Т.АМАРАА

Улаанбаатар хот төдийгүй аймгийн төв, томоохон хот сууринд жил ирэх тусам агаарын бохирдол нь нэмэгдэх болсон. Нийслэл хотын хувьд агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, бодлого тогтоогчдоос дорвитой шийдэл хүлээж буй. Утаа, агаарын бохирдлыг бүрэн шийдэх урт хугацааны бодлого нь орон сууцжуулах явдал.

Иймд иргэдийг орон сууцжуулахын тулд 2013 оноос хойш ипотекийн хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд ипотекийн хөнгөлөлттэй зээлд 100 мянга гаруй иргэн хамрагдаж, тохилог сууцад орсон байна. Цаашид ч орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэдийн эрэлт хэрэгцээ өндөр байгаа юм. Иймээс Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд гурван их наядаар нь ипотекийн хөнгөлөлттэй зээл болон Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгоход зарцуулахаар өнгөрсөн онд шийдвэрлэж байв. Дээрх санхүүжилтийн хоёр их наяд төгрөгөөр нь ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг гурван жилийн хугацаанд санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.Дээрх хөтөлбөрөөс өнгөрсөн онд зургаан хувийн зээлд 700 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 300 тэрбум төгрөгийг зээл олголтод санхүүжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд нэг их наяд төгрөгийг ипотекийн зээлд зарцуулж, нэг үе санхүүжилт нь хүлээгдэж байсан зээлийн асуудлыг намжааж байв. Тэгвэл сүүлийн саруудад ипотекийн зээл олголт буурсан гэх мэдээлэл байна. Иймд холбогдох банк, санхүүгийн байгууллагаас тодруулга мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Ипотекийн зээл олголт арилжааны банкуудад ямар түвшинд байгааг тодрууллаа. ХААН банкны “Баянгол” салбар орон сууцны зургаан хувийн зээлийн материал хүлээн авч байгаа ч зээл шийдэгдэх хугацаа удаашралтай байна гэв. Зээлийн эдийн засагчийн тайлбарласнаар “Манай банк орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэдийн хүсэлтийг авч, дараалалд оруулж байна. Бүх салбар ийм байдлаар иргэдийн зээлийг шийдэж байгаа. Монголбанкнаас сар бүрийн санхүүжилтийг банк бүрд хуваарилдаг. Тухайн үед нь хүсэлт өгсөн иргэдийн зээлийг дарааллын дагуу шийдвэрлэдэг. Орон сууцны зээлд хамрагдах хүсэлт өгөөд хагас жил, түүнээс дээш хугацааны дараа зээл олгогдоно. Зээл хүссэн иргэдийн тоо буурахгүй байна. Монголбанкнаас санхүүжилт хязгаартай олгогддог учраас удаан хугацаанд хүлээх шаардлага үүсэж байгаа” гэв. “Ариг” банкны төв салбарын мэдээллийн ажилтнаас тодруулахад “Ипотекийн зээлийн хүсэлт авахгүй. Санхүүжилт байхгүй учраас зээл олгох боломжгүй байна” гэдэг мэдээллийг өгсөн юм. Мөн Худалдаа хөгжлийн банкны аль ч салбар зургаан хувийн зээлийн хүсэлт авахгүй байгаа аж.

 Худалдаа хөгжлийн банкны “Жуулчин” салбарын зээлийн эдийн засагчаас тодруулахад “Орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарсан харилцагч нарын зээлийг хэвийн олгож байна. Өмнө нь өгсөн харилцагчийн зээлийн материалуудыг судалж, зээлийг олгох учраас шинээр зээлийн хүсэлт авахгүй байна. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан учраас санхүүжилт нь хомстсон” гэдэг хариулт өглөө. Харин Төрийн банкны хувьд ипотекийн зээл хүссэн харилцагчийн хүсэлтийг хүлээн авч байгаа аж. Төрийн банкны төв салбарын харилцах ажилтнаас орон сууцны хөнгөлөлттэй зээл олголтын талаар тодруулахад “Ипотекийн зээлийн хүсэлт хүлээн авна. Монголбанкнаас тодорхой санхүүжилтийг олгож байгаа ч зээл хүссэн харилцагч бүрд шуурхай олгох санхүүжилт байхгүй. Учир нь хөнгөлттэй зээл хүссэн иргэдийн дараалал банканд үүссэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард харилцагчаас ирүүлсэн зээлийн хүсэлт одоо л хангагдаж байна. Ойролцоогоор хүсэлт өгснөөс хойш хоёр сарын дараагаас зээл нь судлагдаж байгаа” гэв. Төрийн банк өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг санхүүжүүлж буй эсэхэд хариулт өгөхөөс татгалзсан юм. Арилжааны банкууд ийнхүү санхүүжилт багассан учраас харилцагчийн дараалал үүсэж, шинээр материал хүлээн авахгүй байгаа талаар тайлбарлалаа. Харин ипотекийн зургаан хувийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож буй асуудлаар Монголбанкнаас тодруулсан юм.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяр

“Монголбанкны хувьд ипотекийн зээлийн санхүүжилтийг өнгөрсөн жилээс боломжит хэмжээгээр нэмэгдүүлэн ажиллаж байна. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө”-ний хүрээнд ипотекийн зээлд зориулж өнгөрсөн жил нийт нэг их наяд төгрөгийг 13300 орчим зээлдэгчид олгосон байна. Энэ нь өнгөрсөн долоон жилтэй харьцуулах юм бол хамгийн өндөр зээл гаргасан он болж байна. Арван их наядын төлөвлөгөөнд тусгаснаар санхүүжилтийг 2023 он хүртэл нэмэгдүүлнэ. Жилдээ 700 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгох ёстой. Өмнөх жилүүдийн адилаар арилжааны банк болон Монголбанкны эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгоод явахаар бэлтгэл ажлыг хангасан” гэдэг хариултыг өглөө.

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ХОЙШЛУУЛСНААР БАНК ӨӨРИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭР САНХҮҮЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ

УИХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 30- ны өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сарын хугацаагаар сунгасан.

 Хуулийн үйлчлэх хугацаатай уялдуулан төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран дахин зургаан сарын хугацаагаар буюу энэ оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ. Иймд өнгөрсөн онд гэхэд ипотекийн зээлтэй иргэдийн талаас илүү хувь нь зээлээ хойшлуулах хүсэлт гаргасан байна. Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяр “Зээлийг хойшлуулах энэ шийдвэр 2020 оны дөрөвдүгээр сараас дөрөв дэх удаагаа хэрэгжиж байна. 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 58200 зээлдэгч 3.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлээ хойшлуулсан байсан. Ипотекийн зээлтэй иргэд цахимаар зээлээ хойшлуулах хүсэлт өгснөөр хангагдаж байгаа. Эсвэл зээлээ төлөх хүсэлтэй харилцагч нь графикийн дагуу зээлээ төлөх боломжтой юм. Энэ нь тухайн зээлдэгчийн хувьд зээлээ хурдан хугацаанд төлөх, зээлийн дарамтыг бууруулах ач холбогдолтой” гэлээ. Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан дүгнэхэд, ипотекийн зээл олголт удааширсан нь хэд хэдэн шалтгаантай аж. 2020 оноос хойш ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулж ирсэн нь арилжааны банкууд эргэн төлөлтөөр хөнгөлөлттэй зээл гаргах санхүүжилтгүй болсон нь тодорхой юм. Монголбанкны өгсөн мэдээллээр нийт зээлдэгчийн ойролцоогоор 60 шахам хувь нь зээлээ хойшлуулаад байгаа аж. 

Иймээс ипотекийн зээлийн санхүүжилтэд банкны өөрийн эх үүсвэр гэдэг ойлголт бараг үгүй болжээ. Мөн зээлийн санхүүжилтийг Засгийн газраас хоёр дахин нэмэгдүүлж анхаарал хандуулж байгаа ч нөгөө талдаа зээл хүссэн иргэдийн эрэлт хэрэгцээ өндөр байна. Түүнчлэн ингэж ипотекийн зээлийн хүсэлтэд банкууд дарагдаж, урт дараалал үүсэх болсон шалтгаан нь 2021 оноос өмнө дорвитой санхүүжилт оруулалгүй явж ирсэнтэй холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байна. 

Өөрөөр хэлбэл, удаан хугацаанд санхүүжилт нь дутмаг явж ирсэн ипотекийн зээл сүүлийн нэг жилийн хугацаанд гайгүй сайн урагшилсан. Гэвч санхүүжилт нь эрэлтээ дийлэхгүй байгааг банкуудын зээлийн эдийн засагчдийн ширээнд овоорсон иргэдийн хүсэлтээс харж болохоор байна.

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН