аж.

Компьютерийн технологи

Хөргөж хадгалах тохиргоо бүхий интернэтэд холбогдсон шарах шүүгээ

НАСА-гийн  анхлан боловсруулсан Embedded Web Technology (EWT) хэмээх програм хангамжын тусламжтайгаар сансарын нисэгчид зөөврийн компьютероо ашиглан Олон улсын сансарын станцын хаанаас ч хамаагүй алсын удирдлагаар төхөөрөмжүүдээ удирдан хянах туршилтыг хийсэн юм. НАСА-гийн зүгээс уг технологийг хөгжүүлэх тал дээр TMIO компанид дэмжлэг үзүүлж, удирдамжаар ханган ажилласны үр дүнд зардал багатай, алсын удирдлага бүхий “Connectlo” хэмээх ухаалаг шарах шүүгээ бүтээгдсэн байна. Хөргөлт болон халаалт хослуулсан шийдэл бүхий Connectlo ханын шарах шүүгээ нь урьдчилан хийсэн тохиргооны дагуу хоол бэлтгэх үйл явц эхлэх хүртэл хүнсний бүтээгдэхүүнийг хөргүүрт хадгалдаг. Тус төхөөрөмжийн ухаалаг цэсэнд хэрэглэгч оройн хоолны цагийг оруулж болох бөгөөд шарах шүүгээ нь автоматаар хөргөлтийн горимоос хоол бэлтгэх горим руу шилжин, гэр бүлийн гишүүдийг гэртээ ирэх үед оройн хоол бэлэн болсон байх юм.

 

Аж үйлдвэрийн салбар

Хүнсний аюулгүй байдлын систем

НАСА-гийн зүгээс битүүмжилсэн сансарын хөлөг дотор, жингүйдлийн нөхцөлд сансарын нисгэгчийн хоол хүнсний асуудлыг хэрхэн шийдэх тал дээр олон асуудлуудтай тулгарч улмаар Pillsbury компаниас 2 үндсэн чиглэлийн дагуу тусламж авахаар тохиролцсон байна. Энэ нь сансарын хөлгийн уур амьсгал болон мэдрэмтгий эд ангиудыг гэмтээж болох хүнсний бүтээгдэхүүний үйрмэгийг арилгах мөн аюултай өвчин үүсгэгч бактери, хорт бодис тархахгүй байх нөхцлийг бүрдүүлэх гэсэн чиглэлүүд байлаа. Pillsbury нь НАСА-гийн хоёр дахь асуудлыг шийдвэрлэхийн тулд HACCP (Hazard Analysis and Critical Control Point) стандартыг боловсруулжээ. HACCP стандарт нь хүнсний аюулгүй байдалд асуудал үүссэн хойно нь арга хэмжээ авах бус, асуудал үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх зорилготой юм. Өнөөдөр АНУ-ын Хүнс ба эмийн асуудал хариуцсан захиргаа нь HACCP стандартыг далайн гаралтай бүтээгдэхүүн, жүүс, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйл явцад мөрдлөг болгож байна.